БНХАУ коронавируст цар тахлын эсрэг вакцин гаргавал аль болох богино хугацаанд Монголын талд нийлүүлэхийг хүслээ

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван энэ оны 7 дугаар сарын 23-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзав. Элчин сайд Чай Вэньруй Гадаад харилцааны сайд Н.Энхтайванд үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван саяхан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй утсаар ярьж,  Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэх чиглэлээр санал солилцож, олон чухал тохиролцоонд хүрснээ тэмдэглэв. Ялангуяа цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ойр дотно хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэх сонирхлоо илэрхийлж, БНХАУ коронавируст цар тахлын эсрэг вакцин гаргасан тохиолдолд аль болох богино хугацаанд монголын талд нийлүүлэх хүсэлтийг тавив.

Гадаад харилцааны сайд, Элчин сайд нар хоёр талын харилцааг тогтвортой хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний айлчлал, уулзалт чухал болохыг тэмдэглэж, нөхцөл бүрдсэн үед дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэхээр ажиллах, Засгийн газар хоорондын комисс зэрэг механизмын уулзалтуудыг зохих хэлбэрээр зохион байгуулахаар тохиролцов.

Гадаад харилцааны сайд, Элчин сайд нар улс орнууд цар тахалтай хамтран тэмцэж буй амаргүй нөхцөл байдалд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээх нь чухал болохыг онцлон тэмдэглэж, хоёр талын худалдааны харилцаа, томоохон төслүүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээ илэрхийлэв.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …