Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 2020 оны 7 дугаар сарын 21-нд Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Абдулла Аль-Тинижиг хүлээн авч уулзав.
Элчин сайд Абдулла Аль-Тинижи Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд баяр хүргэж АНЭУ-ын Гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагааны сайд Эрхэм дээд Шейх Абдулла Бин Заид Аль-Нахъянаас ирүүлсэн захидлыг гардуулан өгөв. Сайд Н.Энхтайван захидлыг талархан хүлээн авч, хариу мэндчилгээ уламжлав.
Сайд Н.Энхтайван Монгол, Эмиратын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна гээд эмиратын тал байгаль орчныг хамгаалах, бага насны хүүхдийн сурч боловсрох нөхцөлийг сайжруулахад дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.
Улмаар хоёр талын хамтын ажиллагааг цаашид худалдаа, эдийн засгийн салбарт өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэв.
Элчин сайд Эмират нь хүчтэй эдийн засагтай бөгөөд өөрийн орны технологи, инновацийн ололт амжилтаасаа хуваалцахад бэлэн байгааг онцлов. Тэрбээр хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах саналыг дэмжиж, хоёр орны хооронд шууд нислэг үйлдэх, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.
Сайд Н.Энхтайван хамтын ажиллагааны саналд талархаж, эмиратын тал өчигдөр Ангараг гараг руу сансрын судалгааны төхөөрөмжийг амжилттай хөөргөсөнд баяр хүргэв.