“Одоо л бид багцалсан сум шиг нэгдэхгүй бол хожим хойно цусаар уйлсан ч багадна ” хэмээн сануулах бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн “UB FILM” студийн “2000” түүхэн уран сайхны кино /2019.03.01/ нээлтээ хийлээ. Тус кинонд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан хийлч Ч.Дэлгэрцэцэг тогложээ.
Хийлч Ч.Дэлгэрцэцэгийн хувьд дэлгэцийн анхны уран бүтээл бөгөөд тэрбээр “2000” түүхэн кинонд Манж амбаныг өөртөө дурлуулсан Нарангуа хатны дүрийг бүтээжээ.
Дэлгэцийн уран бүтээлд анх удаа хүч сорьсон хийлч Ч.Дэлгэрцэцэг“Анхны дэлгэцийн минь уран бүтээл олны хүртээл боллоо. Миний хувьд туйлын баяртай байнa.
Нарангуа хатан Манжийн дарлалын үед Монголчуудын дунд хамгийн анх л Хүрээ соёлыг түгээж Манж амбаныг өөртөө дурлуулж, хайрлуулж амьдарч чадсан түүхэн бодит дүр билээ. Өөрөөсөө үр төрүүлж чадаагүй эмэгтэй хүний зовлонг тээсэн мэдрэмжийг гаргах нь миний хувьд хамгийн том даалгавар байсан. Залуу насаа дэлгэцнээ мөнхлөх сайхан боломж байлаа. Кино урлаг бол урлаг урлагийн дээд нь юм байна гэдгийг өөрийн биеэр мэдэрлээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.