Монголд анх 1920 онд Улаан Гэлэн гэгч хүн чийчаан оруулж ирсэн гэдэг.
Тэрбээр уг чийчаанаа Ардын намынхны дотно нөхөр Цэцэг Шагдарт зарснаар авто машины наймааны түүх эхэлжээ. Цэцэг Шагдар гэгч нь тухайн үед Нийслэл хүрээнд хоёр гуанзтай, под хийсэн баян эр байж. Сүүлд нь 1921 онд Судар бичгийн хүрээлэнгийн орос мэргэжилтэн Д.Эндрюс гэдэг хүн төр шашны тэргүүн Богд гэгээнтэн Жавзандамба хутагтад уг машиныг бэлэглэсэн байдаг.
Социалист нийгмийн үед авто машин худалдан авахыг хүссэн хүн Улсын их дэлгүүрийг зорьдог байжээ. Тухайн үед Зөвлөлтийн үйлдвэрийн Волга, Лада, Москвич, УАЗ зэрэг төмөр хүлгээр гангардаг байв.
Харин өнөөдрийн байдлаар япон, солонгос авто машин манай улсын зах зээлийн дийлэнх хувийг эзэлж байна.
Үүнээс гадна авто машины худалдааны 65 хувийг “Да хүрээ” зах дангаараа эзэлдэг аж. Тиймээс бид энэ удаагийнхаа сурвалжилгыг тус захаас бэлтгэсэн юм.
Монголчууд Япон, Солонгост үйлдвэрлэгдээд 8-10 жил болоод орж ирсэн машиныг шинэ хэмээн авч хэрэглэдэг. Олон юманд сайнтай муутай гэгчээр заримд нь эдэлгээ удаан даах сайн машин таардаг ч нэг хоёрхон сар яваад мотор нь дуу орох, амортизатор, агрегат засварт орох тохиолдол ч их байдаг.
Дээрээс нь бидний нэрлэдгээр “ченж” гэгддэг авто машины худалдаа эрхлэгчид оруулж ирсэн машиныхаа дугуй, толь гээд өнгөтэй өөдтэйг нь авч, авто сэлбэгээр үнэд хүргэж зарах, оронд нь хуучин муу эд анги тавих нь ч энүүхэнд.
Иймээс машин худалдан авах гэж буй иргэд ганцаараа явах нь ховор. Авто машин сайн мэддэг 1-2 хүн дагуулж явдаг.
Авто машины бодит үнэд хөөсрөл үүссэн үү
Биднийг очих үеэр шинээр орж ирсэн авто машинаас худалдан авах иргэд цөөхөн харагдаж байв. Зарахаар эгнүүлж тавьсан машинуудыг ченжүүдэд тусалдаг бололтой залуучууд гадна доторгүй угааж, дөрвөн дугуйг нь өнгөлж байгаа харагдсан. Тэднээс авто машины үнийг асуухад “Тэд гэсэн байх аа…
Нарийн юмнуудыг нь тэнд байгаа хүнээс асуу” хэмээн хөзөр тоглож байгаа хэсэг хүмүүс рүү заах аж. Өөрөөр хэлбэл авто машин оруулж ирж зардаг эзэд энд тэнд бөөгнөрч хөзөр тоглох, аль эсвэл хэн нэгнийхээ машинд сууж буу халах зэргээр өдрийг өнгөрөөдөг бололтой.
Хүзүүндээ хуруу зузаан монет, мөнгөн гинж зүүсэн тэднээс машины үнэ ханш, хил гаалийн зовлон жаргалаа ярилцаач хэмээн учирлахад ярилцлага өгөх хүн олдохгүй, ихэд болгоомжилж зугтааж байсан юм. Эндээс харахад тэд авто машиныхаа үнийг хууль бусаар нэмдэг байх нь гэх хардлага төрснийг нуух юун.
Сүүлийн үед хамгийн эрэлттэй авто машинаар “Тоёота Приус”, “Спасио”, “Ист”, “Королла” гэх мэт бензин бага хэрэглэдэг, өнгө үзэмж сайтай машинууд тодроод байгаа. Өнгөрсөн сарынхтай харьцуулахад авто машины үнэ дунджаар нэг сая, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3-5 сая төгрөгөөр өссөн байлаа. Наадмын дараа ам.долларын ханш өссөн нь үүнд нөлөөлсөн хэмээн ченжүүд тайлбарлав.
“Бид авто машинаа оруулж ирэхдээ ам.доллараар тооцоогоо хийдэг. Гааль дээр бас л ам.доллараар татвараа төлдөг. Японоос авч буй үнийг гааль жишиг үнээр тооцохоо больсон.
Өөрөөр хэлбэл Японоос авсан үнийн 15.5 хувийн татвар авдаг байсан. Гэтэл одоо ямар ч үнээр авсан бай хамаагүй, зах зээлийн үнэлгээний 15.5 хувиар татвар авдаг болсон. Тэгэхээр 800 мянган төгрөгийн татвар төлдөг байсан машинд нэг сая гаруй төгрөг төлж байгаа” хэмээн тэд хэлж байлаа.
Уг нь манай улс дотоод зах зээл дээр гадаад валютаар тооцоо хийхгүй гэсэн хуультай. Гэсэн ч контейнерийн зардал, гаалийн Онцгой албан татварыг ам.доллараар авч байгаа нь авто машины үнэд 300-600 мянган төгрөгөөр нэмэгдэхэд нөлөөлдөг аж. Гэвч ченжүүд чоно борооноор гэгчээр энэ асуудлаар далимдуулан авто машиныхаа үнийг дэндүү их нэмсэн байна гэж худалдан авагчид шогширч байлаа. Өөрөөр хэлбэл өнөөдрийн манай зах зээлд нийлүүлэгдэж буй импортын хуучин машины үнэ бодит үнэ мөн үү, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар авто машины худалдаа эрхлэгчид гаалийн татвар, ачааны хөлсөө оруулаад авсан үнээ хоёр дахин нэмдэг гэсэн яриа ч бий. Тиймээс холбогдох газрууд авто машины үнэд хөөс байна уу, үгүй юу гэдгийг шалгах нь зүйтэй байх. Ингээд манай зах зээл дээр эрэлт их байгаа суудлын авто машины үнэ өнөөдрийн байдлаар ямар ханштай байгаа талаарх мэдээллийг хүргэж байна.
“Тоёота Приус 20” маркийн авто машин гүйлтээсээ хамаараад 12-14 сая төгрөгийн үнэтэй байв. Тэнд худалдаалагдаж байгаа ихэнх автомашин 60-150 мянган км-ийн гүйлттэй гэнэ.
“Тоёота Приус 20” машин 2004 оных 12 сая төгрөгийн үнэтэй байгаа бол 2007 оны загвар нь 14 саяд багтаж байгаа аж. “Тоёото Кроун” 2001 онд үйлдвэрлэгдсэн нь 11 сая, 2007 оны загвар нь 23 сая төгрөгөөр худалдаалагдаж байна.
“Тоёота Аллион” 14.8, “Марк Х” 17.5, “Спасио” 12.5, “Ист” 10.5 “Королла” 14.8, “Икс-трэйл” 2007 онд үйлдвэрлэгдсэн нь 17 сая төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байна.
Дээрх авто машинууд өнгөрсөн жилийн аравдугаар сард даруй 1-3 сая төгрөгөөр хямд зарагдаж байсан аж. Тодруулбал “Тоёота Приус 10” 6.5, “Тоёота Приус 20” 10, “Королла” 11, “Икс-трэйл” 12 сая төгрөгөөр зарагдаж байсан юм.
Харин Солонгос авто машины үнэ харьцангуй тогтвортой байлаа. Манай зах зээлд хамгийн их борлуулалттай байдаг “Соната-5” 4.5, “Соната-6” 6.5 сая төгрөгийн үнэтэй байв. Мөн том жийп машинуудын үнэ ч харьцангуй тогтвортой байсан. Тухайлбал “Тоёота Хайлукс”-29.5, “Прадо” 36.5 сая төгрөгийн үнэтэй байлаа.
Д.Баяржаргал