Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангараг өргөлөө

Сонгуулийн төв байгууллагын тухай хуульдСонгуулийн ерөнхий хорооны гишүүн нь Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөнө гэж хуульчлан заасны дагуу өнөөдөр /2020.02.06/  Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос зохион байгууллаа.

Улсын Их Хурал 2020 оны намрын ээлжит чуулганы нэгдүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилсон тогтоол гаргасан бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Ганбатыг дахин томилж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г. Байгалмаа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Э.Батболд, Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар нарыг шинээр томилоод байгаа юм. 

 Эдгээр гишүүдийг Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг Төрийн ордонд зохион байгуулж, ёслолыг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт удирдав.

  Томилогдсон гишүүд “Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн тангараг өргөөд, Тангарагийн хуудсанд гарын үсэг зурлаа.

 Тангараг өргөсөн гишүүдэд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үнэмлэхийг нь Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт гардуулаад, өргөсөн тангарагтаа чин үнэнч байж, төрийнхөө хууль тогтоомжийг ёсчлон биелүүлж, сонгогч олон түмний итгэл найдварыг нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Ёслолын ажиллагаанд Сонгууийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал нар байлцлаа.

Ёслолын дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ, Монгол Улсын Үндсэн хуульд заагдсан Үндсэн хуулийн байгууллага бол Сонгуулийн ерөнхий хороо. 1992 онд ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа байгуулагдсан анхны байгууллага юм. Үндсэн хуульд зааснаар төрийн эрхийг ард түмэн төлөөллийн байгууллагаараа дамжуулж хэрэгжүүлдэг учир тэрхүү төлөөллийг хэн нэгнээс хараат бусаар, хуулийн дагуу, шударгаар сонгох ажлыг зохион байгуулах чухал байгууллагын гишүүдийг тангараг өргүүлдэг хэмээв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

http://credit-n.ru/offers-zaim/vashi-dengi-zaim.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …