УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Зэвсэгт хүчний Жанжин штаб /ЗХЖШ/-ын даргаар хошууч генерал А.Ганбатыг томилох асуудлыг оруулж ирснийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.6 хувийн саналаар дэмжлээ.
Хошууч генерал А.Ганбат нь Ардын армийн 019 дүгээр ангид сургуулийн салаан захирагч, БХЯ-ны долдугаар хэлтэс, ЗХЖШ-ын нэгдүгээр газарт офицер, Ардын цэргийн 126 дугаар нэгтгэлийн штабын даргын нэгдүгээр орлогч, оперативын тасгийн дарга, Зэвсэгт хүчний 131 дүгээр ангийн штабын дарга, захирагчийн нэгдүгээр орлогч, ЗХЕШ-ын Хэмжил зүй, техник хяналтын албанд улсын байцаагч, хэмжил зүйч, БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, ЗХЕШ-ын Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, хэлтсийн дарга, ЗХЖШ-ын сургалт, зохион байгуулалт эрхэлсэн орлогч дарга, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, ЗХЖШ-ын тэргүүн дэд дарга, Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, Улаанбаатар Цэргийн хүрээний даргаар тус тус ажилласан ба 2005 онд хошууч генерал цол хүртжээ.
ЗХЖШ-ын даргаар хошууч генерал А.Ганбатыг томилох асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүдийн зүгээс байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:Цаг үеийн чухал үед ЗХЖШ-ын даргыг томилох асуудал орж ирж байна. Ялангуяа удирдах албан тушаалд очиж байгаа хүн тэндээ өөрийн гэсэн хийж бүтээсэн, бодитой ажил, үйл хэрэг үлдээх ёстой гэж би боддог. Үүний төлөө бие, сэтгэл чилээж ажиллах ёстой.