Увс аймагт сонгуулийн сурталчилгаагаа хийсэн нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг нутгийн иргэд ийн угтан авсан юм. Аваргын энэ нутгийнхантай хийсэн уулзалт хууль хяналтын байгууллагын төлөөлөгчидтэй уулзсанаар эхэллээ. Хилийн цэргийн дугаар ангид болсон уулзалтад цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, цэргийнхэн, онцгойгийнхон оролцож, жирийн байлдагчаас цагдаагийн хурандаа болтлоо зүтгэсэн нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд зовлон, жаргалаасаа хуваалцаж байлаа. Шинэ цэргүүд ч гэсэн аваргатай зураг татуулсандаа олзуурхаж байсныг онцлох хэрэгтэй болов уу.
Нэр дэвшигчийн очсон дараагийн “зогсоол” нь Улаангом коллеж. Технологийн гэсэн тодотголтой уг сургуульд 1350 залуу мэргэжил эзэмшиж байгаа аж. Тэд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн баатар Б.Бат-Эрдэнийн мөрийн хөтөлбөртэй танилцаад амжчихсан байна. “Оюутнуудын сургалтын төлбөр, хөнгөлөлтийн асуудлыг суралцагчдын сурлагын амжилттай уялдуулан шийдвэрлэх боломжийг судална” гэсэн мөрийн хөтөлбөрийн заалтыг их л олзуурхан хүлээн авсан аж. Гэхдээ бас оюутан, залуусыг төрөөс дэмжих бусад хэлбэрийн талаар ч байр сууриа илэрхийлж байсан. Ийм захиас хэлсэн хүний нэг нь номын санч Нарантуяа гуай байлаа.
“Та Ерөнхийлөгчөөр сонгогдвол зөвхөн их, дээд сургууль төдийгүй мэргэжлийн боловсролын сургуулиудыг дэмжиж яваарай. Тэнд суралцаж байгаа хүмүүст анхаарал хандуулаарай” гэж захисан. Тус сургуулийн нийгмийн ажилтан Баттулга “Оюутнууд сард 70 мянган төгрөгийн тэтгэлэг авдаг. Харин МСҮТ-ийн суралцагчид 45 мянгыг авдаг. Хэрэв мэргэжлийн сургалтын сургуульд суралцаж байгаа залууст олгодог тэтгэлгийг нэмбэл их, дээд сургууль руу хошуурах нь багасах байх” гэж саналаа хэлсэн. Ер нь оюутан, залуус тэднийг дэмжсэн төрийн бодлого, шийдвэр олон гарахыг хүсч явдгаа нуугаагүй. Оюутны тэтгэлэгтэй холбоотой асуултад нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ “Ардын нам УИХ-д олонхи байхдаа оюутнуудад тэтгэлэг олгох хуулийг 100 хувь дэмжиж баталсан. Энэ 70 мянган төгрөг хувь хүний халааснаас гарж байгаа хөрөнгө биш. Харин аав, ээжүүдийн чинь бий болгосон баялгийг эргүүлэн хойч ирээдүй болсон оюутнууддаа хуваарилж байгаа хэлбэр” гэлээ. Мөн Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн хувьд шинэ орон сууцны барилгын үйл ажиллагаатай танилцаж, барилгачин залуустай уулзсан. Бүх л аймагт тулгамдаж байгаа дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарах ёстойг тэрээр хэлж байсныг тодотгоё.
www.b-baterdene.mn