Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Китуиатай уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн хөрөнгө оруулалтын форумд оролцогчдын анхаарал хэдэн чухал асуудалд төвлөрч байгааг дурдаад, дэлхийн дулаарал, экологийн асуудал, ажилгүйдэл, баялгийн тэгш бус хуваарилалт гэх мэт асуудал Монгол Улсад ч гэсэн анхаарал татсан сэдэв болж, тэнд арай өөр хүрээнд л ярилцаж байна хэмээн тодотголоо. Монгол Улс 2019 оны төсвөө хэлэлцэж байгаа энэ үед эдийн засгийг төрөлжүүлэхэд анхаарал хандуулж, мөн Монгол Улсад эдийн засаг, бизнесийн ямар боломж байгааг дэлхийн хөрөнгө оруулагчдад танилцуулахаар ирсэн талаараа ярилаа.
НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Китуи тээвэр, хөрөнгө оруулалт, худалдааг хөнгөвчлөх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх гэх мэт олон талт үйл ажиллагаа явуулж байгаа талаараа танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Китуид хандан Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд бүхий л талаар хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж далайд гарцгүй орнуудыг манлайлж ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрийн дагуу анх 1964 онд Женев хотноо байгуулагдсан бөгөөд Засгийн газар хоорондын статус бүхий НҮБ-ын байгууллага юм. Монгол Улс 1961 онд НҮБ-д элссэнээр 1964 онд НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын гишүүн болсон байна. Гишүүн болсноор энэхүү бага хурлаас худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр тусламж, дэмжлэг авах, техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрт хамрагдаж байгаа юм байна. Тухайлбал, тус байгууллагаас хэрэгжүүлж буй өрийн удирдлага, санхүүгийн шинжилгээний болон Гаалийн мэдээллийн системийг Сангийн яам, Монголбанк болон Гаалийн ерөнхий газарт суурилуулсан байна.
Мөн энэ онд байгуулсан Монгол Улс, БНХАУ, ОХУ хоорондын дамжин өнгөрөх тээврийн гурван талт хэлэлцээр байгуулах судалгаа болон хэлэлцээнд НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын зүгээс ихээхэн дэмжлэг үзүүлж ажиллаж байжээ.