Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос мэдээллийн технологийн хөгжилтэй холбоотойгоор боловсролын салбарт бий болж буй боломж, тулгамдсан асуудал, цаашдын чиг хандлагыг тодорхойлох зорилготой “Боловсролын салбар дахь цахим шилжилт” хэлэлцүүлгийг өнөөдөр /2020.08.11/ зохион байгууллаа.
Боловсролын болон мэдээллийн технологийн салбарынхан оролцсон тус хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал хэлсэн үгэндээ, “Аливаа зүйл хоёр талтай байдаг шиг аюулт цар тахал биднийг айдаст түгшүүрт автуулж байгаа ч бас XXI зууны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж байна. Хөгжлийн шинэ чиг хандлага руу эргэлт буцалтгүй хөтөлж буй цар тахлын үед цахим сургалтыг зөв зохистойгоор нэвтрүүлж чадвал боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, алслагдсан бүс нутгууд дахь боловсролын чанарыг сайжруулах, хамрагдалтыг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой.
Инновац, цахим бодлогын байнгын хороо цахим сургалтын үр нөлөөг сайжруулах, эрх зүйн орчны тогтолцоог бүрдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллана” гэж тэмдэглэв. Мөн 2020-2021 оны хичээлийн жилд хичээлийн хөтөлбөрийн тодорхой хувийг танхимаар, үлдсэн хувийг зайнаас буюу цахим хэлбэрээр явуулах болсонтой холбогдуулан хэлэлцүүлэг зохион байгуулж буйг тэмдэглэсэн юм.
Хэлэлцүүлгийн үеэр “Ерөнхий боловсрол дахь цахим шилжилтийн асуудал”, “Дээд боловсрол дахь цахим шилжилтийн асуудал”, “Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын өнөөгийн байдал ба боломжууд”, “Санхүү эдийн засгийн их сургууль болон ерөнхий боловсролын 23 дугаар сургуульд нэвтрүүлсэн Системийн танилцуулга” сэдвүүдээр холбогдох байгууллагын албан тушаалтнууд илтгэл тавилаа.
Боловсрол, шинжлэх ухааны яамны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир “Ерөнхий боловсрол дахь цахим шилжилтийн асуудал” сэдэвт илтгэлдээ цар тахалтай холбоотойгоор заавал танхимаар суралцахгүйгээр өөр олон нээлттэй хувилбарыг сонгох шаардлага үүссэн учир эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай бөгөөд одоо байгаа систем, технологиуд дээр суурилан сургалтын чанар, үйл явц, багшийн хөгжлийг дэмждэг дижитал шилжилт рүү орох бүрэн боломжтойг хөндлөө.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ц.Сэргэлэн нар оролцож, саналаа хэлэн, байр сууриа илэрхийлэв.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг “Өнгөрсөн хагас жилийн хугацаан дахь теле хичээлийн үр дүнг юун түрүүнд үнэлэх шаардлагатай. Хөдөө орон нутгийн, Улаанбаатарын гэр хорооллын интернетэд холбогдоогүй хэсэгт амьдардаг хүүхдүүдэд теле хичээл тэгш хүртээмжтэй, чанартай хүрсэн үү гэдэг асуудал бий. Тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд танхимын бус сургалтын стандартыг маш нарийн тогтоож, нэвтрүүлэх, эрх зүйн орчин бий болгох шаардлагатай” хэмээлээ.
Улсын Их Хурлын гишүүн, Цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал хэлэлцүүлгийг дүгнэж хэлэхдээ “Хүссэн ч, эс хүссэн ч бид цахим руу шилжих нөхцөл байдалд хүрсэн. Их, дээд сургуулиудад энэ нь шинэ зүйл биш бол ерөнхий боловсролын сургуулиудын хувьд шинэ тутам юм.
Ерөнхий боловсролын 23, 84 зэрэг цөөхөн сургууль мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийн компаниудын тусламжтайгаар цахим сургалт нэвтрүүлж, сурагчдаа бүртгэдэг, хичээлээ явуулдаг болсон. Алслагдсан дүүрэг, аймаг орон нутагт энэ бол бэрхшээлтэй. Телевизээр заасан хичээл үр дүнтэй эсэхийг төдийлөн хэмжих боломжгүй. Харин цахим сургалтыг дүгнэж, үнэлж болно. Даалгаврыг засаж, үнэлгээ өгч, давтлага хэлбэрээр уулзалт хийж, видео хичээлүүдийг байрлуулчихаж болох жишээтэй.
Өнгөрсөн хугацаанд бид Боловсролын тухай хуулиндаа цахим сургалт, цахим боловсрол гэж юу вэ гэдгийг зааж өгөөгүй. Одоо харин яаралтай хуульчилж өгөх ёстой болсон. Цахим сургалт гэж юуг хэлэх вэ, ойлголтоо нэгтгэе. Их, дээд сургуулиудад цахим сургалт явуулах тодорхой эрх олгож, цахим сургалтын хөтөлбөр боловсруулж, магадлан итгэмжлэх хэрэгтэй.
Ерөнхий боловсролын сургуулиудын түвшинд нэг флатформд шилжиж, тухайлбал математик, монгол хэлний хичээлийг байршуулахад аль ч сургуулийн ямар ч ангийн сурагч кодоо хийгээд нэвтрэхэд тухайн хичээлийг судалж, хамрагдах, шалгалтаа өгөх бололцоог нээж өгөх хэрэгтэй. Салбарын яамтай эдгээр асуудлаар ярилцсан.
Улсын Их Хуралд Инновац, цахим бодлогын байнгын хороо байгуулагдсан энэ үед эхний том ажил цар тахалтай холбоотойгоор Байнгын хорооны тогтоол гаргаж, цахим сургалтын эрх зүйн орчны тогтолцоотой болох, Төрийн цахим харилцааны тухай хууль, Мэдээллийн өгөгдөл хамгаалах тухай хууль зэрэг хэд хэдэн хуулийг гаргах, одоо байгаа хуулиудад дагалдах өөрчлөлтүүдийг оруулах, мэдээллийн технологийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, цахим хичээл заах багшийн арга зүйг нэвтрүүлэх зэрэг ажлыг шат дараатай хийнэ. Засгийн газартай хамтарч ажиллаж, бодит үр дүнд хүрнэ” гэсэн юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.