Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны (2020.10.21) хуралдаанаар Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав.
Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Хуралдаанд Соёлын сайд С.Чулуун, Дэд сайд М.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат болон холбогдох албан тушаалтнууд оролцож, хуулийн төслийн талаар Соёлын сайд танилцууллаа.
Соёлын тухай хуулийг 1996 онд баталснаас хойш 14 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Соёлын тухай хуулийн зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, үзэл баримтлалд нийцүүлж үндэсний аюулгүй байдлын баталгааг хангах, аль нэг соёлын дарангуйлалд өртөхгүй байх, уламжлалт зан заншил, соёлын давтагдашгүй байдал, онцлогийг хадгалан үлдэх, иргэдийн соёлын мэдлэгийг дээшлүүлэх, боловсролын тогтолцоогоор дамжуулан эх оронч үзэлтэй, үндэсний бахархал, соёлын өв, уламжлал, ёс заншлаа дээдэлсэн, монголчуудын үнэт зүйлсийн уламжлал, шинэчлэлийг зохистой хослуулсан иргэнийг төлөвшүүлэх шаардлага үүссэн гэж танилцуулгад дурджээ.
Дэлхий нийтийг хамарсан даяаршлын үйл явцын эрчимтэй нөлөө, үндэстэн дамнасан соёл хоорондын харилцааны идэвхтэй хөгжил, дэлхий дахины болон улс орны нийгэм, улс төр, эдийн засгийн хүрээнд болж байгаа хурдацтай өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлсээс хамаарч соёл, урлагийн салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргах зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан байна.
Шинэчилсэн найруулгын төсөл нь 6 бүлэг 25 зүйлтэй бөгөөд одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Соёлын тухай хуулийн 70 шахам хувь нь өөрчлөгдөж, нэр томьёо, соёлын үйл ажиллагааны чиглэл шинэчлэгдэн, баримтлах зарчим, соёл судлал, соёлын боловсрол, үйлдвэрлэл, ажилтны үнэлэмж, мерчандайзын гэрээ, агентын зохицуулалт шинээр нэмж тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар иргэдийн соёл, урлагийн боловсрол дээшлэх, үндэсний соёл уламжлалаа дээдлэх, хөгжүүлэх дархлаа бий болж, соёлын үйл ажиллагаан дахь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо нэмэгдэж, соёлын үйлчилгээ, хүртээмж сайжирч, уран бүтээл хийх сэдэл бий болгох, соёл, урлагийн үйл ажиллагааны санхүүжилт нэмэгдэх, үндэсний соёлыг хадгапах, хамгаалах, судлах, соёлын олон улсын хамтын ажиллагааг дэмжих, соёл урлагийн салбарт мэргэжлийн болон шинжлэх ухааны судалгааг нэвтрүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Баярсайхан нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс хуулийн төсөлд монголын соёлын олон өв, бүтээл хувь хүн, бизнесийн шугам, өв залгамжлалын байдлаар хилийн чанадад гарсныг буцаан авах, соёл урлагаар дамжуулан нийгэмд хүчирхийллийг сурталчлахыг хориглох нарийвчилсан зохицуулалт тусгасан эсэхийг тодруулж байлаа.
Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагаад Соёлын өвийг хамгаалах тухай хуульд багагүй өөрчлөлт орно. 2014 оны 07 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн Соёлын өвийг хамгаалах тухай хуульд соёлын өвийг хамгаалах, хадгалах асуудлын нарийвчлан зохицуулсан байдаг. Ер нь гадаадад янз бүрийн шугамаар гарсан өв, бүтээлийг буцааж авахтай тэмцэх нь адармаатай ажил. 2013 оноос байгалийн өв болсон үлэг гүрвэлийн олдворуудыг оруулж ирсэн. Иргэдийн гар дээр байгаа эсвэл янз бүрийн шугамаар хууль бусаар хилийн чанадад гаргасан асуудлыг хууль хүчний байгууллагатай хамтран шалгаж, энэ хүрээнд ажиллаж байна гэж Соёлын сайд хариулж байлаа. Мөн хуулийн төслийн 23.4-т “Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, соёлд хор хохирол учруулах, дайн түрэмгийлэл, хүчирхийлэл, садар самууныг соёл урлагаар сурталчлахыг хориглоно” гэсэн заалт оруулсан гэдгийг онцолсон.
Гишүүдийн зүгээс төрийн бодлогоор соёл урлагийн байгууллагын хүний нөөцийн ур чадавхийг бэхжүүлэхэд тодорхой нарийвчилсан заалт нэмэх, хуулийн төслүүдийн заалтуудын уялдаа холбоог сайжруулах, цахим орчинд сошл контентууд багагүй үйлдвэрлэгдэж соёл түгээх суваг болоод байгаа учраас энэ чиглэлд анхаарах шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа.
Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Музейн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Үргэлжлүүлэн Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Засгийн газраас 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Соёлын сайд С.Чулуун танилцууллаа.
Монгол Улсад орчин цагийн музей 1924 онд байгуулагдснаас хойш өнөөдрийг хүртэл хуулийн этгээдийн бүртгэлтэй, төрийн өмчийн 12 музей, орон нутгийн өмчийн 24 музей үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсад музейн үйл ажиллагааг Соёлын тухай болон Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар ерөнхийлөн зохицуулж, Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан “Улс орон нутгийн чанартай музейн дүрэм”, “Музейн сан хөмрөгийн дүрэм”, “Музейн сан хөмрөгийн бүртгэн баримтжуулалтын заавар” болон Музейн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, ММЗ 2006:5643 стандарт зэрэг баримт бичгээр музейн тодорхой үйл ажиллагааг тухайлан зохицуулж ирсэн аж.
Дээрх хууль, эрх зүйн баримт бичгүүд нь музейн өмнө тулгамдаад байгаа хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зохион байгуулалт, салбар дундын түншлэл, техник технологийн хөгжүүлэлт, хүний нөөцийн хангамж, гадаад харилцаа зэрэг олон асуудлыг шийдвэрлэж, музейн тогтвортой хөгжлийг дэмжих хөшүүрэг болж чадахгүй байна. Иймд музейн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндсийг бий болгон, тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, тогтвортой хөгжих боломжийг бүрдүүлэхээр хуулийн төслийг боловсруулжээ.
Төслийн нийтлэг үндэслэл хэсэгт хуулийн зорилгыг тодорхойлж, музейн тухай хууль тогтоомж, хамрах хүрээг тогтоож, хуульд хэрэглэсэн нэр томьёоны тайлбарыг, хоёрдугаар бүлэгт музейн ангилал, чиг үүрэг, үйл ажиллагааны зохион байгуулалттай холбогдсон зохицуулалтыг, гуравдугаар бүлэгт музейн сан хөмрөгийн асуудлыг, дөрөвдүгээр бүлэгт музейн аюулгүй байдлын асуудлыг, тавдугаар бүлэгт музейн ажилтны ёс зүйн асуудлыг тус тус оруулсан хэмээн танилцуулгад дурджээ.
Хууль батлагдсанаар өмчийн олон хэлбэрийн музей байгуулагдаж, түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлс болон соёлын үнэт зүйлсийг хадгалж хамгаалах, сурталчлах үйл ажиллагааны цар хүрээ, үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, музейн нийгэм, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх боломж бүрдэхийн зэрэгцээ соёлын өвийг хамгаалах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хэрэгжүүлэхтэй холбоотой Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд чухал түлхэц болно. Түүнчлэн, музейн үйл ажиллагааны зохион байгуулалтыг боловсронгуй болгох, музейн шинжлэх ухаан, боловсролын салбарт гүйцэтгэх үүрэг нэмэгдэх, иргэдийн музейгээр үйлчлүүлэх, ашиглах хандах хандлагад эерэг нөлөө үзүүлж, мэдлэг үйлдвэрлэх, түгээх орон зай болж хөгжих суурь тавигдана гэж төсөл санаачлагчид үзсэн байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Ч.Ундрам, Б.Жаргалмаа, Б.Баярсайхан, Ц.Мөнхцэцэг, нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв.
Гишүүдийн зүгээс монголын өв соёлыг гадаадад сурталчлах үүднээс музейн хосгүй үзмэрийг олон улсад нэр хүнд бүхий музейд тавих, үзэсгэлэн гаргах, дэлхийн үнэт үзмэрийг монголдоо авчирч иргэддээ үзүүлэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан эсэх музейн тусгай зөвшөөрлийг найман жилийн хугацаатай олгох болсныг тодруулж байлаа. Мөн хуулийн төсөлд музейн сан хөмрөгийг баяжуулж үзмэр худалдаж авахад нарийвчилсан зохицуулалт оруулсан эсэх, энэ чиглэлийн боловсон хүчний нөөц, чадавх хэр байгааг илүүтэй лавлаж байлаа. Гишүүдийн олонх нь музейн салбарын нарийн мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэх, соёлын үнэт өвөө хамгаалахын тулд музейн сэргээн засварлах санхүүжилтийг улсын төсөвт суулгахад анхаарах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Монгол Улсын хувьд музейн барилгын инженер, сэргээн засварлагч, фонд хариуцсан мэргэжилтэн гээд энэ чиглэлийн боловсон хүчнийг бэлтгэх асуудал орхигдсон. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сэргээн засварлагчийг нэн шаардлагатай мэргэжил гэсэн ангилалд оруулж, салбарын яамны зүгээс соёлын өвийг сэргээн засварлагчийг бэлтгэхэд онцгойлон анхааран ажиллаж байгааг Соёлын сайд хариултдаа тодотгов. Мөн музейн тухайн хуулийн төсөлд төр төдийгүй хувь хүн, байгууллагын музейг дэмжих бодлогыг барьсан. Найман жил гэдэг нэг талаас тусгай зөвшөөрөл мэт харагдах ч нөгөө талаасаа музейн үйл ажиллагаанд үнэлгээ өгч, хяналт тавихад чиглэсэн гэдгийг онцлов.
Монгол Улсын хувьд музейн үзмэр хадгалах танхим, стандарт хангасан барилга байхгүй. Иймд дэлхийн нэр хүнд бүхий музейн үнэт үзмэрүүдийг дотооддоо авчирч үзүүлэх бололцоо байхгүйн зэрэгцээ монголын өв соёл, үзмэрийг гадаадын нэр хүнд бүхий музейд тавих, соёлын өв, болон бусад дурсгалаас бүрдсэн үзэсгэлэн гаргаж эх орноо сурталчлахад анхаарч хуулийн төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан. Музейн сан хөмрөгийг баяжуулах үзмэрийг худалдан авахад тухайн музейн зөвлөл шийддэг бөгөөд хил дээр хураагдсан, гарал үүсэл тодорхойгүй үзмэрийг худалдаж авахыг хориглодог. Үнэхээр зайлшгүй шаардлагатай өвийг худалдан авах бол салбарын яаман дээр мэргэжлийн зөвлөлийг ажиллуулдаг хэмээн С.Чулуун сайд хариулж байлаа.
Ингээд Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Хуралдааны төгсгөлд “Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Уг тогтоолд Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа ахалж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Г.Амартүвшин, Б.Баярсайхан, Н.Учрал нарын бүрэлдэхүүнтэй байгуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.