ИННОВАЦИЙН АМИН СҮНС

 580682_459882457409184_1870186087_nТвийтерчдэд зориулав

Хамгийн сайхан нийгмийг байгуулах, хүмүүсийг амар амгалан амьдруулах төгс төрийн хувилбарыг бодож олоход бүх үеийн тэргүүлэгч үзэлтнүүд, суут сартваахиуд гол хөдөлмөрөө зориулжээ.

Төрийн байгуулалын оновчтой загварыг бий болгох оролдлогын асуудал нь улс төрийн сэтгэлгээний түүх хэмээх шинжлэх ухааны салбарын асар өргөн хүрээтэй судлагдахуун тул энд бүгдийг нь нэг бүрчлэн хөндөж ярина гэдэг бүтэшгүй.

Платон, Аристотелиэс эхлүүлсэн төрийн байгуулалтын тухай бүтээлч санааг “төгс” томъёолох оролдлогыг Италийн сэтгэгч Никколо Макиавелли “Эзэн хаан” хэмээх бүтээлээрээ 1514 онд анх хийжээ.

Тэрээр уг бүтээлдээ бүхнийг бурхнаас урьдчилан заасан байдаг тухай тэр үедээ хатуу хэвшсэн ойлголтоос зайлсхийж, хүмүүст маш их бололцоо байгаа гэж хүн гэгч бодьгалд ихээхэн “найджээ”.

Өөрөөр хэлбэл Макиавелли эртний сэтгэгчдийн дэвшүүлсэн дэвшилтэт үзлээс хойш нилээд төөрөлдөөд байсан бүхэл бүтэн үеийнхний сэтгэлгээг “зад татаж” чадсан юм.

Хүн өөрөө төр, нийгмийг байгуулж, тэр бүү хэл өөртэй зориулан сайжруулж болох тухай санаа ийнхүү маш олон жилийн дараа хүмүүсийн сэтгэлгээнд шинэ агуулгаар “буцаж ирлээ”. Тиймээс ч Макиавеллийг улс төрийн шинжлэх ухааны эцэг хэмээн нэрлэдэг. Үүнээс хойш их олон санаа гарсан ч төрийг бүтээхэд хүн хамгийн чухал үүрэгтэй гэсэн Макиавеллигийн үзэл санаанаас илүү дээрийг “бодож олоогүй” байна.

Ихэнхи онолын хайгуул, эцсийн дүндээ хүн хэмээх бодьгалийн мөн чанар, ёс суртахуун, боловсрол, биологийн нөхцөл зэрэгт ирээд “мухарддаг”. Утга нь ямар ч бүтээлч санаа, онолын загварчлал хүнд л зориулагдах болохоор хичнээн “алс хол”-ын эрэл хайгуул ч эцсийн дүндээ хүний асуудал дээр ирнэ.

Гэсэн ч хүн гэдэг хувиа хичээсэн, өөрийгөө хамгаалдаг, санал үл нийлэх үзэлтэй тооцоо боддог гэх мэт бөөн “алдааны цуглуулга” ажээ. Тиймээс хүнийг ёс суртахуун, сэтгэл зүй, мэдрэмж, мэдлэг талаас нь судалдаг шинжлэх ухааны салбарууд бий болж, урлаг, ёс суртахууны олон оролдлогууд хүнийг судлах далимаар “сургаж” байв.

Энэ бүхний “эцсийн зорилго” нь хүнийг өөрийн гэсэн үзэлтэй, дүгнэлт хийх чадвар бүхий “нийгмийн эд эс” болгох, сайн сайхныг мэдрүүлэх, муу муухайгаас зайлсхийх, “гэгээрүүлэх” алсын ба “дам” зорилго агуулна.

Ингэж чадвал “төгс хүн”-ийг, улмаар төгс төрийг “урлаж” болно. Одоогийн байдлаар олон удаагүй “туршилт” хайгуулын явцад хүний хүчин зүйлд ихээхэн найдсан ардчилсан дэглэм дээр бүгдээрээ “түр амсхийж” байна. Ер нь “төгс нийгэм”-ийг бүтээх хайгуул өрнөлийн шатандаа ч ороогүй байж мэднэ.

Ардчилалын онолоор нийгмийг байгуулах, төрийг урлах нь бүх нийтийн үйл хэрэг тул шийдвэрт иргэдийг оролцуулах нь нийгмийн гол зорилго, эрх зүйгээр баталгаажсан “мөнхийн” дүрэм.  Тэр утгаараа олон оролцогчид шийдэлд хүрч, шийдвэр гаргах явц үнэхээр бэрхшээлтэй. Тэр тусмаа хамгийн зөвийг олох магадлал бүр ч муу. Гэхдээ одоохондоо сонгосон нийгмийн байгуулалаа хөгжүүлж, засаад явахаас биш зүхээд суувал хөгжил ирэхгүй.

Хамгийн энгийн жишээгээр ардчилсан нийгэмд шийдвэр гаргах процессыг загварчилах гээд үзье л дээ.

Эрчим хүчний найдвартай эх үүсвэрийн асуудал байна гэж бодъе.

Хэд хэдэн эх үүсвэр байна. Нүүрс, хий, сэргээгдэх эрчим хүч. Бас бус зүйл байгаа ч бусад нь хай тек шаардах болохоор энэ удаад орхье. Манай тохиолдолд эх үүсвэр талаасаа бүх боломж нь маргааны сэдэв болно оо.

Гэхдээ байгаа боломжоосоо арай дээрийг сонгох нь зайлшгүй. Ямар таг харанхуй суух, эсвэл эрчим хүч тусгаар тогтнолын хэмжээнд үнэлэгддэг ертөнцөд хэзээ мөдгүй тасдаад хаячих гадны эх үүсвэрээс дан ганц хараат байлтай биш. Жишээ болгоод нүүрсийг сонгоод үзье.

Нүүрс гэхээр ухаж гаргаад, зуух хүртлээ зөөх ерөнхий зарчимтай болохоор хүн бүр “мэднэ”. Уул, техникийн нөхцөл, эдийн засгийн тооцоо, үр ашиг гэх мэт олон зүйл яригдах хэдий ч энгийн маньд бол нэг их хүртээлгүй. Учир нь сайн мэдэхгүй.

Харин ухах уу? Хадгалах уу? гэвэл өөр. Нүүрсийг ухсанаас өвөөгийн өвөлжөө алга болохоос эхлээд, ан амьтан дүрвэж, гол ус хатна, тахилгатай овоо сүйднэ гэсэн амьдралын тайлбараас геополитикийн орчин энэ тэр гээд том үндэслэлүүд ч гарна.

Аль алийг нь зөвтгөх зүйл олон. Буруутгах шалтгаан ч мундахгүй. Бүгдийг сонсоод суух нь чухал  хэдий ч цахилгаантай болох нь түүнээс илүү чухал болохоор шийдэл хийх зайлшгүй шаардлагатай.

Шийдвэр гаргах хүртэлх үйл явц ардчилсан нийгэмд талуудын байр сууриа илэрхийлэх үйл ажиллагаанаас эхэлнэ. Хүмүүсийн дэмжлэгийг хүлээхийн тулд оролцогч талууд нөгөөгөөсөө илүү ашигтай санал тавьж байгаа гэж ойлгуулах гэж хичээнэ. Энэ ажиллагаа хүнд нөлөөлж болох бүх газарт нэвчинэ.

Маргааны өрнөл нь оролцогчдын ёс суртахуунаас шууд хамаарна. Хүлээцтэй нь цагийн аясыг харж байхад яаруу адгуу нь дайрна, түрэмгийлнэ, “хүн хөлсөлнө”.

Энэ нь маргаан, нийгмийг хамарсан ширүүн зөрчилөөнд ч хүрэх нь бий. Зарим үедээ өнөөх нийгмээ ч нураах хэмжээний аюултай.  Хүмүүсийнхээ мэдлэгийн түвшин, шийдвэр гаргах онцлогоос шалтгаалаад хийх аргачилал нь янз бүр. Энэ бүгд нийлээд тухайн нийгмийн өнгө төрх, “хэмжээг” тодорхойлно.

Эндээс авч үзвэл бүгдэд ашигтай шийдлийг олох нь ардчилсан нийгэмд нэг талаас үнэхээр хэцүү нөгөө талаас бараг бүтэшгүй.

Ардчилал бол засаглалын хамгийн сайн хэлбэр биш, гэхдээ харамсалтай нь бид түүнээс сайныг одоогоор олоогүй байна гэсэн утгатай зүйлийг Черчилль хэлсний нь гол санаа нь чухам энэ болов уу.

Хүмүүсийн шийдвэр гаргах аргачилал энгийн байх тусмаа, шийдэл нь цаг зуурын, өнгөц, алсын хараагүй байдаг. Тиймээс ардчилсан дэглэмд хүнээ хөгжүүлэхгүйгээр дандаа зөв шийдвэрүүд гаргаж, цаашдаа “төгс нийгэм”-ийг байгуулах нь ёстой зангууны үлгэр.

Бүх хүнд сайхан амьдрах мөрөөдөл, цаад утгаараа хөгжилд тэмүүлэх хүсэл зорилго байдаг. Хүний энэ чанарыг дэмжих замаар нийгмийг хөгжилд хөтлөж болох дэвшилтэт үзлийг 1911 онд бичсэн “Эдийн засгийн хөгжлийн онол” номондоо Жозеф Алиос Шумпитер гэгч дэвшүүлжээ.

Тэрээр шинэ санаа, шийдэл, технологийн дэвшлийг ашиглан нөхцөл боломжийг сайжруулах үүнд эдийн засгийн арга зам болон хүний хүчин зүйлийг хослуулах боломжтой гэсэн санааг хөндөж, үүнийгээ инноваци гэж нэрлэсэн байна.

Хүмүүсийг өөрсдийнх нь бүтээлч санаа, түүнийгээ хамгаалах, хөгжүүлэх зан чанарыг  технологийн дэвшилтэй хослуулж, илүү таатай орчин, үл бүтээмж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг амжилттай хөгжүүлэх нь орчин үеийн инновацийн гол үзэл санаа болжээ.

Хувь хүн дээр авч үзвэл тухайн хүн шинэ санаачлага гаргах түүндээ “эзэн байж” хөгжүүлэх чадвар, шийдвэр гаргахад хүргэх чадамж, эцсийн дүндээ хөгжилд тэмүүлэх дур хүсэл хэр байна вэ? гэдгээр хүний “инновацилаг байдал” хэмжигддэг.

Өөрөөр хэлбэл өөрийн гэсэн үзэлтэй, бүтээлч иргэнтэй улс хөгжлийг байгуулах нь бусдаасаа илүү боломжтой гэсэн үг юм уу даа.

Энэ нь манайд түгээмэл ашигладаг “амбици” гэх хэллэгээс арай өөр. Амбици ихэвчлэн “парламентэд суусан”-аар хэмжигддэг бол инноваци бодитой үр дүн, хөгжилд үзүүлж байгаа нөлөөллөөр хэмжигдэнэ.

Тарьсан модоо цагт нь услаж ургуулах ажлаа сайн хийж байгаа ажилтан сайн гэхдээ зарцуулж байгаа усаа 3 дахин хэмнэж, илүү сайн ургуулж байгаа ажилтан илүү сайн гэсэн санааг инноваци тээж явдаг. Тэгэхээр инновацийг дэмждэг нийгмийн орчинд хүн бүр шинийг сэдэж, боломжийг хайна.

 Ингэж л хүний инновацилаг чанар үүснэ. Нийгэм нь дэмжих боломжтой бол улс нь хүмүүсийнхээ энэ чанараар хөгжлийг бүтээж болно. Шинэ санааг өөрийнхөө эрхэлдэг ажил, сонирхдог салбарт олох нь амар тул хаа холоос шинэ санаа хайгаад явах нь ховор.

Товчхоноор юм юмны захтай байснаас хариуцсан ажилд, мэргэжилдээ “эзэн суух” нь улсынхаа хөгжилд илүү хэрэгтэй гэсэн санаа юм уу даа. Юм юмны захтай байх нь асуулт хариултын тэмцээн, үгийн сүлжээ, зарим тохиолдолд 50 саяыг хожих боломжийг олгодог ч улсыг дэвжүүлж, хөгжлийг авч ирэхэд төдий л үр бүтээл муутай байдаг бололтой.

Гэхдээ хэт туйлшраад зөвхөн ажлаа мэддэг, бусад зүйлд таг харанхуй амьтан бай гэхгүй. Ядаж бүгдээрээ эцэг эх болцгоох болохоор наад захын асуултанд бүдрэхгүй байх нь жас ёсны шаардлага биз. Дашрамд хэлэхэд олон зүйлийг бусдад биш хүүхддээ зааж өгч байвал амьдралд чинь тустай байдаг гэнэ.

Ардчилсан нийгэмд хүний шийдвэр чухал үүрэгтэй тэр дундаа манайх шиг хөгжлийн үндсэн гарцаа олсон ч олон салбарын хөгжил голидролдоо ороогүй байгаа үед хүн нэг бүр “зөндөө” зүйл дээр санаагаа чилээх хэрэгтэй.

Дээрх жишээ рүүгээ эргээд орье. Манай тохиолдолд, би нүүрс ашиглан цахилгаан гаргах тухай асуудал ярьж байсан даа.

Энэ тохиолдолд салбарын мэргэжилтний байр суурийг сонсож, ирээдүйг нь тодорхой харж чадвал тухайн шийдэл урт настай болно. Хөгжлийг авч ирнэ. Харин одоогийн Монголд мөнөөх мэргэжилтэн гэгч нь хараат бус амьдрах нөхцөл муу тул худалдагдах аюул бий. Тиймээс өнөөх мэргэжилтнээ харддаг тохиолдол бидэнд байнга тохиолддог шүү дээ.

Энэ нь эцсийн дүндээ хүний ёс зүй, хүмүүжил, үнэлэмжийн асуудалтай дахиад холбогдоно. Улсынхаа төлөө өөрийгөө биш, өөрийнхөө төлөө улсаа худалдах нь хүнээсээ л шалтгаалаад ирнэ.

Гэхдээ зарим бодлого боловсруулагчид худалдагддаг нь бүгд худалдагдсан гэж үзэх үндэслэл болохгүй. Хэдийгээр зовлон их байгааг ч сонгосон системээ бэхжүүлж, шийдвэрээ гаргаад явах нь хувь заяаны сонголт, ардчилалын зарчим.

Ардчилсан дэглэмд мэдээллийг олон өнцөгөөс түгээх, аливааг зөвхөн сайн ба муу гэж харах эрүүл биш сэтгэлгээг нийгмээс хөөж чадвал зөв шийдэл гарах нөхцөл бүрддэг.

Инновацид тэмүүлэх иргэдийн хүсэл сайхан нийгэм, эрүүл улс төрийг хар аяндаа бий болгоно. Мэдээж ийм боломжоор ардчилсан нийгэм хангагдсан байдаг.

Жишээ нь манайд твийтер, фейсбүүк гээд жинхэнэ инновацийн орчин бэлээхэн байна. Бүх шийдвэр гаргагчид нь энэ сүлжээний нэг бүрдэл болсон гишүүнчлэл нь нээлттэй. Хэн ч түүний парламентэд “дарах” саналд “нөлөө үзүүлэх” боломжоор хангагдсан.

Өөрийн үндэслэлээ олон нийтэд харуулах, үзэл бодлоо үндэслэлтэйгээр хамгаалах, мэргэжил нэгтнүүд, салбарыг сонирхогчдыг татан оролцуулж байр сууриа бэхжүүлэх боломжоор хангагдсан сайхан орчин.

Бид энэ боломжоо хэр мэдэж хэр оновчтой ашиглаж байгаа вэ?

Үндэслэлтэй санааг нь яаж ч болохгүй байр сууриар няцааж, шийдлийг “хаос байдал”-д оруулах, бусдад нөлөөлөх, мэдэмхийрэгчид, мэргэжилтэн хоёрын зааг ялгааг бүдгэрүүлэх замаар сошиал медиаг бид ашиглаад, индивидуализмыг хэт хөөрөгдөх, аминч үзлийг шүтэх хандлагыг “дэврүүлээд” байх шиг.

Өөрийгөө сүрхий гэж харагдуулах зорилготой өрсөлдөгч рүүгээ хийх дайралт нь эцсийн эцэст бодлого боловсруулагчдын аль алинд нь ашиггүй. Үзэл санааны удирдагчдын энэ нээлттэй тэмцэл нь тэднийг хэн хэнийг нь ялгаагүй “чалчигч болгодог”.

Төрийн удирдлагын гол зарчим төлөөллийн зарчмаар бий болно. Төрийн удирдлага, шатлан захирах ёс, зэрэглэл, дэвийг тодорхой үнэлэмжээр байнга хангаж байх ёстой. Төрийн хүнд итгэх итгэл алдарвал төр нь суларна.  Дэглэм ганхана. Нялхсын өвчин газар авна.

Ийм хэлбэрээр үргэлжлээд байвал инноваци биднээс алсран холдоно. Тэр хэрээр хөгжил царцаж, ирээдүй бүүдийнэ.

Үзэл санааны энэ орчинг бүтээлч мэтгэлцээнийг хэрүүл, уралдан тэмцэлдэх талбар, бусдад цэцэрхэх боломж, үзэл бодлоо тулгах маанагтал болгочихвол яана аа.

Тэгвэл бид инновацид тэмүүлэх сэтгэлгээгээ гээж, цаашаа явах замыг удаанаар хайж, хөгжлийн гарцаа мөд олохгүй байж мэднэ.

Эцэст нь бараг хэлчихлээ дээ. Гэхдээ дахиад нуршчихъя.

Бүх твийтерчиддээ хандаж, Монгол хүний ( өөрийн мэддэг салбартаа “гүнзгийрч”, бусдыгаа сонсдог болчихвол бараг инноваци болчихоор) “инновацилаг зан”-гаа хөгжүүлж, хөгжлийн төлөөх дур хүслийг нутагшуулах ажлыг эхлүүлээсэй гэж хичээнгүйлэн гуйж байна.

Ингэвэл бидний “яриа хөөрөө” үр дүнтэй болж, Монгол хүний сэтгэлгээ, инновацийн амин сүнс Монголыг хөгжилд хөтлөх нь дамжиггүй. Аймаар олон дагагчидтай “аварга”-ууд анхаарах байлгүй дээ.

Улс төр судлаач Очирбатын Алтансүх

 ugluu.mn

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …