Ц.Мөнхбаярын хүү М.Эрдэнэ: Цагдаагийнхан аавыг авлига авсан гэж жүжиг тавьсан

1_1383879294“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын иргэдийг Төрийн ордны зүг буудсан хэрэгт буруутган Тагнуулын ерөнхий газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Ц.Мөнхбаярыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүн хараа дахь мөрдөнд хорьж байгаад ШШГЕГ-ын харьяа Сонсголон дахь 461 дүгээр хорих ангид шилжүүлжээ. Зүүн хараад Ц.Мөнхбаярыг хоригдож байхад нь хүү М.Эрдэнэ нь эргэсэн байна. Түүнтэй ярилцлаа.

-Аавыг чинь ямар учраас Сэлэнгийн Зүүн хараагийн хориход шилжүүлсэн юм бэ. Уулзахаар очсон гэсэн үү, юу ярьж байх юм?

-Сэлэнгийн Зүүн хараагийн хорихын мөрдөнд шилжүүлээд долоо хоног байлгаж байгаад эргүүлээд 461 дүгээр хорих ангид авчирсан. Өмгөөлөгч нь байнга очиж уулзахад хол, хүндрэл учирж байгаа учраас хүсэлт гаргаж хотод шилжүүлсэн. Аавтайгаа уулзаагүй. Уулзахын тулд зөвшөөрөл авах ёстой байсан. н.Энхбаяр өмгөөлөгч уулзсан. Бие нь гайгүй, сэтгэл санаа өөдрөг байна гэсэн. Аав хотод шилжээд ирсэн учраас хүсэлт тавиад уулзаж болох байх.

-Аавыг чинь ганцааранг нь Зүүн хараад хорьсон юм уу. Бусад хүмүүс нь хаана хоригдож байгаа юм бол?

-Тийм. Налайхад Г.Болдбаатар, Г.Төмөрбаатар нарыг хорьж байгаа. Мөн хоёр хүнийг ШШГЕГ-ын 461-р ангид хоригдож байгаа гэсэн. Аав нэмэгдэж ирсэн.

-Аавыг чинь хэчнээн хэрэгт буруутгаж байгаа юм бол оо? Авлига авсан хэрэгт мөн буруутгаж байгаа?

-Олон нийтийг заналхийлсэн, хүний амь санаатайгаар бүрэлгэх гэж оролдсон гэж буруутгасан. Авлига авсан гэж ор үндэслэлгүй “жүжиг” тавьсан. Аавыг нэмж өөр хэрэгт буруутгаж, дарж авья гэсэн бодолтой байх шиг байна. “Нутаг чөлөөлөх ажиллагаа” гэж явуулж байхад алтны компаниуд өөрсдийгөө буруу зүйл хийж байна гэдгээ хүлээн зөвшөөрөөд “Та нар энэ үйл ажиллагаандаа /Нутаг чөлөөлөх ажиллагаа/ их хөрөнгө мөнгө зарцуулж байна. Тийм учраас мөнгө хандивлая” гэсэн утгаар 500 мянган төгрөг хандивлаж байсан. Хандив өгөхдөө тухайн орон нутгийн цагдаа болон Тамгийн газрын дарга нь нарын оролцоотойгоор гэрээ байгуулаад гарын үсэг зураад баталгаажуулаад өгсөн байдаг. Гэтэл алтны компанийн тэр хүмүүс нь одоо авлига авсан мэтээр яриад байгаа.Тухай үед нь асуудлаа тавиагүй мөртлөө, одоо хоригдсон үед нь гэнэт авлига авсан гээд яриад байгаа нь ойлгомжгүй байгаа юм. Нэг, хоёр хүн л ийм асуудал хуулийнханд мэдэгдсэн юм билээ.

-Авлига авсан гэдгээр зүйл анги нэмэгдсэн юм уу?

-Үгүй. Авлига авсан гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэгт буруутгаагүй. Ямар нэгэн баталсан, нотлогоо байхгүй.

-Хөдөлгөөний гишүүд болох Г.Болдбаатар, Г.Төмөрбаатар нар танайхаар орж гардаг уу?

-Мэдээж манайхаар орж ирдэг. Эртнээс биенийгээ мэддэг хүмүүс. Ажлын шугамаар манайхаар орж гардаг юм.

-Аав чинь өмнө нь Сэлэнгийн Мандал суманд “Пураам”, “Сентарра  гоулд” компанийн байр луу буудсан хэргээр баривчлагдаж байсан. Одоо ч мөн энэ төрлийн гэмт хэрэгт буруутгагдан шалгагдаж байна. Байгаль орчноо хамгаалах тал дээр эсэргүүцэлтэй ханддаг ч хэтэрхий туйлширсан байдлаар буу зэвсэг хэрэглэх, жагсаал зохион байгуулах асуудал нь гэмт хэрэгт буруудах шалтгаан болоод байна. Энэ бүхэнд ээж чинь хэр эмзэг ханддаг вэ. Аавд чинь хандаж болиулах талаар юм хэлдэг үү?

-Аавын хийж байгаа ажилд эмээх гэхээсээ илүүтэй дэмждэг. Үзэл бодлыг нь бүрэн ойлгосон учраас байнга дэмжиж ирсэн. Хориглож байсныг нь мэдэхгүй. Аавын саяны хийсэн үйлдэл бол төрд зочроо өгөх гэсэн зүйл. Өмнө нь эсэргүүцлээ илэрхийлж Төрийн ордон луу нум сум харавсан, “Нутаг чөлөөлөх ажиллагаа” гээд олон ажлыг хийсэн ч төр тоож, хийж хэрэгжүүлсэн ажил байхгүй учраас төрд зочроо өгөх гэж л хийсэн зүйл.

-Цагдаагийн байгуулага олон тооны зэвсэг, тэсрэх бөмбөгийг хураан авсан гэж байсан. Танайд зэвсэгийн чанартай эд зүйл байсан уу?

-Манай гэрт нэгжлэг хийсэн. Мөн Өвөрхангайн цагдаагийнхан очиж хөдөө гэрт цагдаагийнхан нэгжлэг хийсэн байна лээ. Гэхдээ ямар нэгэн зэвсэг олдоогүй.

Т.Амартүвшин

Улс төрийн тойм сонин

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …