Жингээ эрүүл мэнддээ аюулгүйгээр хурдан хасах арван зөвлөгөө

Жингээ амжилттай хассан хүмүүсийн баримталдаг шилдэг 10 стратегийг та бүхэнд толилуулья. Үүнд:

1. Тэд өөрийгөө сайтар таньж мэддэг

Амжилт гаргах нэг түлхүүр нь сэтгэл санаа хямарсан үедээ идэх, эсвэл өлссөндөө бус харин сурсан зангаараа тавгаа хоослох гэх мэт өндөр эрсдэлтэй нөхцөл байдлыг зохицуулж сурах явдал юм. Жингээ амжилттай хассан хүмүүс дасан зохицох чадвар сайтайн зэрэгцээ аливаа зүйлийг урьдчилан төлөвлөж сурсан байдаг. Тэд ямар нөхцөл байдал асуудал үүсгэж болохыг мэддэг бөгөөд тухайн асуудлыг зохицуулах хамгаалалтын төлөвлөгөөтэй байдаг.

2. Тэд дасгал сайн хийдэг

Жин хянах үндэсний хэмжээний бүртгэл судалгаанд хамрагдсан хүмүүс дасгал хөдөлгөөн хийх замаар долоо хоногт дунджаар 2000 ккал илчлэг хайлуулдаг. Энэ бол их тоо. Тэд дунд буюу өндөр эрчимтэй 60-90 минутын дасгалыг өдөр тутам хийдэг. Хамгийн түгээмэл дасгал нь явган алхах бөгөөд тэд өдөрт 8-9 км алхдаг.

3. Тэд зорилго тавьж, зан байдлаа хянадаг

Зорилго хангагдаж байгаа эсэхийг хянах боломжтой тул алхах хугацаа, хэрэглэх илчлэгийн хэмжээ, гэдэсний таталт хийх тоо гэх мэт хэмжиж болохуйц зорилго тавих нь тус болдог. Жингээ амжилттай хасч чадсан хүмүүс хэдий хэмжээний дасгал хийж байгаагаа тэмдэглэдэг бөгөөд хэрэглэсэн хоол хүнснийхээ талаар бүртгэл хөтөлдөг. Заримдаа хооллолтын урьдчилсан хуваарь гаргадаг. Өөрийгөө хянах ийм стратеги чухал бөгөөд энэ нь тухайн хүний зан төлөвийн өөрчлөлтийн талаар асар их хэрэгцээтэй мэдээллийг хангаж өгдөг.

4. Тэдний идэх хоол болон хооллох цаг тогтмол хуваарийн дагуу байдаг

Замбараагүй хооллох зуршлаасаа болж олон хүн асуудалд ордог. Тогтмол цагийн хуваарийн дагуу хооллож, зөвхөн өлссөн үедээ хөнгөн хооллох нь амжилтанд хүрэх үндэс гэж тэд ярьж байна. Хоол сойх нь ихэвчлэн сөрөг үр дагаварт хүргэдэг бөгөөд тогтсон цагт хооллосноор та удаан хугацаагаар хоолгүй явахаас зайлсхийж чадна. Удаан хугацаагаар хоолгүй явсан хүн хэт олон удаа хөнгөн юм идэх буюу эсвэл хоолны үеэр илүү их иддэг.

5. Тэд өөх тос багатай, шим тэжээлээр баялаг хоол иддэг

Үүнд гайхах зүйлгүй ч хангалттай хэмжээний уураг, жимс, хүнсний ногоо, бүхэл үр бүхий чанартай хоол хүнийг цатгалан болгодог. Жимс, хүнсний ногоо, бүхэл үр нь овор хэмжээ ихтэй, өег боловч харьцангуй илчлэг багатай. Уураг нь маш өег бөгөөд хоолноос хоолны хооронд өлсгөдөггүй тул хангалттай хэмжээний уураг хэрэглэх нь чухал.

6. Тэд хоолныхоо хэмжээг хянадаг

‘Гэдсээ дүүртэл’ бус харин ‘өлсөхөө болих’ хүртэл идэхийн тулд ямар хэмжээний хоол идэх хэрэгтэйг мэдсэнээр идэж буй хоолныхоо хэмжээг сайтар хасаж болно. Хоолны хэмжээг ийнхүү хянах стратегид жижгэвтэр таваг хэрэглэх, гал тогоонд хоолоо таваглах (хоолны ширээн дээр бус), уургийн коктейль, батончик, хөлдөөсөн хоол гэх мэт хоол орлуулах бүтээгдэхүүн ашиглах зэрэг аргууд орно.

7. Тэд сэтгэл санааны хямралын менежментийг хэрэглэдэг

Сэтгэл хямарсан үед бид хоол хүнсийг тайвшрах хэрэгсэл болгон ашигладаг. Гэхдээ ингэж идсэнийхээ дараа бид гэмшдэг. Ингэснээр сэтгэл санаа улам хямарч, энэ бүх үйл явц давтагддаг. Жингээ амжилттай хассан хүмүүс сэтгэл санааны хямралыг туулах өөр арга зам олж сурсан байна. Тэд хямарсан үедээ дасгал хийх, найзтайгаа утсаар ярих, бясалгал хийх, гүнзгий амьсгал авах гэх мэт аргуудыг хэрэглэдэг байна.

8. Тэд хандлагаа өөрчилдөг

Жингээ амжилттай хасч чадсан олон хүн хооллолт болон жин хасалтын талаарх бодол сэтгэлгээгээ өөрчлөх шаардлагатай болсон хэмээн ярьсан юм. Зарим хүмүүс өөрийгөө ‘удмын’ тарган гэж боддог байсан бол нөгөө нэг хэсэг нь өмнөх бүтэлгүй оролдлогуудаасаа болоод өөрийгөө хэзээ ч жингээ хасаж чадахгүй гэж боддог байжээ. Эцэст нь тэд асуудалтай шууд нүүр тулж, олон жижиг алхмыг хэрэгжүүлэн, эрүүл амьдралын хэв маягийг тууштай баримталснаар жингээ амжилттай хасч, тогтоон барьж болдгийг ойлгосон байна.

9. Тэд төлөвлөгөө гаргаж, түүнийгээ тууштай хэрэгжүүлсэн

Хооллох болон дасгал хийх тогтсон заншил нэгэнт бий болсон бол түүнийгээ гэрт гадаагүй хэрэгжүүл. Жингээ хасаж, хассан жингээ амжилттай тогтоон барьж чадсан хүмүүс амралт баяр ёслолын үеэр болон гадуур ресторанд хооллох үедээ ч тогтсон заншлаа эвддэггүй. Гэртээ хоолоо хийх замаар идэж буй хоол хүнсэндээ илүү сайн хяналт тавих нь дээр гэж үзсэн учраас олон хүн гадуур хооллохоо багасгасан байна.

10. Тэд орчноо хянаж сурсан

Жингээ амжилттай хасч чадсан хүмүүс өөрт нь асуудал үүсгэж болох аливаа нөхцөл байдлыг хяналтандаа авч сурсан байна. Гэрт, ресторанд болон ажил дээр хөргөгч, хоолны шүүгээнд байгаа хоол хүнс нь бүгд хянаж болох орчин юм. Хоол хүнсний орчинг хянахын тулд гэртээ ‘аюулгүй’ хоол хадгал. Өөрийн хүсч буй эрүүл хоолтой рестораныг сонгож зорин оч. Ажил дээрээ тохиромжтой хоол хүнс авчирч тавь. Дэлгүүр явахаасаа өмнө эхлээд худалдан авах зүйлсийнхээ жагсаалтыг гарга.

 

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …