Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2020.08.28/ хуралдаан 11 цаг 25 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан танилцуулж, хэлэлцэх асуудлаа баталлаа.
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай тогтоолын төслийг дэмжив
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Хуралдаан даргалагчийн зүгээс Сонгуулийн ерөнхий хорооны зарим гишүүд чөлөөлөгдөх хүсэлтээ Байнгын хороонд ирүүлсэн учир Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.5 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсгийг үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байгааг танилцуулав.
Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Хорооны гишүүний тавыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно гэсэн заалтын дагуу Жамсранжавын Болд, Пүрвээгийн Дэлгэрнаран, Эрдэнийн Түвшинжаргал нарыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлж буйг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан танилцуулсан бол Даваанямын Даваа-Очирыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлж буйг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцууллаа.
Жамсранжавын Болд нь Цагдаагийн ерөнхий газрын дарга. Цагдаагийн хурандаа цолтой, хуульч мэргэжилтэй. Төрийн албанд 34 дэх жилдээ ажиллаж байна.
Пүрвээгийн Дэлгэрнаран нь Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтэст ахлах референт. Улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй. Улсад 32 жил ажиллаж байгаа бөгөөд үүнээс төрийн албанд 7 жил ажиллаж байна.
Эрдэнийн Түвшинжаргал нь Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга. Эрх зүйч мэргэжилтэй. Улсад 27 жил ажиллаж байгаа бөгөөд үүнээс төрийн албанд 12 дахь жилдээ ажиллаж байна.
Даваанямын Даваа-Очир нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга. Эрх зүйч, хуульч мэргэжилтэй. Төрийн албанд 39 дэх жилдээ ажиллаж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж асуулт асуух шаардлагагүй гэж гишүүд үзсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Н.Энхболд, Ж.Сүхбаатар нар үг хэллээ.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар нэр дэвшигчдэд хандан Сонгуулийн ерөнхий хороо бол сонгогчдын эрхийг хамгаалах байгууллага гэдэг цаг үеийн шаардлагыг мэдэрч, энэ чиг үүргээ идэвхтэй хэрэгжүүлж ажиллах, мөн улстөрийн хувьд төв, голч байх талаар захилаа.
Ингээд Жамсранжав овогтой Болдыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 86.7 хувийн саналаар, Пүрвээ овогтой Дэлгэрнаранг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 80.0 хувийн саналаар, Эрдэнэ овогтой Түвшинжаргалыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 86.7 хувийн саналаар, Давааням овогтой Даваа-Очирыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 86.7 хувийн саналаар тус тус дэмжив.
Мөн өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Сайннямбуугийн Баатаржав, Эрдэнэбилэгийн Батболд нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс, Чойнзонгийн Содномцэрэнг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас, Цэдэн-Ишийн Болдсайханыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Сонгуулийн ерөнхий хорооны Нарийн бичгийн даргын үүрэг ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.
Ингэснээр уг асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.