Нэмэндэйн Янжмааг нэхэн дурсахуй

Нэмэндэйн Янжмаа гэхээр  нэг их  танил мөртлөө зарим хүмүүсийн хувьд яг хэн билээ гэх эргэлзээ байхыг үгүйсгэх аргагүй. Харин Сүхбаатарын Янжмаа гэвэл Монгол хүн бүрийн танил, баатар жанжин нөхрөөрөө овоглосон, төр нийгмийн зүтгэлтэн, агуу эмэгтэй гэдгийг дэлхий мэднэ.

Н.Янжмаа Монголын Эмэгтэйчүүдийн холбоог 1925-1962 оны хооронд нийт 4 удаа тэргүүлж /1925-26,  1936-38, 1940-49, 1956-62/  байснаас ажихад мөн Олон улсын эмэгтэйчүүдийн хуралд  /Москва-1946, Прага-1947, Парис-1948/  оролцон Монгол эмэгтэйчүүдээ дэлхийд төлөөлж, эмэгтэйчүүдийнхээ дуу хоолойг  гаргаж, явснаас харахад энэ хүн  Монголын эмэгтэйчүүдийн загалмайлсан эх гэлтэй.

Монгол улсад Ардын хувьсгал ялаад тун удаагүй 30 орчим л жил болж байсан үе буюу 1953 онд  Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн Даргын үүргийг гүйцэтгэж /1953.9.7- 1954.7.7/  байснаараа түүхэнд  БНУ-ын 2 дахь эмэгтэй төрийн тэргүүн болсон гэж тэмдэглэгдсэн Н.Янжмаагийн улс төрийн амьдралд оролцох эхлэл тун энгийн.  Хүчирхэг, хувьсгалын баатар, жанжин Сүх хэмээх сайхан хань ижилтэйгээ тааралдаж танилцсан, гэр бүл болж амьдарсан тэр л үеэс хувьсгалын үйл хэргийг бие сэтгэлээрээ мэдэрч Сүхбаатар жанжны маань хүчтэй байх, үйл хэрэг нь бүтэмжтэй байх бүх нөхцлийг бүрдүүлэн амьдралынх нь нэг тал, Ардын хувьсгалыг ялуулж шинэ Монгол улсаа байгуулах  арга билгийн ухааных нь цөм байсан гэдэгтэй хэн ч маргахгүй билээ.

Нийгэм улс төр ер нь аль ч салбарт байр сууриа олсон мундаг эрчүүдийн  ард хүчтэй эмэгтэйчүүд байдаг гэж ярьцгаадаг. Тэгвэл Н.Янжмаагийн амьдрал үүнтэй  утга нэг бөгөөд аргагүй л заяа төөрөг нэгтэй хань ижлүүд гэмээр. Яагаад гэвэл Н.Янжмаа 1893 онд төрсөн нь, тэр ч байтугай 2 сарын 2.нд  төрсөн нөхөр Сүхбаатар жанжинтай арав гаруйхан хоногийн зайтай буюу 2.15.нд  хорвоод дэлхийд мэндэлсэн нь, энэ хоёр хүнийг Монгол улсын ирээдүйн сайн сайхны төлөө цаанаас нь төрсөн он сар юугий нь тааруулан учруулсан юм шиг сонирхолтой санагддаг.

Түүгээр ч барахгүй арван тав зургаа настайгаасаа л бичиг хэргийн ажил хийн улсын хэрэгт оролцож эхэлсэн Сүх жанжны сайн найз, сайн хань, сайн ар тал болж чадсан Н.Янжмаа гуай Ардын хувьсгал ялахад ихээхэн хувь нэмэр оруулсан төдийгүй, 1921 онд Монголын Хүүхэд Залуучуудын Эвлэлд, 1924 онд Монгол Ардын Намд тус тус гишүүнээр элссэн нь түүний хожим нь нөхрийнхөө их үйлс зорилгыг үргэлжлүүлэх эхлэл байсан нь гарцаагүй үнэн юм.

Дамдины Сүхбаатар гэдэг энэ эгэлгүй хүн богинохоон наслах хугацаандаа их үйл хэргийг бүтээх тэнгэрийн захиалгатай ирсэн ч юм шиг, Ардын хувьсгалыг ялалтанд хүргэж, шинэ Монгол улсаа байгуулан, хорин хэдхэн насандаа хорвоог орхисон ч,  олон  түмэндээ “Гоймон баатар”, “Сүхбаатар жанжин” хэмээн ам дамжин яригдсаар Монгол түмэндээ зуу зуун жилд дурсагдсаар… Залуу сайхан төрхөөрөө мөнхрөн үлдсэн эрхэм жанжин минь  билээ.

Ийм л хүний эхнэр байсны хувьд, Сүх жанжны дэргэд бүр хамгийн ойрхон, хамгийн хайртай хүнийх нь хувьд  их зүйлийг харж, сурч, мэдэж, их жанжны холын хүсэл мөрөөдлийг дэндүү их мэдэрсэн хүний хувьд,  Н.Янжмаа эр нөхрийн үйл хэргийг үргэлжлүүлэн  Монгол улсынхаа хөгжил дэвшилд өөрийн гар бие, сэтгэлээ зориулан, хувь нэмрээ оруулах нь хаашаа ч зайлж боломгүй үүрэг ч юм шиг, нөгөөтэйгүүр зүгээр л нэр төрийн хэрэг байсан гэлтэй.

Ийнхүү идэр залуу насандаа эр нөхрөө тэнгэрийн орноо үдэн, сэтгэл шулуудсан Сүхбаатарын Янжмаа зөвхөн юу хийх, юу бүтээх тухай бодолдоо хөтлөгдөн, чухам хаанаас нь эхлэхээ тунгаасны эцэст олон олон том ажлуудыг эхлүүлсэн.. Юуны түрүүнд 1930 онд анхны хүүхдийн цэцэрлэгийг нийслэл хотноо байгуулах ажлыг манлайлан удирдсан байдаг.

Дараа нь эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн эрхийн талаар онцгой анхаарч ажилласны баталгаа бол эмэгтэйчүүдийн түр сургуулийг ажиллуулсан, Намын Төв Хорооны суртлын хэлтсийн дэргэд бүсгүйчүүдийн тасгийг байгуулан удирдсан, эмэгтэй хүнийг богтлох, албан хүчээр эхнэр болгох явдлыг хориглох шийдвэр гаргуулсан зэрэг эмэгтэйчүүдийн сурч боловсрох, мэргэжилтэй болгох үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулснаас харж болно.. Нөгөөтэйгүүр Н.Янжмаа нь МҮЭ-ийг санаачлан зохион байгуулсан нь хүний ажиллаж хөдөлмөрлөх эрхийн төлөө тэмцэгч байсан гэдгийг түүх гэрчилнэ.

Яг л энэ эрч хүчээрээ Н.Янжмаа Цэргийн үйлдвэр, ЭМЯ, Улсын хэвлэлийн газар, Намын төв хороо, АИХ, Монголын эмэгтэйчүүдийн холбоо гээд олон нэр хүндтэй байгууллагуудад удирдах ажил хийж явсаар, 69 насандаа 1962 онд насан өөд болсон байна. Монгол эх хүн эхнэр хүнийхээ хувьд хүнд урам хайрласан, дандаа инээж явдаг, ажлаасаа болж хэзээ ч бухимддаггүй, элдэв шуналгүй, хоол хийх хувцас оёхдоо сайн хүн байсан гэдэг.

Сүхбаатарын Янжмаа бол Монгол төрийн  үе үеийн удирдагч эмэгтэйчүүд, их хатдын үргэлжлэл төдийгүй ямар нэг шуналгүйгээр бас ямар нэг шагнал горьдолгүйгээр төрдөө үнэнчээр зүтгэсэн хойч үеийнхний  үлгэр дууриал, “МОНГОЛ ТӨРД УХААН НЭМСЭН БҮСГҮЙ”  байжээ гэсэн түүхийн үнэн тодорхойлолт ч байдаг.

Үе үеийн ухаан төгс хатдын үргэлжлэл,100-аад жилийн тэртээх Нэмэндэйн Янжмаагийн үйл хэрэг, үзэл бодлыг өнөө цагийн нийгэм улс төрдөө хэрэгжүүлэх,  СОР БОЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ, улс төрийн тавцанд гаргаж гэмээ нь Монгол орны ирээдүйн хөгжилд цэцэглэлтэнд ихээхэн тус нэмэр болох нь дамжиггүй юм.

Нэмэндэйн Янжмааг нэхэн дурсахуйн учир энэ буюу.

Улаанбаатар хот

2020.02.02

Сэтгүүлч,  Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны Гүйцэтгэх захирал Ц.БУЯННЭМЭХ    


http://credit-n.ru/offers-zaim/ezaem-zaim-online-za-15-minut.html

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …