Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.03.21) нэгдсэн хуралдаанаар татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр товлосон. Харин Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хороо хийж, хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлт болон зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр тогтсон. Гэвч өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс болон Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс хуулийн төсөлтэй холбогдуулж зарим саналууд ирүүлсэн. Тиймээс ажлын хэсэг хуралдаад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх нөхцөл байдал үүссэн гэж үзсэн тул чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх горимын санал гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм.
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.03.21) нэгдсэн хуралдаанаар татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр товлосон. Харин Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хороо хийж, хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлт болон зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр тогтсон. Гэвч өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс болон Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс хуулийн төсөлтэй холбогдуулж зарим саналууд ирүүлсэн. Тиймээс ажлын хэсэг хуралдаад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх нөхцөл байдал үүссэн гэж үзсэн тул чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх горимын санал гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм.
Гишүүний гаргасан горимын санал дэмжигдсэн учраас хуралдаан даргалагч нэгдсэн хуралдааныг түр завсарлуулж, Төсвийн байнгын хороог хуралдуулж татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр болсон юм. Ингээд Төсвийн байнгын хороо хуралдаж, шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналууд болон Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэсэн байна.
Тиймээс чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 12 цаг 32 минутаас үргэлжилж, Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг эхэлсэн юм. Горимын саналын дагуу Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Ажлын хэсгийн ахлагч уг хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар өглөө чуулганы нэгдсэн хуралдааны танилцуулсан Байнгын хорооны санал, дүгнэлтдээ, ажлын хэсэг болон гишүүдээс Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй 65 саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулж шийдвэрлэсэн. Тухайлбал, төслийн 7 дугаар зүйлд 7.2, 7.3 дахь буюу Монгол Улсын татварын 29 төрлийг нарийвчлан заасан хэсэг, түүнчлэн 8 дугаар зүйл буюу татварын хувь, хэмжээг тодорхой тогтоосон хэсэг, татварын хууль тогтоомж хэрэгжүүлэх зөвлөмжийг агуулсан 80 дугаар зүйл нэмэхийг Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн гээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн шатанд Байнгын хороо, Ажлын хэсгийн баримталсан зарчим, байр суурийг тодотгосон юм.
Харин шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийх явцад Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, З.Нарантуяа нараас гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэмж санал хураалт явуулжээ. Тухайлбал, хуулийн төслийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2, 70.4, 70.8 дахь хэсгийг хасаж, мөн зүйлд дор дурдсан агуулгатай “Татвар төлөгч өөрийн ногдуулсан татвараа хуульд заасан хугацаанд төлөөгүйн улмаас татварын өр, хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй нөхөн ногдуулалтын актын өр, эсхүл нөхөн ногдуулалтын актад гаргасан гомдлын дагуу төлөхөөр Маргаан таслах зөвлөлөөр болон шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн татварын өрийг татварын алба битүүмжилсэн хөрөнгө, энэ хуулийн 52.6, 52.7, 52.8-д заасан барьцааны зүйлээс Иргэний хуулийн холбогдох заалт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаа зохион байгуулж, эсхүлд мөн хуульд заасан журмын дагуу шууд гэрээгээр мөнгөн хэлбэрт шилжүүлнэ” гэсэн агуулгатай 70.2 дахь хэсгийгнэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжжээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн нар О.Баасанхүү, Ж.Ганбаатар, Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж, Б.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Ц.Гарамжав, Д.Хаянхярваа нар татварын багц хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд Сангийн сайд болон Байнгын хорооны дарга, Ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авч, хуулийн төсөлтэй холбоотой зарим саналаа хэлсэн юм.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн гол зарчим, үндсэн зорилт нь хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, татварын тайлан, бүртгэлийн ажиллагааг хөнгөвчилж таатай орчин бүрдүүлэхэд чиглэж байгаа. Энэ үүднээс жилдээ 50 сая хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг татвараас чөлөөлж, татварын тайлангаа жилд нэг удаа гаргадаг байх, харин 50 саяас 300 сая хүртэлх төгрөгийн орлоготой бол нэг хувийн татвар төлж, жилд хоёр удаа тайлан гаргах, 300 саяас 1 тэрбум 500 сая төгрөгийн борлуулалтын орлого олдог бол ашгийн 10 хувийн татвар төлж, түүнийхээ 90 хувийг буцааж авдаг тогтолцоог бүрдүүлэх юм гэдгийг тодотголоо. Мөн хууль батлагдсанаар татварын байгууллага нь бизнес эрхлэгчид, аж ахуй нэгж, татвар төлөгч иргэддээ үйлчилдэг, торгож дарамтлахдаа биш алдаа мадгийг нь засаж залруулах, зааж зөвлөдөг байх чиглэлд илүүтэй анхаардаг болно. Энэ чиглэлээр татварын багц хуулийг хэрэгжүүлэх 40 гаруй журам, зааврыг боловсруулан баталж мөрдүүлнэ гэлээ.
Түүнчлэн татвартай холбоотой асуудлыг зөвхөн Төсвийн байнгын хороогоор хэлэлцэхээр хязгаарлахгүйгээр Эдийн засгийн байнгын хороогоор давхар ярьдаг байх чиглэлээр гишүүдээс гаргасан саналтай санал нэг байна. Иймээс дэгийн хуульд энэ чиглэлийн холбогдох зохицуулалтыг хийх шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ. Гишүүдийн энэ саналтай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын чуулганы хуралдаан дээр асуудлыг олон талаас нь харж, зөв, оновчтой шийдэл олох үүднээс чуулганы танхим нь мэтгэлцээний талбар байх чиглэлээр чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг судалж, санал боловсруулах ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар ахлан ажиллаж байгаа. Иймээс гишүүд дэгийн хуультай холбогдсон саналаа ажлын хэсэгт өгөх нь зүйтэй гэдгийг сануулсан юм.
Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлав.
Байнгын хороо хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэсэн байна. Тухайлбал, хуулийн төслийн 5 дугаар зүйлийг “татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд зайлшгүй байх, тодорхой байх, шударга байх, үр ашигтай байх гэсэн үндсэн зарчмыг баримтлах”-аар өөрчлөн найруулах, төслийн 7 дугаар зүйлд Монгол Улсын татвар нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, онцгой албан татвар, хувь хүний орлогын албан татвар, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр гэх зэрэг нийт 29 төрөл байх агуулгатай хэсгийг нэмэхээр тусгажээ. Мөн хуулийн төслийн 18 дугаар зүйлд 18.5 дахь хэсэг буюу “Энэ хуулийн 18.3-д заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн болон хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэж нэмэх, төслийн 25 дугаар зүйлд “Татварын алба бүртгэх эрх бүхий байгууллагын мэдээллийг үндэслэн шинээр байгуулагдсан, бүртгэгдсэн этгээдийг бүртгэн, татвар төлөгчийн дугаар, гэрчилгээг олгож хувийн хэргийг үүсгэнэ” гэж, мөн зүйлийн 25.10 хэсгийг “Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгч Монгол Улсын иргэн нь гадаад улсад байгуулсан хуулийн этгээдийн нэр, хаягийг тухайн татварын жилд багтаан татварын албанд мэдэгдэх үүрэгтэй” гэж тус тус өөрчлөн найруулахаар тогтжээ.
Түүнчлэн төслийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийн “2019 оны 01 дүгээр сары 01” гэснийг “2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс” гэж, төслийн 26 дугаар зүйлийн 26.1.1 дэх заалтыг “татвар төлөгчийн эцэг, эх, ах, эгч, дүү, хүүхэд, өвөг эцэг, эмэг эх, ач зээ, хамтран амьдрагч эхнэр нөхөр болон, хамтран амьдрагчийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү” гэж өөрчлөн найруулах саналыг гишүүдийн олонх нь дэмжсэн байна.
Мөн Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дампуурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн зарим хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг есөн хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжжээ.
Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хурааж шийвэрлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэлдээлэв.