Улсын Их Хурлын даргын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр өгсөн “Ковид-19 цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан эх орондоо ирэх хүсэлт гаргасан Монгол Улсын иргэдийг татан авах асуудлаар Шадар сайдын мэдээллийг сонсох үүрэг өгсний дагуу өчигдөр (2020.08.26) Нийгмийн бодлогын байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдааныг зохион байгууллаа.
Хуралдаан 13 цаг 51 минутад 52.9 хувийн ирцтэй эхэлж, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг хамтарсан хуралдааны даргалсан юм. Хуралдааны эхэнд тэрбээр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу хуралдаанд хүрэлцэн ирсэн болон ирээгүй гишүүдийг сонгогдсон тойрог, нэрээр нь танилцуулав.
Хуралдааны эхэнд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар “Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болон эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг татан авах үйл ажиллагааны талаар мэдээлэл хийв.
Тэрбээр, дэлхий нийтэд хурдацтайгаар тархаад буй “Ковид-19халдварын цар тахлын эрсдэл өндөр хэвээр байгаа бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахлын “хоёрдугаар давалгаа” гарч буйг анхааруулж байгаатай холбогдуулан халдварын тархалтыг дотооддоо алдахгүй байх, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг бэхжүүлэхэд анхааран ажиллаж байна.
Хөл хорио тогтоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээнээс шалтгаалан уг халдварын тархалт улс орнуудад харилцан адилгүй байгаа ч хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт нь хамгийн үр дүнтэй гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас онцолсон. Сүүлийн үед шинж тэмдэггүй хүн халдвар тархаах тохиолдол нэмэгдэж байгаа бөгөөд уг вирус нь хүнээс хүнд халдварлахаас гадна хүнээс амьтанд, улмаар амьтнаас амьтанд халдварлаж байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.
Монгол Улс 2020 оны 1 дүгээр сарын 8-наас 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 19,832 хүнд тандалт судалгаа явуулж, давхардсан тоогоор 50,141 хүнд шинжилгээ хийснээс бусад улс орноос зөөвөрлөгдөн батлагдсан 298 тохиолдлыг илрүүлэн, эмчилж 289 хүн буюу нийт өвчлөлийн 96,9 хувийг эмчилж, эдгэрүүлсэн. 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт эмчлэгдэж буй 9 хүнээс биеийн байдал хөнгөн 8, хүндэвтэр 1 хүн байна.
Манай улсад батлагдсан тохиолдлуудын 46 хувьд хоолой өвдөх, 44 хувьд толгой өвдөх, 31 хувьд шинж тэмдэггүй, 30 хувьд ханиах, 29 хувьд халуурах, 27 хувьд ядрах, 19 хувьд нус гоожих, 12 хувьд жихүүдэс хүрэх, 12 хувьд амтлах мэдрэхүй алдагдах, 11 хувьд булчин өвдөх, 10 хувьд хамар битүүрэх, 2 хувьд ухаан балартах шинж тэмдэг илэрсэн.
Ковид-19халдвар зөөвөрлөгдөн орж ирэх болон хүн амын дунд тархах эрсдэлийн үнэлгээг 2020 оны 1 дүгээр сараас хойш нийт 11 удаа, мөн хилийн автозамын Алтанбулаг, Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлийн үнэлгээ, 21 аймаг, гамшгаас хамгаалах улсын 8 албанд хариу арга хэмжээ авах чадавхын үнэлгээг тус тус хийсэн бөгөөд “Өндөр” эрсдэлтэй гэж дүгнэлт гарсан. Эрсдэлийн үнэлгээний дүгнэлтээс үзэхэд манай улсын хүн амын дунд халдвар тархаж 1 хувь нь буюу 32,000 хүн халдварт өртвөл түүний 4,935 хүний биеийн байдал хүндрэх, 1,645 хүний биеийн байдал маш хүнд эрчимт эмчилгээнд орох, 1,481 хүн нас барах магадлалтай юм. Мөн Хилийн боомтуудаар автотээврийн хэрэгслээр импортын болон дамжин өнгөрөх ачаа барааг нэвтрүүлэх нь халдвар орж ирэх, дотоодод тархаан алдах өндөр эрсдэлийг үүсгэж байгаа тул “Хилийн боомтоор улс хоорондын ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах түр журам”-ыг боомтуудын нөхцөл байдалд нийцүүлэн дахин боловсруулж, бодитоор хэрэгжүүлэх арга хэмжээг авах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан.
2020-2021 хичээлийн жилийн үйл ажиллагааг 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэх шийдвэр гарсантай холбогдуулан “Хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх зарим арга хэмжээний тухай” 78 дугаар тушаал энэ оны 8 дугаар сарын 5-ны өдөр баталсан. Үүнд бүх шатны боловсролын болон сургалтын байгууллагын хичээл, сургалтын ажиллагааг үе шаттай эхлүүлэхтэй холбогдуулан эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд салбар дундын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, санхүү төсөв, дэд бүтэц, хүний нөөцийн бэлэн байдлыг хангаж ажиллахтай холбоотой бүх зохицуулалтыг 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор хийж, бэлэн байдлыг бүрдүүлэхийг чиглэл болгон ажиллаж байна.
Гадаад орноос эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах үйл ажиллагааг шат дараатайгаар тасралтгүй зохион байгуулж байна. Улсын онцгой комиссоос зохион байгуулсан 61 удаагийн захиалгат тусгай үүргийн нислэгээр 12,295, төмөр зам, авто замын хилийн боомтоор 8,894, нийт 21,189 иргэнийг гадаадын 53 улсаас татан авч тусгаарлан ажиглах арга хэмжээг зохион байгууллаа.
2020 оны 2 дугаар сард 1 удаагийн нислэгээр 31, 3 дугаар сард 5 удаагийн нислэгээр 1,076, 4 дүгээр сард 5 удаагийн нислэгээр 1,070, 5 дугаар сард 6 удаагийн нислэгээр 1,007, 6 дугаар сард 12 удаагийн нислэгээр 2,246, 7 дугаар сард 16 удаагийн нислэгээр 3,738, 8 дугаар сард 17 удаагийн нислэгээр 3,127 иргэнийг тус тус татан авсан.
Эх орондоо ирэх хүсэлт гаргасан Монгол Улсын иргэдийн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэх үүрэгтэй тусгай Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа бөгөөд үйл ажиллагаанд нь хууль, хяналтын байгууллагууд хяналт тавин ажиллаж байна.
Дипломат төлөөлөгчийн газрууд захиалгат нислэгт хамрагдах иргэдийн жагсаалтыг 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлж нээлттэйгээр, хүн бүр үзэж болохоор байршуулсан.
Эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг татан авах үйл ажиллагааг эрчимжүүлж байгаатай холбогдуулан “Ковид 19”халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл “Өндөр” хэвээр байна. Гэсэн хэдий ч хүний нутагт санхүүгийн хүндрэлд орсон, орон байргүй, нутаг буцах зардалгүй болсон иргэдэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр 300 сая төгрөгийг “Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сан”-д шилжүүлээд байна.
Гадаад орноос иргэдээ татан авах ажиллагаа нь тусгаарлах байрны хүрэлцээ, эрүүл мэндийн байгууллага, түүний дотор ХӨСҮТ-ийн вируслогийн лабораторийн хүчин чадал, оношлуурын нөөц, эрүүл мэндийн ажилтнуудын хүрэлцээ зэргээс ихээхэн хамаарч байгаа болно.
Нийслэлд 28 зочид буудал, 5 амралтын газар, 2 сувиллын газар, 4 эмнэлэг, 1 дотуур байрыг тусгаарлах зориулалтаар ашиглаж байна. Тусгаарлах байруудын зэрэглэл, орчны нөхцөл харилцан адилгүй байгаа. Мөн орон нутагт нийт 7 зочид буудал, 2 амралтын газар, 2 дотуур байр, 2 эмнэлэг сувиллын газрыг тусгаарлах зориулалтаар ашиглаж байна.
Тусгаарлан ажиглах байруудад эрүүл мэнд, онцгой байдал, цагдаагийн байгууллага болон аж ахуйн нэгжийн нийт 3,600 гаруй ажилтан, алба хаагч томилогдон, иргэдийн эрүүл мэндийг хянах, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, аюулгүй байдлыг хангах, хоол үйлдвэрлэл, цэвэрлэгээ үйлчилгээ, халдваргүйжүүлэлтийн ажлыг гүйцэтгэж байна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 266 зочид буудал үйл ажиллагаа явуулж буй бөгөөд тусгаарлах байрны шаардлагыг хангасан 53 аж ахуйн нэгж, байгууллага өөрийн зочид буудлаа тусгаарлах байраар ашиглуулахыг зөвшөөрч хамтран ажиллаж байна. Үлдсэн 154 зочид буудал, 43 амралтын газраас 25 хувь нь гал тогоогүй, нийтийн ариун цэврийн өрөөтэй, эсвэл нүхэн жорлонтой, 27 хувь нь усан хангамжийн инженерийн нэгдсэн шугамд холбогдоогүй тул гар нүүр угаах, усанд орох, бие засах зэргээр халдварын үед иргэдийг тусгаарлах, ажиглах түр зааварт заасан шаардлагыг хангахгүй, 48 хувь нь орны тоо хэт цөөн зэргээс шалтгаалан тусгаарлах байрны зориулалтаар ашиглах боломжгүй юм.
ХӨСҮТ 250 өвчтөн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд халдвартын 35 их эмч, 60 сувилагч, 14 ариутгагч “Халдвар хамгааллын дүрэм”-ийн дагуу 28 хоног (14 хоног өвчтөнтэй ажиллаж, 14 хоног эмнэлэг дээрээ тусгаарлагддаг)-оор ээлжлэн голомтод ажилладаг хэмээн мэдээлэл хийлээ.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Батболд, Т.Доржханд, Ц.Сандаг-Очир, Б.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, Н.Энхболд, Д.Сарангэрэл, Н.Наранбаатар, С.Одонтуяа, Б.Бейсен, Ж.Чинбүрэн, Б.Жаргалмаа, Н.Алтанхуяг нар асуулт асууж, гишүүдийн асуултад Шадар сайд болон Засгийн газрын гишүүд чиглэл тус бүрээрээ хариулт өгөв.
Улсын Их Хурлын гишүүн С.Батболд төсвийн тодотголоор цар тахалтай тэмцэх ажилд хангалттай төсөв тавьсан эсэх, төсвийн зарцуулалт болон цар тахлын эсрэг вакцинтай холбоотой мэдээллийг тодрууллаа. Асуултад Шадар сайд Я.Содбаатар “Цар тахалтай тэмцэх ажилд 380 тэрбум гаруй төгрөг шаардлагатай гэж тооцоо гарсан. Хүнсний хангамжтай холбоотойг нь салгавал 244 тэрбум шаардлагатай. Төсвийг ХӨСҮТ-д ор нэмэх, улирлын томуугийн вакцин худалдаж авах, голомтод гардан ажиллаж байгаа албан хаагчдын ар гэрт мөнгөн тусламж үзүүлэх зэргээр зарцуулж байна.
Манай улс цар тахлын эсрэг вакцин гарвал түүнийг авах чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа. ДЭМБ-ын байгуулсан системд 172 улс вакцин авахаар нэгдсэний нэг нь Монгол Улс. Өнөөдрийн байдлаар идэвхтэй хөгжүүлэлт хийсэн 9 вакцин бүртгэгдсэн. Хоёр хөрш улс маань нэг, нэг вакцин бүртүүлсэн тул хоёр хөрштэй дипломат шугмаар харилцаж байна” гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд төсвийн тодотголд хилийн чанадад байгаа иргэдээ татан авчрах ажилд хэдэн төгрөг тусгасан болон төлбөрөө төлж чадахгүйн улмаас ирж чадахгүй болсон иргэдийг авчрахад мөнгө суулгасан эсэхийг тодруулав. Энэ асуултад “Гадаадаас иргэдээ татан авахад төсвийн тодотголоор мөнгө тавиагүй. Олон талын хүчин зүйлээс шалтгаалж иргэдийг татаж авах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Зөөвөрлөгдөн орж ирж буй халдварыг дотооддоо алдахгүй байх нь гол зорилго юм. Дэлхийн зарим улс орон хээрийн ор дэлгэж иргэдээ аваад дотооддоо халдвар алдсан. Манай улсын хувьд эрсдэлийн үнэлгээг сайтар хийсний үндсэн дээр татан авах иргэдийн тоог сар бүр нэмэгдүүлж байна” хэмээн Шадар сайд хариуллаа.
Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд “Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сан”-д шилжүүлсэн 300 сая төгрөгийн зарцуулалтын талаар тодруулж, уг асуултад Гадаад хэргийн сайд Н.Энхтайван “Гадаадад хүнд байдалд орсон иргэддээ энэ эх үүсвэрийг зарцуулна. Онгоцны билет авах, тусгаарлах байрны зардалд төлөх гэхчлэн зарцуулалтын журам гаргана” гэсэн агуулгаар хариуллаа.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очириргэдийг татан авах ажиллагаатай холбоотойгоор ар, өврийн хаалгаар шийдэгддэг гэсэн шүүмжлэл гарч, ер нь энэ талаар иргэд бүрхэг мэдээлэлтэй байна. Иргэдийг татан авах эцсийн шийдвэрийг хэн гаргадаг, хэний шийдвэрээр авдаг вэ. Тусгаарлах байрны бодит нөхцөл байдал ямар байна. Дотоод, гадаадын зээл, тусламжийг үргүй зарцуулсан гэдэг үндэслэлээр Шуурхай штабын ажилтнуудыг шалгаж байгаа нь үнэн үү гэсэн асуулт асуулаа. Асуултад Шадар сайд Я.Содбаатар “Тухайн сард аль орон руу хэдэн удаа тусгай үүргийн нислэг явуулах вэ гэдэг шийдвэрийг Улсын онцгой комисс, харин тухайн онгоцонд хэн, хэн гэдэг иргэн суух вэ гэдгийг Шуурхай штаб шийддэг. Би ажлаа аваад аль онгоцонд, хэн гэдэг иргэн суух, тэр хүний нэр нь орсон уу гэх зэрэг бүх мэдээллийг ил тод болгох үүрэг өгснөөр иргэдийн өргөдлийн шийдвэрлэлт, аль онгоцонд суух мэдээлэл ил болсон.
Тусгаарлах байрны үйл ажиллагаанаас шалтгаалсан гомдолтой холбоотойгоор газар дээр нь Ажлын хэсэг ажиллаж зарим тусгаарлах байртай байгуулсан гэрээгээ цуцалж байна. Тусгаарлах байруудад тогтмол 3000-4000 хүн байрладаг.
Авлигатай тэмцэх газарт Шуурхай штабынхан шалгагдаж байгаа. Одоогийн байдлаар ноцтой мэдээлэл илрээгүй” гэж хариулсан бол Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр “Онгоцонд суух нэрийг хоёр талаасаа тулгадаг. Ажлын хэсэг нэрээ гаргасны дараа билет захиалгыг МИАТ-д хүргүүлдэг. Тусгаарлах байрны хоолны чанартай холбоотой гомдол багассан. Ажлын хэсгээс хүн томилоод бүх байруудад ажиллаж, асуудлыг тухай бүрт нь шийдвэрлээд явж байна” гэлээ.
Дотоод, гадаадын зээл, тусламжийн зарцуулалтын талаарх асуултад Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт “Олон улсын байгууллагууд манай улсад төсвийн дэмжлэг хэлбэрээр зээл тусламж олгож байна. Цар тахал төсөвт 2.5 их наяд төгрөгийн алдагдал хүлээх нөлөө үзүүлж байгаа. Азийн хөгжлийн банк 100 сая, Валютын сангаас 99 сая доллар хүлээж авсан. Энэ мөнгө төсвийн алдагдалд буюу хүүхдийн мөнгө олгох зэрэг эх үүсвэрт зарцуулагдаж байна” гэв.
Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан эх орондоо ирсэн иргэдийн зарим нь архи дарс уусан, тамхины ишээ цонхоор хаясан зэргээр журам зөрчиж байна гэсэн мэдээлэл бий. Ийм эрсдэлтэй зүйл хийж болохгүй. Цар тахал эх орны үнэ цэнийг хүмүүст мэдрүүлж өглөө. Давхар эдийн засгийн хүнд байдалд хүргэлээ гээд цар тахлын голомтод ажиллаж байгаа албан хаагчдыг хэрхэн урамшуулах, цаашид эдийн засгаа сэргээх, ажлын байраа хадгалж үлдэх, гадаад улсуудаас зээл тусламж авах хамаарал багатай байхын тулд хэрхэн ажиллах вэ гэдгийг тодруулав.
Дээрх асуултад Шадар сайд Я.Содбаатар “Цар тахалтай гардан тэмцэж ажиллаж байгаа албан хаагчдын урамшууллын хэлбэрийн нэг нь тодорхой нөхцөлтэй орон сууцанд оруулах асуудал байгаа. 1000 орон сууц шийдвэрлэснээс одоогоор байгууллага бүрээр квот тогтоож 850 байрыг албан хаагчдад хуваарилж байна. Мөн халдвартай иргэдтэй шууд харьцаж, гардан эмчилж, асарч байгаа 380 гаруй албан хаагчийн ар гэрт мөнгөн дэмжлэг олгох асуудлаар төсөвт 3.4 тэрбум төгрөгийн тодотгол орсон. Үүнийг батлаад өгвөл том дэмжлэг болно. Хамгаалах хэрэгсэл өмсөөд 14 хоног ажилана гэдэг амаргүй.
Эдийн засгийг сэргээх чиглэлээр ард иргэд, аж ахуйн нэгжээ дэмжихээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй ажил он дуустал үргэлжлэнэ. Мөн нийгэм, эдийн засгаа сэргээхэд ямар стратеги барьж ажиллах судалгааг хийж байна. Дуусаад бодлогын зөвлөмж гарна.
Гадаадын зарим хөрөнгө оруулагчийг оруулж ирэх талаар ажиллаж байна” хэмээн хариулав.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нүүрс тээврийн “Ногоон гарц” хөтөлбөр хэрэгжүүлснээр хоногт 1200-2000 машин нүүрс Гашуунсухайт боомтоор гарч байгаа бол Тамсагийн нефтийн ордоос хоногт 48 машин гарч байна. Цаашид гарцыг нэмэгдүүлэх бодлого барьж байна” гэв.
Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл гадаадаас иргэдээ эрсдэлийн үнэлгээгүйгээр, эмх замбараагүй татаж авбал ард иргэдээ нийтэд нь эрсдэлд оруулна. Ганцхан бодит жишээ дурьдахад, Хонгконгд гадаадаас эх орондоо ирсэн иргэнээс 4 сарын дараа хүмүүсийн дунд явж байгаад халдвар илэрсэн. Энэ тохиолдол манайд ч ийм эрсдэл байгааг харуулж байна гээд цар тахлын голомтод ажиллаж байгаа албан хаагчдыг шагнаж урамшуулах талаар асуулт асуун, хариулт авлаа.
Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар нүүрс тээврийн жолооч нарыг ажлын онцлогоос нь шалтгаалж 21 хоногийн тусгаарлалтыг 14 болгож бууруулах боломжийн талаар болон хил дээр ажиллаж байгаа албан хаагчдын хувийн хамгаалах хэрэгслийн зарцуулалтад хэрхэн дэмжлэг үзүүлж буйг тодруулсан асуултад Шадар сайдын зүгээс тусгаарлах 21 хоногийг өөрчлөхгүй, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал халдваргүйтэлд 7.7 тэрбум төгрөг төсвийн тодотголд тавьсан. Хилийн аймгуудыг тусгайлан харж үзэж байна гэж хариулав. Салбарын сайд мөн тусгаарлалтын 21 хоногийг 14 болгож цөөрүүлэх нь маш том эрсдэл дагуулна гэдгийг хэллээ.
Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен коронавирусийн хувьсамтгай хэлбэр нь мутацид орж байна. Манай улс вирусийг судалж байгаа асуудал бий юу гэсэн асуулт болон Казакстан улсаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан хүмүүсийн хэд нь хуваарьт багтсаныг тодруулав. Энэ асуултад эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Вирусийг судлах чиглэлээр манай улсад бүтэн баг ажиллаж байна. Вирусийн эсрэг эмчилгээний арав гаруй аргыг судалсан. Цаашдаа энэ ажил үргэлжилж хийгдэнэ” гэсэн бол Шадар сайд Я.Содбаатар “Казакстан улсаас ирэх хүсэлтэй 1120 хүн байна. 8 дугаар сарын 29 нд онгоц нисгэнэ. 9 дүгэр сард нисгэх эсэхийг өвчлөлийн байдлаас шалтгаалж шийдвэрлэнэ” гэв.
Улсын Их Хурлын гишүүн П.Анужингийн “Шадар сайдын мэдээлэлд цар тахлын хоёр дахь давалгаа эхэлж байна гэж гарлаа. Одоогоор дэлхийн 26 л улс сургууль, цэцэрлэгээ нээсэн байна. Энэ үед манай улс бэлтгэлээ бүрэн хангаад сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлж байна уу” гэсэн асуултад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн “Эхний ээлжинд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлнэ. Бэлтгэл ажлаа хангасан. Цэцэрлэг, сургуулийн танхимыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр ариутгал хийж байна. Эхний хоёр удаагийн ариутгалаа 80 хувьтай хийсэн. Албан ёсны мэргэжлийн байгууллагаар хийлгэж байгаа. Цэцэрлэгүүдэд мөн гар арутгагч, халууны шил худалдаж авах ажиллагааг хийж эхэлсэн” гэсэн бол Шадар сайд Я.Содбаатар “9 дүгээр сарын 1-нээс хичээл эхлэнэ. Сум, тосгоны сургууль, цэцэрлэг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэвийн горимоор эхлэх бол 9 дүгээр сарын 14-өөс аймгийн төвүүдэд бүгд хэвийн горимоор, 9 дүгээр сарын 21-нээс Улаанбаатарын бүх сургуулийг хэвийн горимоор буюу танхимын сургалтад шилжүүлэхээр бэлтгэл хангаж байна. 10 дугаар сарын 14-өөс их, дээд сургуулиа оруулна. Халдвар, хамгааллын дэглэм сахиулах, хэвшүүлэх үүднээс гэхчлэн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж эрсдэлээ тооцож ийм арга хэмжээ авч байна” гээд коронавируст цар тахал улирлын томуутай хавсрах аюултай учраас амны хаалтаа тогтмол зүүж, халдвар, хамгааллын дэглэмийг сахих талаар ард иргэд өндөр хариуцлагатай байх талаар анхаарууллаа.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас “Хиймэл уушги буюу уушги орлуулагч “ECMO” аппарат манай улсад хэдэн ширхэг байна вэ, дотоодод халдвар дэгдлээ гэхэд ор хүрэлцээтэй болсон уу, халдвар тусаад эдгэрсэн хүмүүст дархлаа тогтсон байдлын судалгаа хэрхэн гарч байна вэ” гэсэн асуулт асууж, салбарын сайд “Амьсгал, зүрх судас орлуулагч “ECMO” аппарат улсын хэмжээнд байгаагүй. Саявтар нэг аппараттай болсон. Нэмж нэг аппаратны захиалга хийгдсэн. 11 дүгээр сард ирнэ.
Эрчимт эмчилгээний орны асуудал туйлын чухал. Дотоодод халдвар гарч, дэгдэлт боллоо гэхэд хүн амын 1 хувиар тооцоход 1500 ор шаардлагатай гэж тооцож байна. Одоо 400 гаруй ор байна. Нэмж 1000 ор бэлтгэх шаардлагатай. Эрчимт эмчилгээний ор гэхээр дан ганц орны асуудал бус иж бүрэн тоноглогдсон орны тухай асуудал юм. 600 орны захиалга хийгдсэн. Ирэх сард бэлтгэл нэлээд хангагдана. Халдвар илрэх магадлал өндөр учир бүхий л шатны эмнэлгийн чадавхийг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна.
Халдвар туссан хүмүүсийн дунд эсрэг бие үүссэн үү гэдэг судалгаа хийхэд 85 хувьд нь эсрэг бие үүссэн. Эсрэг бие үүссэн ч бусдад халдах чадвар өндөр а гэж үзэж байгаа” хэмээн хариуллаа.
Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг цар тахал бидэнд эерэг, сөрөг их олон зүйлийг мэдрүүллээ. Иргэдээс 7.4 тэрбум төгрөг, хонь мал гэхчлэн маш их хандив өгсөн байна. Ингэж нэгдэж чадсан иргэд, аж ахуйн нэгждээ бас баярлах хэрэгтэй.
Одоо хамгийн хүнд үе бидний өмнө байна. 9 дүгээр сарын 1 гэхэд сургууль, цэцэрлэг эхлэхээр эрсдэл улам нэмэгдэх учир тайвширч болохгүй гэдгийг захиж хэлээд, гадаадын улс орнуудаас үзүүлж буй зээл, тусламжийн талаар нэмж тодруулан хариултаа авлаа.
Үргэлжлүүлэн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Т.Доржханд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Сэргэлэн, Д.Сарангэрэл нар үг хэлэв.
Төгсгөлд нь хуралдаан даргалагч, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр гишүүд тодорхой зүйлүүдийг хэллээ. Цаашид тар тахлыг дотооддоо алдаагүй амжилтаа бататгаж, улам бүр хариуцлагатай ажиллан, улирлын томуугийн дэгдэлтийг хүндрүүлэлгүйгээр даван туулах бэлтгэл ажлыг хангах, зарцуулж байгаа хөрөнгө мөнгийг ил тод байлгах, шаардлагатай эрх зүйн зохицуулалтуудыг тухай бүрт нь хийж явах чиглэлийг өгч байна” гэснээр хамтарсан хуралдаан өндөрлөв.