Монгол маань архиараа, агсам согтуугаараа дэлхийд тэргүүлэх орны нэг болчихоод байгаа. Манцуйтай хүүхдээсээ мань мэтийн буурлууд хүртэл бүх хүн жилд 37.3 литр архи согтуулуулах ундаа уудаг юм байна. Өөрөөр хэлбэл би л гэхэд нэг дөчийн битон архи уух нь ээдээ. Аварга тоо шүү!!
Тэгээд хэн хүнгүй л “Үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрлээ” гээд зүүдээ ярьж байгаа юм шиг зүг бүр тийшээ хошуу хундага хоёроо өргөлөө. Их хурлын хүүхнүүд хүртэл ид “галзуурдаг” дээрээ тулсан юм байхаа. Хуулиа өөрчилнө л гэнэ. Шинэ хуультай болгоно л гэнэ. Энэ муусайн архичдыг ингээд үзүүлээд өгнө л гэнэ. Сая сэрсэн юм шиг, баахан байгууллага дарга захирлууд “цовхчиж” байна аа. Сайн хэрэг! Та нар минь архидалтыг таслан зогсоочихдоггүй юмаа гэхэд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ингэж донгодож байгаа чинь сайхан байна. Даанч бай-гаа онохгүй юм даа. Ярилцсаар зөвшилцсөөр байгаад долоо хоногийн нэг амралтын өдрийг “архигүй өдөр” болгох юм уу даа. Энэ чинь, миний 60 жилийн өмнө залуухан сурвалжлагч байхдаа сонсож байсан үг л байна. Бүр, “долоо хоногийн хоёр өдөр нь архи согтууруулах ундааг борлуулдаггүй, хэрэглэдэггүй болцгооё” гэсэн уриа дэвшүүлээд, би сонинд сурвалжлага бичээд явж л байсан. Бүтдэггүй юм. Энэ архи гэдэг “хорт могойны” чинь ард ямар хүмүүс байдаг гээ! Дандаа дарга сайд нар, баячууд. Бүр Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хүртэл байж байсан. Ардаа сайд, дарга наргүй, архины үйлдвэр, дэлгүүр, баар цэнгээний газар бараг л байдаггүй юм даа. Тэр хүмүүс чинь наанаа “Архийг хориглоё. Архидалттай тэмцэе”, “Архины хуулийг чангатгая” гэж хашгичсан хэрнээ буруу хараад “уйлж” байдаг юм.
Би нэг баримт авъя л даа. Б.Даштүдэв гэж шударга хүн байсан юм. Хэдэн жилийн өмнө таалал төгссөн л дөө. Тэрээр “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх улсын комиссын” орон тооны нарийн бичгийн дарга байсан. Бид хоёр, амьдрал ахуй, ажил төрлөөрөө байнгын холбоотой. Нэг ёсондоо манай сонинг хөдөлшгүй баримтаар хангадаг байсан юм. Нэг өдөр намайг өрөөндөө дуудаж байна. Бараг ширээнээсээ өндөр материал заагаад: “Миний гурван сар хийсэн ажил энэ”гэж байна. Дэргэдэх цөөн хэдэн хавтастай зүйлийг “Үр дүн нь энэ!” гэнэ. Тэгсэн чинь архины үйлдвэр, найман нэрийн барааны дэлгүүрүүд, баар ресторануудыг шалгаад асар олон зөрчил дутагдал илрүүлж, тэр газруудын тусгай зөвшөөрлийг цуцлуулж хаалгахаар эхлээд хотын захиргаанд танилцуулсан гэнэ. Хотын захиргааны удирдлагууд тэр байгууллагуудын тавин хувийг хасч. Дараа нь засгийн газрын хурлаар орох болж. Бас л үлдсэн тавин хувийг нь хассан гэнэ. Ингээд, ардаа хүч султай цөөн хэдэн үйлдвэр, дэлгүүр, баар ресторанууд үлдээд байгаа нь тэр аж. Ингэж надад яриад, би тэр хэдийг нь сонинд мэдээлээд л өнгөрсөн дөө. Архидалтай чинь үнэн тэмцэе гэж байгаа бол алагчлалгүй шийдэх хэдэн зүйл бий.
Нэгдүгээрт: Ар өврийн хаалгаар тусгай зөвшөөрөл авчихаад хортой хоргүй архи үйлдвэрлэж байгаа архи согтууруулах ундааны үйлдвэрүүдийг алагчлалгүй хаах цаг болсон. Тэгээгүй цагт “архидалтай тэмцэх” үлгэр яриад ер нэмэргүй. Стандартын шаардлага хангаагүй, спиртийнх нь найрлага буруу, хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөө ихтэй архи согтууруулах ундаа үйлдвэрлэж байгаа үйлдвэр, худалдаалж байгаа дэлгүүр, үйлчилж байгаа баар ресторануудыг хэний ч байсан хаа л даа. Ингэж зоримог хөдөлсөн баримтууд бий. Их эсэргүүцэлтэй тулгардаг юм. Өнөөх ард нь байгаа сайд дарга нар чинь бухимдаж, бараг л “боож үхнэ” дээ. Их мөнгөөр янз бүрийн эсэргүүцэл бичүүлнэ, яриулна. Хамгийн наад зах нь “Үйлдвэр дэлгүүрүүдийг хаачихаар шагийн архи дэлгэрнэ. Шагчид толгой дээр гарна” гэж сурталчилна гээч. Манай цагдаад, тэр хэдэн нууц үйлдвэр, түүний шагчдыг илрүүлээд хашраачих хүч байдаг юм байгаа биз дээ. Архи шагладаг цөөхөн газар, цөөхөн шагчид бий. Тэднийг чинь цагдаа байтугай, би баргийг нь танина, мэднэ. Архины хатуу хууль гаргаад тэмцэж байхад шагийн хортой архи уугаад үхдэг цөөн хэдэн хүн байвал үхэг л дээ. Архи согтууруулах ундааг хориглосон хатуу хууль гаргая гэхээр өнөөх эрх мэдэлтнүүд чинь “Үгүй ээ! Үнийг нь нэмье” гэдэг. Дан өөрсдөө ашигтай хувилбарыг сөргүүлж тавиад, хуульгүй, хуулийг хүчгүй болгочихдог юм. Үүнийг л таслан зогсоох хэрэгтэй.
Хоёрдугаарт: Импортын архи гэж сүрхий юм бий. Машин машинаар нь, вагон вагоноор нь оруулж ирж байгаа юм. Өнөөх 17 чингэлэг спиртээс чинь хойш л ямар ч хараа хяналтгүй “архин гол мөрөн” Монгол руу цутгах болсон. Шалгалтынханд нэг нэг авдар архи өгчихөөд л ямар ч шалгалтгүй оруулаад ирдэг гэсэн яриа бий. Хортой ч юм уу, хоргүй ч юм уу спиртийг ёмкостоор нь оруулж ирээд найруулж зардаг гэсэн мэдээлэл ч гарч байсан. Бас дарга нарын уух, тусгай арга хэмжээнд хэрэглэх виски, коньяк зэрэг архийг тусгай зөвшөөрлөөр оруулдаг гэсэн сураг бий. Яагаад Монголынхоо шилдэг, өчнөөн алтан медальтай архиараа зочдоо дайлж болдоггүй юм?! Далим шүү дээ.
Төрийн ордонд гадны хүн архи оруулах хориотой, хэдэн давхар шалгалттай. Тэгсэн хэрнээ тэнд эр эмгүй архидаж, агсам согтуу тавьж, эрдэнэт хүний алтан амь хүртэл эндлээ. Тэгээд эзэд нь олддоггүй, олдсон хэр нь арга хэмжээ авдаггүй, төрийн ордон нь архины мухлаг шиг болчихсон, ийм улс оронд архидан согтуурах явдалтай тэмцэнэ гэдэг их л хэцүү байх даа. Гэхдээ харж л байя.
Гуравдугаарт: Үе үеийн эрх баригчид чинь архиа борлуулах гэж баяр амралт хоёроо нэмдэг юм. Долоо хоногийн амралтын өдрийг хоёр болгосон. Амардаг баяруудыг дураараа нэмсэн л дээ. Одоо ер нь долоо хоногт, сард хэчнээн ч хоног амрах юм, бүү мэд. Дээгүүрээ бол архидаад амраад л сайхан байгаа. Ажил хийж амь зогоодог хүмүүс бол ажлаа хийж хоногийн хоолныхоо мөнгийг олох юмсан л гэж бодож байгаа.
УИХ–ын гишүүн, байнгын хорооны дарга асан Д.Оюунхорол хууль өргөн бариад нэг шинэ амралтын өдөртэй болгосон. Энэ хүний үг ч, дээдсийн хүрээлэнд зарлигнаас хэр зэрэг хүчтэй байгаа юм, бүү мэд. Жа! гээд л бөхөлзөөд, батлаад байдаг л даа. Тэгтэл саяхан Ю.Цэдэнбалын төрсөн өдрөөр амардаг болох тогтоолын төслийг өргөн барьж байгаа сураг гарлаа. Эрхэм дээдэс, бүгд л төрсөн өдрөө баярын өдөр болгоод амардаг болох байх л даа. П.Очирбатын, Н.Багабандийн, Н.Энхбаярын, Ц.Элбэгдоржийн, Х.Баттулгын… гэхчлэн төрсөн өдрүүдийг бүгдийг баярын өдөр болгон ”Хундага тавилгүй архи ууж, хутга тавилгүй мах идэх” цаг ирэхийг ч байг гэх газаргүй болчихлоо. Догмид, Гүрбазар, Шартолгой бид Догшин хутагтынхаа төрсөн өдрөөр амардаг болъё гэвэл дэмжигдэх ч юм билүү. Монголын төр ингэж амралт, архидалт хоёрыг дэмждэг “онцгой эрх” эдлээд олон жил болж байна. Энэ бас хэдэн шалтгаантай гэнэ.
Хамгийн гол нь төсвийн орлого бүрдүүлэхэд онцгой нөлөөлдөг нь архи. Эрх баригчдын толгойд бараа материалын үйлдвэрлэл явуулж ашиг олъё гэхээсээ архи борлуулж бөөн мөнгө олъё гэсэн бодол юуны түрүү орж ирдэг, тэгээд л архийг ус цас шиг үйлдвэрлэж борлуулдаг гэнэ. Тэр, хүний амь, үхэл зовлон, хэрэг түвэг тэдэнд падлий ч үгүй.
Нөгөө нэг шалтгаан нь дарга сайд нарын амралт зугаа цэнгэлийн хоног цөөдөөд байдаг гэнэ. Бараг бүгдийнх нь хүүхэд дүү нар гадаадад сурдаг, өөрсдийнх нь гэр орон эдлэн газрууд гадаадад байдаг болохоор баярын амралтаараа тэдэндээ очно. Тэр сайхан “диваажинд” ядаж л 5-7 хонох хэрэгтэй болдог. Ингээд л баярын амралтыг санаан зоргоороо сунгадаг гэнэ дээ.
Бас нэг шалтгаан бий. Аливаа баяр цэнгэл, амралт зугаалгын маргааш хамгийн их ашиг орлого олсон газар нь архины үйлдвэрлэл худалдааныхан. Баар цэнгээний газрууд! Та нар хардаа. Коронавирус цар тахлын үеэр хаагдаагүй, цагийг нь бага зэрэг богиносгосон газрууд бол ганцхан баар ресторанууд. Эрхэм дээдэс, энэ их мөнгөнийхөө “уутны ам”-ыг бүрэн хумьчихаж чадаагүй шүү дээ. Архи гэдэг зүйл шиг Монголд ийм л “эрхэм”зүйл байхгүй юм. УИХ–ын гишүүн хэдэн хүүхнүүд хүртэл сүр бадруулан шуугилдаж байгаад долоо хоногийн ням гаригийг л “архигүй өдөр” болгож байгаа юм уу даа. Ядарсан ч арга даа. Би, олон түмний дунд санаа бодлыг нь сонсож явдаг сэтгүүлч хүний хувьд хэдэн санал тавъя.
Зарим хүн, архи согтууруулах ундааны үйлдвэр, худалдаа, баар цэнгээний газруудыг бүгдийг хаая гэсэн байна билээ. Миний бодлоор бол эдгээр газруудыг хатуу шалгаж, 50-аас доошгүй хувийг нь хаая. Тэр дээдсийн ивээлд багтаад өдөр шөнөгүй архи согтууруулах ундаа борлуулж байгаа цаг уртасгаж, элдэв зөрчил дутагдал гаргаж байгаа газрууд ямарч “нууц ноёнтон”-той байсан хамаагүй зөвшөөрлийг нь цуцлаж, үйл ажиллагааг нь зогсооё.
Архины шинэ хуульд тал тохой таталгүй, зарчимч хатуу шаардлагуудыг оруулж өгье. Архи согтууруулах ундааг импортоор оруулахыг бүр мөсөн хориглоё. Энэ хууль дүрмийг зөрчсөн хүнд хүлээлгэх хариуцлагыг чангатгая. Эрүүгийн хуульд торгуулиас гадна хорих ялаар шийтгэх заалт оруулж өгье. Хоёроос таван жил гэхчлэн. Шагийн архи үйлдвэрлэсэн, борлуулсан тохиолдолд хатуу хариуцлага тооцдог болохын дээр эрүү иргэний болон бусад хууль тогтоомжуудад чангатгасан зүйл заалт оруулж өгье. Нийтээр тэмдэглэдэг баяр болон, амрах өдрүүдийг тавин хувь багасгая. Цагаан сар, Наадам хоёрыг л 3-аас илүүгүй хоногоор тэмдэглэж бүтэн хагас сайн өдөр таарсан бол, түүнийг баяр наадмын тэмдэглэх хугацаанд оруулан тооцож байя.
Төр засгийн бүх шатны байгууллагад архи согтууруулах ундаа оруулахыг хатуу хориглож, архидсан хүмүүсийг тэр доор нь ажлаас халдаг, хүний эрүүл мэнд, амь насанд холбогдолтой гэмт хэрэг зөрчил гаргасан бол эрүүгийн хуулиар ял оноодог болъё. Төрийн ордон, яам тамгын газарт хэчнээн олон хүн архидаж, хүний амь хүртэл хохиров доо. Энэ хэргүүдийг хугацаа алдалгүй шалгаж, холбогдогчдыг хатуу шийтгэхийг ард түмэн өнөө хүртэл шаардсаар л байгаа. Одоо Улаанбаатар хотод л гэхэд орон сууц, хороо, дүүрэг, гудамж хашаа болгон архичдын бүлэглэлтэй болсон. Залуучуудын, ахмадын гэх мэт. Тэр дунд цэцэг цэврүү шиг охид ч явж байна. Хөгшин настай эмээ нар ч гуйван дайваад явж л байна. Хороо дүүргийн цагдаа нар эдэнтэй эвлэрэнгүй хандана. Заримдаа дунд нь орчихсон явах юм. Өнөөх эрүүлжүүлэх, баривчлах байр, албадан хөдөлмөрийн газрууд байдаг эсэх нь бүү мэд. Сүүлийн дөрвөн жилд л гэхэд манай Баянгол дүүргийг Салдангийн Одонтуяа, салганасан архичид хоёрын аль нь удирдаж илүү нөлөөтэй байгаа нь ойлгогдохоо больсон. Ийм даргатай, ийм цагдаа нартай байж, архичидтай тэмцэнэ гэж лоозогноод яахав дээ!
С.Одонтуяа дарга маань дүүргээ архичдын “оромж” болгож орхичихоод, УИХ-ын дэд дарга болчихсон “архичидтай тэмцэнэ”, “хэлмэгдүүлэгчийг цагаатгуулна” гээд харайлгаж явах юм даа. Монголын төр ч гэж дээ?!
Есөн настай хүүхдийг хойт эцэг нь зодоод алчихаж. Дарга нар ойр хавийнхныг нь “мэдэгдсэнгүй, хэлж ярьсангүй” гэж буруутгаж байна. Одоо чинь цагдаа хууль хяналтын байгууллагынхан чинь гэмт этгээдийг гэхээсээ гэрч мэдээлэгчдийг “хашраах” болсон. Танай байрны тэр гуай, төдөн номерын утсаар мэдээлсэн гээд өнөөх гэмт этгээдэд хэлчихээр айл хөршөөрөө, ам бүлээрээ айдаст автаж байгаа юм. Даан ялангуяа архаг архичдыг хэлдэг, мэдүүлдэг хүн байхгүй болсон. Өнөөх цагдаа хуулийнхны, гэрч мэдээлэгчдийг нууцалдаг, хамгаалдаг зарчим хаашаа алга болсон юм, бүү мэд. Иймээс иргэд олон түмэн архичидтай тэмцэх боломжгүй болчихоод байгаа. Эрхэм дээдэс минь, архины хуулийг өөрчлөх гэж байгаа бол Их хурлын хэдэн хүүхний шаагилдсан амаар биш, ард түмнийхээ санал бодолд тулгуурлан зоригтойхон өөрчилж, зоримог хэрэгжүүлээрэй л дээ.
(Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч) Жамьян