УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2018.10.26/ ээлжит бусаар хуралдаж, бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нар цаг үеийн асуудалаар мэдээлэл хийлээ.
АН-ын бүлгээс Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгосон нэн хөнгөлөлттэй зээлийг ашиг сонирхлыг зөрчилтэй олгосон гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Тиймээс холбогдох албан тушаалтнуудад зохих арга хэмжээ авахыг УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нараас хүсч, шаардлага хүргүүлжээ.
Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат“ЖДҮ-ийг дэмжих сангийн хуваарилалт ямар ч шалгуургүйгээр эрх мэдэлтэйд нь олгох байдал хавтгайрсан. Үүний тод жишээ бол олон нийтэд цацагдаж байгаа мэдээлэл юм. Тиймээс нэн даруй таслан зогсоох шаардлага үүсээд байна. Ялангуяа ашиг сонирхлын зөрчил гарч байгаа ЖДҮ зорилгоосоо гажуудсан үйл ажиллагаа явуулсан гэдэг нь харагдаж байна. Хуулийн дагуу, арилжааны банкны шалгуурыг хангасан ЖДҮ-т зээл олгох байтал сайдын тушаалаар зээлүүдийг олгосон. МАН-ын нэр бүхий олон гишүүн энэ асуудалд холбогдож байгаа. МАН-ын нэг гишүүн дунджаар 950 сая төгрөгийн зээлийг авсан байна” гэсэн юм.
УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлсэн шаардлага бүрэн эхээр:
Шаардлага хүргүүлэх тухай
Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас иргэн, аж ахуйн нэгжид тав хүртэл жилийн хугацаатай 300 саяаас хоёр тэрбум хүртэлх төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэйгээр эхний хоёр жилд үндсэн зээлээс чөлөөлөх маш хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгодог.
Гэтэл уг зээлийг УИХ-ын гишүүд, таны тэргүүлж буй Засгийн газрын гишүүд, албан тушаалтан, эрх мэдэлтнүүд хувийн компаниуддаа авсан талаарх нотолгоо бүхий мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд дэлгэж байна. Тодруулбал,
-Зам тээвэр, хөгжлийн яамны сайд Я.Содбаатар нь өөрийн эзэмшлийн “Эпато анарваан” ХХК нь 1,2 тэрбум төгрөгийн зээл,
-Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг нь эхнэр Л.Отгонжаргалын “Тээвэр ачлал” ХХК нь 1,4 тэрбум төгрөгийн зээл,
-Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нь өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” ХХК-д 950 сая төгрөг,
-Улсын Их Хурлын гишүүн Г.Солтан өөрийн эзэмшлийн “Монгол Шаазан” ХХК-д 950 сая төгрөг,
Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаярын “Газар буудай” ХХК, Н.Учралын аавын “Хүннү” ХХК, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Нүүдэлчин агро фирм” ХХК, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын “Цэн стайл” ХХК тус тус Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авсан байна.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл нь иргэдээ дэмжих зорилготой ч УИХ-ын гишүүд, албан тушаалтнууд өөрсдийн эзэмшлийн болон хамаарал бүхий компаниудад эрх мэдлээ урвуулан ашиглаж зээл олгосон, зээл авсан үйлдэл нь хөнгөлөлтэй нөхцөлтэй зээл завшиж, мөнгө угаасан байж болзошгүй байна.
Нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэн хөнгөлэлттэй нөхцөл бүхий зээл олгож дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор Улсын Их Хурлаас 2016 онд 56.7 тэрбум төгрөг, 2017 онд 50.6 тэрбум төгрөг, 2018 онд 65 тэрбум төгрөгийг тус тус Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд улсын төсвөөс төсөвлөж өгч байсан. Гэтэл илтэд ашиг сонирхлыг зөрчилтэй эрх мэдэлтэнүүд албан тушаалаа урвуулан ашиглаж, зорилтод бүлэгтээ хүрч чадахгүй байгаагаас болж үр дүнтэй арга хэмжээ болж чадахгүй байсны уршигаар 2019 оны улсын төсөвт жижиг дунд үйлдвэрийг дэмжих санд суулгах төсвийг танаж багасгасан.
Монгол Улсын нэгдсэн төсөв хэлэлцэж байгаа энэ чухал цаг үед УИХ-ын нэр бүхий гишүүд, албан тушаалтны энэхүү үйлдэлийг шалган шийдвэрлэхгүйгээр улсын төсөв хэлэлцэх боломжгүй. Иймд та бүхэн энэ асуудалд яаралтай арга хэмжээ авч 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэгт хариу ирүүлэхийг шаардаж байна.
Дурдсан хугацаанд арга хэмжээ авч хариу ирүүлэхгүй бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.10 дахь хэсэгт заасан үндэслэл үүссэн тул Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг Улсын Их Хурлын чуулганы хуралдаан болон бусад байнгын хороодод оролцлохгүй болохыг анхааруулж байна.