Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2020.08.27) нэгдсэн хуралдаан 09 цаг 05 минутад 56 хувийн ирцтэйгээр эхэлж, Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүун Ц.Сандаг-Очир танилцууллаа.
Хуулийн зарим зохицуулалтыг хэрэгжүүлэхэд Улсын Дээд шүүхийн тухайд хуулийн төслийн үзэл баримтлалд тусгасан хүндрэл бэрхшээл үүсч байгаа хэрэгцээ, шаардлагад үндэслэн хяналтын шатны шүүн таслах ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхээ шүүхийн журмаар нөхөн сэргээлгэх иргэдийн эрхийг баталгаатай эдлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төслийг боловсруулах хэрэгцээ, шаардлагын заримыг төслийн танилцуулгад дурдсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 120 дугаар зарлигаар Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 5 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлснээр Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим хяналтын шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байх тохиолдолд гарч байсан байна. Түүнчлэн Улсын дээд шүүхийн шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс татгалзах тохиолдолд уг хэргийг өөр танхимын шүүгч бүрэлдэхүүнд орж шийдвэрлэх нь хуулиар хязгаарлагдсан.
Өнөөдрийн байдлаар 2400 гаруй хэрэг хуримтлагдаж цаашид ч энэхүү тоо өсч, үүний ард хэргийн оролцогчийн эрх ашиг хохирох бодит нөхцөл байдал үүссэн гэлээ. Хуулийн төсөлд дараах асуудлыг тусгав. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрхэд “танхимын бүрэлдэхүүнийг батлах, хуульд заасан үндэслэлээр танхимын шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байгаа тохиолдолд шүүх бүрэлдэхүүнийг танхим хооронд томилох;” эрхийг шинээр нэмсэн. Ерөнхий шүүгч танхимын бүрэлдэхүүнийг батлах эрхийг хэрэгжүүлэх нь шинээр томилогдсон шүүгчийг танхимын шүүн таслах ажиллагааны цар хүрээ, тухайн цаглабарт шийдвэрлэгдэж буй хэргийн тоон үзүүлэлт, ажлын ачаалал, шүүгчийн мэргэшсэн байдал, туршлага зэргийг харгалзан үзэж аль нэг танхимд хуваарилах асуудал гэдгийг төсөл санаачлагчийн илтгэлд онцоллоо.
Шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд шүүх бүрэлдэхүүнийг танхим хооронд томилох эрхийг Ерөнхий шүүгчид олгосноор шүүн таслах ажиллагаа тасралтгүй, хэвийн явагдах нөхцөл бүрдэхээс гадна эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүйн улмаас үүдэн гарах эрх зүйн хүндрэлийг нэг мөр шийдвэрлэх боломжтой гэж үзсэн байна.
Хуулийн төслийн 2, 3 дугаар зүйлд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан хүндрэл үүсгэж буй Улсын дээд шүүхийн шүүгч өөр танхимын шүүн таслах ажиллагаанд оролцохыг хориглосон агуулга бүхий хэсгийг өөрчлөн найруулж, мөн хуулийн 18.1.4 дэх заалтын дугаарлалтыг өөрчлөхтэй холбоотой зохицуулалтыг тусгажээ.
Хууль зүйн байнгын хороо 2020 оны 8 дугаар сарын 25-ны хуралдаанаараа хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн байна. Хуулийн төслийг хэлэлцэх явцад Улсын Их Хурлыи гишүүн Б.Энхбаяр Улсын дээд шүүхийн иргэний танхимд үүссэн хүндрэлийг хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх хэдий ч нөгөө талдаа Дээд шүүхийн ерөнхий шүүгч шүүгчдийг танхим хооронд хуваарилах эрхтэй болсноор ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл бүрдэх эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар хуулийн төсөлд заасан хүрэлцэхгүй нөхцөл байдал гэдгийг ямар утгаар ойлгож байгаа талаар асуулт асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүйгээр асуудлыг шийдвэрлэх боломжтой талаар, Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор өргөн мэдүүлсэн хуулийн төслийг дэмжиж байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийг Засгийн газар өргөн мэдүүлсэн бөгөөд хэлэлцүүлгийн шатанд байгаа хэдий ч хууль хэлэлцэн батлагдахад тодорхой хугацаа шаардлагатай учраас иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс өргөн барьсан хуулийн төслийг дэмжиж байгаа талаар санал хэлсэн байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, С.Чинзориг, Ш.Адьшаа, С.Амарсайхан нар асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ажлын хэсгээс хариулт, тайлбар авсан юм. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулж гишүүд үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Н.Алтанхуяг, Ж.Сүхбаатар нар шүүн таслах ажиллагаа тасралтгүй, хэвийн явагдах нөхцөл бүрдүүлэх гэж байгаад Ерөнхий шүүгчид танхимын бүрэлдэхүүнийг батлах эрхийг олгосноос үүдэн сөрөг үр дагавар гарах магадлалтай тул ээлжит чуулганы хугацаанд нухацтай хэлэлцэх нь зүйтэй гэсэн үндэслэлээр төслийг энэ удаа хэлэлцэхийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн.
Ийнхүү гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүний 38 нь буюу 60.3 хувь нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.14-т “Санал хураалтад оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээгүй бол хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай тогтоол баталсанд тооцно” хэмээн заасан байдаг. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг уншиж танилцууллаа.