МАН-ын дотоод хөдөлгөөн

Төрд ч намд ч их цэвэрлэгээ хийхээ амлаад байсан МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх ба түүний  нөхдийн төлөвлөгөө хэрэгжиж эхлэв бололтой.

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралдаж, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун, Ц.Сандуй нарыг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа.

Улаанбаатар хотын даргаар С.Мөнхчулууныг батламжлахаас татгалзсан шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх НИТХ-ын даргад хүргүүлсний дараа дээрх шийдвэр гарсан нь хотын фракцынхныг нам дарж авах төлөвлөгөөний нэг хэсэг мэт харагдаж болох ч үнэндээ бол ганц М.Энхболд гэдэг хүнийг УИХ-ын даргаас чөлөөлснөөр 60  тэрбумынханд хариуцлага тооцох амлалтад цэг хатгачихгүйг сануулсан хэрэг болж байна.

Учир нь МАН-ын нэр хүндийг  2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш шороотой тэгшилж буй 60 тэрбумыг босгох бичлэгт нэр холбогдсон хүний нэг нь НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй. Түүнд хариуцлага тооцох ёстойг намын нөхөд нь хэдэн жилийн турш шаардаж ирсэн ч Нийслэлийн МАН-ын даргаас чөлөөлснөөр түр аргацааж ирсэн.

Төрийн албыг наймаалцана гэдэг бол төрийн эрхийг булаах гэсэн ёс зүйгүй үйлдлийн нэг хэлбэр. Харамсалтай нь, энэ төлөвлөгөөг нь мэдэх гэрч бичлэгийг дэлгэж тавиад байхад Авлигатай тэмцэх газар өөх ч биш булчирхай ч биш хариулт өгч аргацааж ирснээрээ нэг талдаа 60 тэрбум ба түүний талынхныг хамгаалсан ч гэлээ нөгөө талдаа МАН-ыг ёс зүйгүй улс төрийн хүчин болгон хувиргасан билээ.

С.Мөнхчулууны хувьд 60 тэрбумын схем боловсруулахад оролцоогүй ч намын Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй хотын даргад өрсөлдсөнөөр дүрмийнхээ эсрэг явсанд нь хариуцлага тооцож байна.

Хэдийгээр эцэг, эхийнх нь гэмийг хүүхэд нь үүрэх ёсгүй гэдэг ч ёс зүй төлөвшсөн оронд бол хүүхэд нь алдаа гаргасан бол төрийн өндөр албан тушаалтан нь уучлал гуйгаад хариуцлага хүлээдэг жишигтэй. Тэр бүү хэл хувийн хэвшилд нь ч энэхүү жишиг тогтсон.

Харин Монголд төрсөн дүү нь олон нийтийн газар танхайрч, хар тамхи, мөрийтэй тоглоомтой нэр холбогдсон байхад ч ичдэггүй. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэлсэнчлэн албан тушаалын нүх гарангуут л зүтгэдэг. Ийм л нэг дүрэмгүй увайгүй улс төрийн тоглолт МАН-д эцэс болж буйг харуулах нэг шийдвэр нь С.Мөнхчулууныг мөн намаасаа явуулах шийдвэр гаргасны нэг илрэл болов уу.

Улс төрийн нам хэн нэгний албан тушаалд хүрэх гишгүүр болсны тод томруун жишээ бол яах аргагүй 60 тэрбумын гэх дуулиан, дээр нь МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн эсрэг тоглолт хийсэн С.Мөнхчулуун нарын үйлдэл юм.

Нам бол нэг хүний хувийн тоглолт бус багийн тоглолт байдаг. Энэ агуулгаар нь бодсон ч албан тушаалын төлөө эрээ цээргүй зүтгэсэн, ёс зүйгүй хандсан хүмүүстээ хариуцлага тооцох шийдвэр гаргаснаараа МАН –д дахиад ийм увайгүй үйлдэл гарах ёсгүй юм.

С.Зориг агсны нэгдүгээрт улсынхаа эрх ашгийг, хоёрт нь намынхаа, гуравт нь бүлэг, фракцын, дөрөвт нь хувийнхаа эрх ашгийг бод гэсэн эрэмбэ алдагдчихаад байгаагийн уршгаар хариуцлагагүй үйлдэл хавтгайрсан. Харин энэ бүхнийг эрэмбэ дараад нь оруулъя гэвэл хариуцлага тооцохоос аргагүй.

Ардчилсан нийгэмд шилжсэн 30-аад жилийн түүхийг эргэн сөхвөл МАН-д гишүүнээ хөөсөн тохиолдол гараагүй байж болох ч сонгогчдын итгэлийг алдсан хүндээ хариуцлага тооцдог болох нь өнөөгийн бохирдсон төр, намыг цэвэрлэх хамгийн зөв хувилбар юм.

МАН-ын их цэвэрлэгээ цаашдаа хэнийг онилох бол…

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …