Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд Гадаад харилцааны яам, БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-тай хамтран “Монгол Улс, БНСУ-ын түншлэлийн харилцаа-30 жил” сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурал, Гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарын 8-ны өдөр Гадаад харилцааны яаманд зохион байгуулав.
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны дарга Д.Сарангэрэл, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун нар Гэрэл зургийн үзэсгэлэн, Эрдэм шинжилгээний бага хурлыг нээж, үг хэлэв.
Эрдэм шинжилгээний бага хуралд Монгол Улсаас БНСУ-д суусан анхны Элчин сайд П.Үржинлхүндэв, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал Д.Золбоо, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал С.Баттулга, БНСУ-ын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжигч агентлаг(KOTRA)-ийн суурин төлөөлөгч Жон Вон Жүн, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага(КОЙКА)-ын суурин төлөөлөгч Жу Хэн Ран нар оролцож, Монгол, БНСУ-ын өнөөгийн харилцаа, түүний дотор улс төр, аюулгүй байдал, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагааны ирээдүйн чиг хандлагын талаар сонирхолтой илтгэлүүдийг тавив.
Гэрэл зургийн үзэсгэлэнд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан төр, засгийн удирдлагуудын харилцан айлчлал, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг түүхэн замнал болгон харуулав. Тус үзэсгэлэнд манай ГХЯ-ны Төв архиваас гадна БНСУ-ын Засгийн газрын Архив болон судлаачид, ахмад дипломатуудаас цуглуулсан түүхэн зураг хөрөгийг анх удаагаа үзмэр болгон гаргаж буйгаараа онцлог юм. Эрдэм шинжилгээний бага хурлын хүрээнд монгол, солонгосын эрдэмтэн судлаачдын 100 орчим бүтээлийг номын булан болгон дэлгэв.