Д.Өнөбат: Эрдэнэт үйлдвэр ирэх онд “Ёс зүйтэй ажилтан, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж” уриан дор ажиллана

 Байнгын хөдөлгөөнд оршиж буй нийгмээ дагасан хөрвөх чадварыг Эрдэнэт үйлдвэр эрэлхийлсээр байгаагийн нэг тод илрэл нь Нийгмийн харилцааны хэлтсийг байгуулсан явдал байлаа. Тусламж, дэмжлэгийг хэрэгтэй нэгэнд нь хүргэж, удирдлага, ажилтны хооронд холбох гүүр болсон энэ хэлтсийн үүрэг оролцоо чамгүй их болох нь олон зүйл дээр харагддаг. Энэ ч утгаараа оны ажлаа дүгнэж, ирэх оны ажлаа төлөвлөж суугаа Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбатыг зочноор урьж ярилцлаа.   

-Эрдэнэт үйлдвэр 2019 онд ажиллагчдынхаа нийгмийн асуудлыг илүү оновчтой, хүртээмжтэй шийдвэрлэхэд чиглэсэн Нийгмийн харилцааны хэлтсийг байгуулсан. Хийсэн ажлынхаа үр дүнг эргэн харахад ямар тодорхой ажлууд хийв?  

  -Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын эдийн засагт хувь нэмэр оруулахаас гадна нийгэмд нөлөө үзүүлэгч, нийгмийн хариуцлагатай жишиг аж ахуйн нэгж болохыг хүмүүс тэр бүр мэддэггүй юм байна. Эрдэнэт үйлдвэрийг олон нийт эдийн засгийн үр өгөөжөөр нь хардаг бол энэ үйлдвэр улс болон орон нутгийн хэмжээнд оруулж байгаа нийгмийн хариуцлагын ажил, үйлдвэрийн газраас ажиллагчдадаа хүргэх нийгмийн хариуцлагын ажлуудаа тооцож үзэхэд аль аль талдаа дэвшилттэй жил байлаа.    

Нэгд, Эрдэнэт үйлдвэрийг төр 100 хувь өөрийн мэдэлд авч, өмчлөлийн хэлбэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан бүтцийн хувьд өөрчлөлт орсон. Төр иргэддээ чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг тул тэрхүү иргэдийн нэг хэсэг болох Эрдэнэт үйлдвэрийн ажиллагчдад зориулсан “Нийгмийн харилцааны хэлтэстэй болох нь зөв” гэсэн шийдэлд хүрсэн явдал байлаа. Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаасаа эхлэн ажиллагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хот дагуулсан үйлдвэр гэдэг утгаараа соёл, спорт, цэцэрлэг, сургууль зэрэг хотод байх ёстой бүх зүйлийг барьж байгуулахад оролцсоор ирсэн. Өнөөдрийг хүртэлх хугацаанд 870 гаруй ажилтантай нийгмийн 10-аад цех нэгжээр дамжуулан үйлдвэрийн ажиллагсад, тэдний гэр бүл, үр хүүхэд, аймгийн хэмжээнд нийгмийн цогц үйлчилгээ үзүүлдэг болтлоо хөгжжээ. Бага зардлаар, илүү олон үйлчилгээг чанартай хүргэх зорилго бидэнд тавигдаж байна. Тусламж дэмжлэгийг хавтгайруулах бус илүү залуучууд руу, дэмжлэг авах ёстой ахмад руу чиглэсэн олон талт хөтөлбөр хэрэгжүүлэх нь чухал болохыг харсан. Энэ чиглэл рүү харсан стратеги бодлого, урт болон богино хугацааны төлөвлөгөөг хийж байна.     

  -Нийгмийн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ямар төсөл хөтөлбөр хэрэгжиж байна вэ?   

-Эрдэнэт үйлдвэр энэ оныг “Хөрөнгө оруулалт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Гэхдээ энэ оны ололт амжилтууд зөвхөн техник, технологи, үйлдвэрлэлийн хувьд байсангүй. Үйлдвэрийн газрын Тогтвортой хөгжлийн бодлогын нэгд, Нийгмийн бодлого багтдаг. Нийгмийн чиглэлд хандуулсан бодлогын хүрээнд том хэмжээний, урьд өмнө нь байгаагүй хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, ажил хэрэг болгосон. Эдгээрийн нэг нь 3 төсөл бүхий орон сууцны Уурхайчин хөтөлбөр юм. Төслийн ажлууд эхэлсэн ч одоо мөрдөгдөж байгаа хууль эрхзүйн орчинд тендер шалгаруулалтын явцад саатал гарч, зарим ажил хараахан хугацаандаа эхэлж амжаагүй. Энэ жилийн тухайд шийдвэрлэсэн томоохон ажлын нэг нь хүүхдийн цэцэрлэг нэмж төлөвлөсөн. Нийт уурхайчдын маань 60 гаруй хувийг залуучууд эзэлж, тэдэнд орон сууцнаас гадна хүүхдийн цэцэрлэг хэрэгтэй байгаа учраас шинээр баригдаж эхэлсэн хороолол дундаа 2020, 2021 онуудад 2 цэцэрлэг барихаар болсон. Мөн Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборт 210 хүний ортой зочид буудлын барилга ирэх хавраас баригдахаар төлөвлөөд байна. Энэ бүхэн аймаг, бүс нутагт бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэх, зах зээлийн орчинд татаасаа багасгаж, үр ашигтай ажиллах нэг хэлбэр гэж ойлгож болно. Энэ онд нийгмийн хариуцлагын зардал өмнөх оноос буурсан харагдаж байгаа нь төлөвлөсөн ажлууд багассан хэрэг биш юм. Үйлдвэрийн газраас орон сууцны дэмжлэг болох 8 сая төгрөгийг оны эхнээс 12 сая төгрөг болгож, жилдээ 400 гаруй хүн авч байсныг 518 хүнд олгосон. Ахмадуудад жилдээ 2 удаа олгодог 45 мянган төгрөгийг Ерөнхий захирлын санаачилгаар нэмэгдүүлсэн гээд тоочвол олон зүйлийг нэрлэх байх.  

  -Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбоод хооронд байгуулсан “Хамтын гэрээ”-ний заалтууд амьдрал дээр хэрхэн хэрэгжсэнээр нь үр дүнг тооцох ёстой байх. Өмнөх гэрээний талаар тодруулбал?   

-“Хамтын гэрээ” бол ажилчдадаа хүргэж байгаа нийгмийн хариуцлагын нэг тод илрэл. Бид өмнөх жилд хийсэн ажлын үр дүнгээ нэгтгэж, Үйлдвэрчний эвлэлийн холбоотой байгуулсан “Хамтын гэрээ”-г дүгнэхэд 102.6 хувийн биелэлттэй гарсан. Энэ нь ажил олгогчийн зүгээс хүлээсэн үүргээ 2.6 хувиар илүү биелүүлснийг харуулж байна. Мөн Эрдэнэт үйлдвэр орон нутагтай хийсэн хамтын гэрээгээр бүс, орон нутгийнхаа хөгжилд оруулж байгаа нийгмийн хариуцлагаа дүгнэдэг. Улсын хэмжээнд болж байгаа уул уурхай, спортын томоохон тэмцээн уралдааныг тогтмол дэмжин ажиллаж, 2020 онд Олимпын наадмын ивээн тэтгэгчээр хамтран ажиллахаар болсон. Энэ бүхэн нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж гэдгийг бүрэн илтгэх байх.  

  -2020-2021 онд хэрэгжүүлэх “Хамтын гэрээ”-нд ямар нэмэлт, өөрчлөлт оруулсан бэ?  

-Аливаа аж ахуйн нэгжийн хөгжил нийгмийн хөгжлийг даган өөрчлөгддөгийн адил Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд жишиг тогтоож яваа. Тэр утгаараа гэрээнд хэд хэдэн шинэлэг заалт орсон. Захиргааны зүгээс оруулсан өөрчлөлтүүд ч бий. Миний хувьд “Хамтын гэрээ”-нд дөрвөн удаа оролцож байсан. Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсад ҮЭХ-той хамтран баялаг бүтээж, түүнийгээ шударга хуваарилах зарчим баримтална гэдгээ тохирсон. Мөн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, хүчин чадлыг бүрэн ашиглах, зардал бууруулахад зөвхөн захиргаа бус Үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран ажиллах ёстой гэдэг нэг шийдэлд хүрлээ. Үйлдвэрчний байгууллага гэдэг нь ажилчдын төлөөлөл учраас захиргаатай хамтран ажилласнаар үйлдвэрлэлийн процессыг сайжруулан, компанийн хөгжлийг урагшлуулах тул онгоцны хоёр далавчтай адилтгаж болох. Хоёулаа байсан цагт компани урагш хөдөлнө. Бид сүүлийн жилүүдэд Эрдэнэт үйлдвэрийг нийгмийн хариуцлагатай жишиг үйлдвэр болгохын төлөө ажиллаж байна. Нийгмийн хариуцлага нь бие хүмүүсийн хариуцлагаас бүрддэг тул тухайн бие хүн хариуцлагатай, ёс зүйтэй байх нь маш чухал юм. Ажилтан бүрийн ёс зүйг хөгжүүлж, нэгдсэн хяналтыг бие биедээ тавьж, нийгмийн хариуцлагад хүрэхэд хамтран ажиллах шийдэлд хүрсэн. Ажилтан хүн тусламж дэмжлэг авснаа нуун дарагдуулах, дахин авах гэж оролдох, бусдаас түрүүлж илүү эрх эдлэх, бусдад хүрэх тусламж дэмжлэгийг өөртөө авах нь бие хүний ёс зүйтэй хамааралтай. Энэ удаагийн “Хамтын гэрээ”-ний дагуу дэмжлэг туслалцаа олгох, олон нийтийн хяналт тавихад хоёр тал хамтран ажиллана.  

   -Нийгмийн харилцааны хэлтэс мэргэжлийн социологичтой болсон. Төлөвлөгөөт ажлуудаа суурь судалгаанд тулгуурлан гаргах нь ямар давуу талтай байна вэ? 

   -Эрдэнэт үйлдвэрийн нийгэмд эзлэх байр суурь, нөлөөлөл том учраас нийгмийн эрэлт хэрэгцээг байнга судлах шаардлагатай гэж үзсэн. Тиймээс ч манай хэлтэс анх байгуулагдахдаа социологичийн орон тоо баталж өгөхийг хүссэн. Өмнө нь мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажилладаг байсан бол өөрийн орон тоон дээр мэргэжлийн хүн ажиллуулснаар ажиллагсдынхаа дотоод судалгааг тасралтгүй явуулах нөхцөл боломж бүрдсэн гэж болно. Ямар нэг үйл ажиллагааг судалгаан дээр суурилах нь удирдлагын түвшинд шийдсэн шийдлийг илүү бодитой, хөрсөн дээр хэрэгжих боломжтой болгож байгаа юм. Нийт ажиллагсдын дунд үйлдвэрээс үзүүлж байгаа дэмжлэг, тусламжид сэтгэл ханамж хэр байдаг талаар судалгаа явуулахад 56 хувь нь сэтгэл хангалуун, 30 гаруй хувь нь боломжийн, 20 гаруй хувь нь илүү сайжруулалтыг хүссэн бол 7-8 хувь нь мэдээлэлгүй байна гэсэн дүгнэлт гарлаа. Энэхүү судалгааны дүнг үндэслэн мэдээллээ илүү хүргэх, дүрэм, журмыг танилцуулах, ажиллагсдынхаа саналыг тусгах хэрэгтэйг олж харсан.  

 -Эрдэнэт үйлдвэр халуун ам бүлийнхээ 8 залуу гэр бүлд амины орон сууц бэлэглэснийг сайшаах хүн олон байна. Ажиллагсдаа дэмжин урамшуулсан энэ ажил тусламж, дэмжлэг зохих хүмүүстээ хүрсний нэг илрэл болсон байх? 

 -Тоондоо бус зарчмын хувьд шинэчлэл хийснээрээ энэ ажил олон хүнд хүрсэн. Ажилласан жилийг нь харж байр олгодог байсан бол энэ удаа инновацийн төслөөр Эрдэнэт үйлдвэрт онцгой хувь нэмэр оруулсан 3 ажилтан, үндсэн цехүүдээс тус бүр нэг ажилтан, нийгмийн 10 цехээс нэг ажилтанд гэх зэргээр маш нарийн шалгуурыг харсан. Ажилласан жилээс илүүтэй тухайн хүний үйлдвэрт оруулсан хувь нэмэр, үр өгөөжийг онцолж амины орон сууцны түлхүүрийг гардуулсан. Залуу ажилтнуудын хувьд мэргэжлээрээ өсөж дэвших, илүү ихийг хийж бүтээх урам өгсөн гэдэгт итгэлтэй байна. Хэлэх гэсэн санаа нь та үйлдвэртээ юу хийж, бүтээж чадна, тэр бүхнийг үйлдвэрийн газраас харж, үнэлж байдаг юм шүү.

     -Оны ажлаа ололт амжилтаар үдэж байгаа хэлтсийнхээ нэрийн өмнөөс нийт уурхайчдадаа хандан мэндчилгээ дэвшүүлнэ үү?   -Эрдэнэт үйлдвэр ирэх онд “Ёс зүйтэй ажилтан, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж” уриан дор ажиллах болно. Улиран одож буй 2019 оныг шинэ дээд амжилтаар үдэж буй баялаг бүтээгчдэдээ айсуй оны мэндийг дэвшүүлж, аз жаргал, амжилт бүтээл, эрүүл энхийн дээдийг хүсэн ерөөе. 

И.Чинтогтох

Фото: Ш.Лхамсүрэн

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …