Ховд аймаг: Аймгийн цагдаагийн газрын мэдээлэл

Хамтарсан байгууллагууд согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүдэд шалгалт явуулав.

Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, Татварын хэлтэс, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Хүнс хөдөө аж ахуйн газрын ажилтнуудын хамтаар Жаргалант суманд согтууруулах ундаагаар үйлчилдэг 89 аж ахуйн нэгжид үзлэг шалгалт хийлээ. Энэ үеэр холбогдох хуулийн заалтаар мэдээ мэдээлэл өгч ажилласан ба тухайн явц байдлын талаар 3 удаа орон нутгийн телевизээр мэдээлэв.

“Насанд хүрээгүй хүүхдээс үйлдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх нь” сэдвээр яриа таниулгыг эцэг эхчүүдэд зохион явуулав.

Сургалт ярилцлагын зорилго нь насанд хүрээгүй хүүхдээс үйлдэж буй гэмт хэргийг бууруулах, эцэг эх, багш, сурагчид, цагдаагийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, тэдний санал бодлыг сонсож, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хууль эрх зүйг сурталчлан таниулахад оршино.

2013 оны 3 дугаар улирлын байдлаар 29 хүүхэд гэмт хэрэгт холбогдон шалгагдсан байна. Үүнээс 20 хүүхэд шүүхээр шийтгүүлэн 17 хүүхэд ял хойшлогдсон, 3 хүүхэд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан байна.

Эдгээр хүүхдүүдээс 15 хүүхэд хулгайн гэмт хэрэг, 1 хүүхэд авто аваарын  гэмт хэрэг, 2 хүүхэд танхайн гэмт хэрэг, бусад хэрэг  2 хүүхэд үйлдсэн байна.

Насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэг, зөрчилд холбогдсон тохиолдолд  тухайн хүүхдийн сургуулийн нийгмийн ажилтантай хамтран уг хүүхдийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж яриа таниулга, сургалт зохион байгуулж ажилладаг.

Насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаа шалтгаан нөхцлийн нэг нь эцэг эхийн хараа хяналт сул байгаатай холбоотой. Тийм учраас эцэг эхийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, хараа хяналт, анхаарал халамжаа үр хүүхэддээ тавьж байх талаар сургалт мэдээллийг хойшид өгч байхад анхаарч хүүхдийн төлөө ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөөд байна.

7 дугаар сургуулийн захиргаатай хамтран тус сургуулийн 248 эцэг эхчүүдэд “Насанд хүрээгүй хүүхдээс үйлдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх нь” сэдвээр яриа таниулга хийж, сонирхсон асуултанд нь хариулт өгч хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан ажиллалаа.

“Хүн худалдаалах гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сургалт явагдаж байна.

Иргэд олон нийт, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг хүн худалдаалах гэмт хэрэг, ДОХ, бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Улаан загалмайн хороотой хамтран их, дээд сургуулийн оюутан болон ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад “Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сургалтыг хуваарийн дагуу зохион явуулж 12 жилийн 1, 7 дугаар сургуулийн нийт  562 сурагч, Политехник коллежийн 115 оюутныг  хамрууллаа. Цаашдаа энэ сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байна гэж  Ховд аймгийн Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Завхан аймгийн “Гудамж” төслийн бүтээн байгуулалтын ажил дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхэлнэ

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Улиастай сумын ЗДТГ, Газрын …