Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Соёлын сайд С.Чулуун танилцуулсан юм.
Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс соёлын талаар баримтлах бодлого”-д баримтат болон уран сайхны кино бүтээх эрх зүйн орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Мөн Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”, Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т Киноны тухай хуулийн төслийн боловсруулж батлуулахаар заасан.
Дээр дурдсан хууль зүйн үндэслэл, шаардлага болон монгол киног дэлхийн зах зээлд өрсөлдүүлэх, кино үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, кино урлагийн салбарыг эдийн засгийн хөгжилтэй уялдуулан хөгжүүлэх эрх зүйн орчин бий болгох зорилгоор Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөл нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 23.1-д зааснаар анхдагч хуулийн төсөл бөгөөд 6 бүлэг, 15 зүйлтэй юм.
Хуулийн төсөлд төрөөс кино урлагийг хөгжүүлэх талаар бодлогын чиглэл, зарчмыг тодорхойлж, төрийн байгууллагын эрх, үүргийг шинээр тодорхойлж, кино урлагийн мэдээллийн сан бүрдүүлэх, кино урлагийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс аливаа улс өөрийн соёлын аюулгүй байдал, салбарын хэмжээнд баримтлах бодлого, улс орноо сурталчлах үүднээс кино урлагийн хүчтэй нөлөөлөл, ач холбогдлыг ашиглах, үндэсний соёл, өвөрмөц онцлог, өв уламжлалыг эерэгээр харуулсан, монгол агуулга бүхий киног төрөөс дэмжих, кино урлагаар дамжуулан Монгол Улсыг сурталчлах; Монгол киноны чанарыг сайжруулах, орчин үеийн техник технологийн ололт амжилтыг нэвтрүүлэх, уран бүтээлчдийг олон улсын чиг хандлага, арга барилд суралцах, кино зохиол, найруулагч, инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэх болон кино урлаг өндөр хөгжсөн орны сургалт, арга барил, сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэх, нутагшуулах, уран бүтээлчдийн хөгжлийг дэмжих зохицуулалтыг нарийвчлан тусгажээ.
Хууль батлагдан хэрэгжиж эхэлснээр Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд жил бүр улсын захиалгаар түүхэн сэдэвт уран сайхны, бүрэн хэмжээний кино туурвихад улсын төсвөөс 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор заасны дагуу жил бүр улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх шаардлага үүснэ гэдгийг Соёлын сайд илтгэлдээ тодотголоо.
Уг хуулийн төслийг дагалдуулан Соёлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.
Кино урлагийг дэмжих тухай болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцээд төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Ганбат, Ц.Сэргэлэн, Б.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Ц.Мөнх-Оргил, Б.Энхбаяр, Х.Баделхан, Ц.Анандбазар нар Соёлын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авч байр сууриа илэрхийлэв.
Соёлын сайд С.Чулуун гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, өнгөрсөн зуу шахам жилд үндэсний том хэмжээний цөөн хэдэн киног төрийн дэмжлэгээр бүтээсэн. Үүний нэг нь “Мандухай сэцэн хатан” кино, одоо ийм хэмжээний киног Монголд үй ажиллагаа явуулж байгаа 900 гаруй кино студийн аль нь ч хийж чадахгүй.
Үндэсний язгуур ахуй, өв соёл, амьдралын өвөрмөц хэв маягийг зөв утга агуулгаар гадаадад төдийгүй дотооддоо таниулж сурталчлахад сэтгэлгээний өөрчлөлт хийх цаг болсон гэж үзэж байгаа. Иймээс үүнийг зөв талаас нь таниулж залуу хойч үедээ ойлгуулах, түгээж сурталчлахад яамны зүгээс бүх талаар анхаарч ажиллана.
Төрийн бодлогыг авч явах тусгайлсан яамгүй олон жил явж ирснээс үүдэж боловсон хүчний чадвар, чадавх муудсан тал бий. Иймээс сумын соёлын төвийн ажилтнаас эхлээд яамны түвшинд хүртэлх бүх шатанд боловсон хүчнээ чадавхжуулах шаардлага тулгарч байна, энэ чиглэлээр тодорхой бодлого чиглэл гаргаж ажиллана гэдгээ хэллээ.
Хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Даваасүрэн, Ж.Сүхбаатар, Ж.Мөнхбат нар үг хэлж, төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд ажлын хэсэг гарган төслийг нухацтай ярилцах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.
Байнгын хорооны саналаар Кино урлагийг дэмжих тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 63.5 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.