Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суух Элчин сайд А.Төмөр 2020 оны 8 дугаар сарын 14-нд Монгол Улсаас НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр тохоон томилогдсон Итгэмжлэх захидлаа тус комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Сальсия Алисжабанад гардуулав.
Итгэмжлэх захидал гардуулсны дараа Гүйцэтгэх нарийн бичгийн дарга А.Алисжабанатай уулзах үеэр Монгол-АНДЭЗНК-ын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тодорхой төсөл хамтран хэрэгжүүлэх талаар ярилцав. Тухайлбал, байгаль орчин, статистик, гамшгийн эрсдлийг бууруулах, транзит тээвэр, худалдааг хөнгөвчлөх, далайд гарцгүй хөгжиж буй улсын эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр Монгол-АНДЭЗНК-ын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Байнгын төлөөлөгч илэрхийлж, цаашид монголын тал Комиссоос хэрэгжүүлж буй “Ундны усан хангамж, цэвэр усны хэрэглээний хүртээмжийг нэмэгдүүлэх”, “Тогтвортой хөгжлийн талаарх Ази-Номхон далайн платформ”-д идэвхитэй оролцох, “Ази-Номхон далайн бүсэд агаарын бохирдлыг бууруулах”, “Цөлжилт, газрын доройтол, байгаль орчин” зэрэг асуудлаар хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийлэв.
Байнгын төлөөлөгчийг үүрэгт ажилдаа орж буйд нь Комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга А.Алисжабана баяр хүргэж, Монгол Улс-АНДЭЗНК-ын хамтын ажиллагааг цаашид үргэлжүүлэн бэхжүүлэхэд хамтран ажиллахаа нотлохын зэрэгцээ өнгөрсөн онд Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үеэр монголын албаны хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийж, монголын талаас онцгой ач холбогдол өгч буй чиглэлүүдийн талаар мэдээлэл авснаа дурдаж, дээрх салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа дурдав.
Комиссын зүгээс КОВИД-19 цар тахал дэгдсэн цагаас хойш Монгол Улс цар тахалтай тэмцэхэд бүс нутагтаа манлайлан ажиллаж буйг сайшаан тэмдэглэв. Байнгын төлөөлөгч А.Төмөр цар тахлын эсрэг сүүлийн үед авч буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч, Монгол Улсад болсон сонгуулийн дүн, шинэ Засгийн газрын зүгээс өргөн бариад байгаа Мөрийн хөтөлбөрийн талаар ярив.