У.Баярсайхан: “Монгол бахархал”-ын өдрөөр Монгол урчууд, дархчуудаараа бахархъя л даа

“Монгол бахархал”-ын өдрийг тохиолдуулан энэ сарын 16-нд Сүхбаатарын талбайд “Монгол бахархал-2020” шилмэл урчуудын нэгдсэн үзэсгэлэн, үзэсгэлэн худалдаа анх удаа болох гэж байна. Уг арга хэмжээг “Монгол бахархал” сантай хамтран зохион байгуулж буй сэтгүүлч, яруу найрагч Ундраагийн Баярсайхантай ярилцлаа.

-Тун удахгүй нэг сайхан арга хэмжээ Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байгааг сошиалаас мэдлээ. Бэлтгэл ажил ямар шатандаа яваа вэ?

-Оролцогчдын бүртгэл ид үргэлжилж байна. 12 хүртэл бүртгэх ёстой. Манайхан ид бужигнаж байна аа. “Монгол бахархал” сангийн тэргүүн, үндэсний сурын аймгийн гоц харваач, спортын дэд мастер Ч.Ууганцэцэгтэй хамтран энэхүү үйл ажиллагааг бий болгохоор ажиллаж байна. Энэ бүсгүй Монголын үйлдвэрлэгч байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллаж байсан болохоор тэдэнд тулгардаг гол гол асуудлыг илүү сайн мэднэ л дээ. Тэгээд ч манай улсад жилийн жилд ирж аялдаг жуулчид байгалийн сайхан, үндэсний спорт, урлагийг л ихэвчлэн сонирхдог болохоос уран дарханы бүтээсэн эд эдлэл, үндэсний хувцас, төрөл бүрийн сийлбэрийг тэр бүр анзаардаггүй юм шиг ээ. Тиймээс энэ удаагийн арга хэмжээгээрээ дамжуулан тэдэнд илүү нээлттэй, дөхөм болгохын тулд хичээж байна. Төр засаг маань энэ талд бодлогын хэмжээнд л юм яриад байгаа болохоос яг гарт баригдаж, нүдэнд харагдахуйц үйл ажиллагаа хийхгүй байна. Аливаа зүйл хийх тусмаа чанаржиж, түүнээсээ туршлага хуримтлуулдаг. Тиймээс бидний хийж буй энэ удаагийн ажилд оноо ч харагдана, алдаа ч мэдрэгдэнэ. “Хүсэхээс хясна” гэгчээр энэ жил дэлхий дахинаа “Ковид-19” цар тахал тархсны улмаас жуулчид хараахан ховор байна. Гэхдээ үүнийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулж байх төсөл хэрэгжүүлж байгаа. Одоогоор 300 орчим хүн оролцохоор мэдүүлэгээ ирүүлээд байна.

-Тэгэхээр ирэх жил цаг сайхан болвол илүү олон оролцогчтой болох нь ээ …

-Тэгнэ байх шүү. Ирэх жилүүдэд дээрх аюулт өвчин ангижирчхаар Монгол туургатны хэмжээнд хийх төлөвлөгөөтэй байгаа. Тэгвэл аль ч улсын урлаач, уран бүтээлч хэн хэнээсээ туршлага солилцох боломж бүрдэнэ. Мөн энэ үйл ажиллагааны хүрээнд өөр нэг ажил бий.

-Ямар …

-Монгол, Орос, Англи, Хятад, Герман гэсэн таван хэлээр сэтгүүл гаргана. Ингэхийн зорилго маань дэлхий дахинаа өөрийн улсын урлаач, бүтээлч, үйлдвэржилтийнхээ хүрээг тэлж, сурталчлахад оршиж байгаа юм. Үүнийг дагаад зах зээл нь ч нэмэгдэх сайн талтай. Энэ сэтгүүлд тухайн үйлдвэрлэгчийн товч танилцуулга, бүтээлийнх нь зураг, холбоо барих хаяг гэх мэт багтана.

-Манай улсын урчуудын ур чадвар бусад улсынхтай харьцуулахад ямар төвшинд яваа гэж та дүгнэх вэ…

-Би мэргэжлийн урлаач биш болохоор ийм, тийм гэж хэлэх боломжгүй. Гэхдээ судлаачид, ахмад урчуудтай ярилцаж байхад “Илүү гарна уу гэхээс дутуугүй” гэдэг. Үүнийгээ тэд хийсэн бүтээлээрээ ч нотолж байгаа болов уу. Жишээ нь дээхний Дарьганга, Тожил хийцтэй мөнгөн эмээлийг хэдэн үеэрээ эдэлж, хэрэглээд элээгээгүй байна. Гэвч харамсалтай нь одоо тэр хийцээр хийх хүн ховордож байна гэж сонсогдсон. Нэмж хэлэхэд өнөөдөр манай улсын залуус хоолойнхоо бяраар, биеийнхээ бяраар, ухааныхаа бяраар дэлхийд гайхагдаж байна. Онцолбол, “Чингис хаан” одонт, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, олимпын аварга Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, гавьяат тамирчин Н.Төгсцогт нарын зэрэг эрхмүүд. Тэгвэл тэдэнтэй ижил хэмжээний үнэлэгдэх, хүндлэгдэх хүмүүс бол урчууд, дархчууд юм. Тэд дэлхийн хэмжээнд яригдах ёстой.  Хамгийн гол нь тэд өөрсдөө болон харьяа байгууллагууд нь дэмжиж, арга эвийг нь олж сурталчилгааг нь явуулдаггүй. Тиймээс миний бие тэс өөр мэргэжлийн хүн хэдий ч бусад нөхдийнхөө хамт Монгол брэндийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхийн тулд энэ ажлаа эхлүүлээд байгаа минь энэ. Аливаа зүйлийг “Хийе” гэж бодоод яваад байх бус хийгээд үзэх нь сайхан биз дээ. 

-Оролцогчид та бүхний саналыг хэрхэн хүлээн авч байна вэ?

-Их сонирхож, соргогоор хүлээн авч байна. Өмнө нь манай улсад ийм томоохон хэмжээний үзэсгэлэн худалдаа болж байгаагүй болохоор хэдэн зуун км-ын цаанаас ч хамаагүй ирэхээр мэдэгдсэн. Энэ ташрамд Нийслэлийн аялал жуулчлалын газар, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих газар дэмжиж ажиллахаа мэдэгдсэнд талархаж байгаа.

-Жишээ нь Говь-Алтай аймагт хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэн тухайн аймагтаа л үйлчилгээгээ явуулж байгаа. Харин нийслэл хотод ирснээр бизнесийн зах зээл нь ч тэлэгдэх байх даа …

-Яг зөв. Бид энэ замыг нь л улам уужуу болгох гээд байгаа юм. Түүнээс биш ямар нэгэн ашиг харсан юм байхгүй шүү. Дээрээс нь нэг зүйл онцолж хэлэхэд худалдан авагчдад ч давуу талтай болно. Жишээ нь нэг сайхан Монгол гутал хийсэн хүн манай энэ үйл ажиллагаанд авч ирэхдээ зөвхөн гар дээрх үнээрээ худалдана. Түүнээс биш лангууны түрээснээс эхлээд олон нэмэгдэл тооцогдохгүй. Бидний судалгаагаар ямар ч байсан 20-30 хувийн хямдралтай зарагдах юм билээ. Томоохон дэлгүүрүүдэд бүр их хэмжээгээр нэмэгддэг ч гэх нь бий. Түүнчлэн үйлдвэрлэгч, худалдан авагч нар шууд харилцаж, тогтмол түнш болж болно. Мөн үзэсгэлэнгийн үеэр олон улсын зах зээлд бүтээгдэхүүн гаргах зорилготой хүмүүс судалгаа хийнэ. Одоогийн байдлаар хоёр хүн олон улсын зах зээлд экспортлох талаар холбоо барьсан байгаа.

-Оролцогчдын бүтээлийг хэдэн төрөлд ангилж бүртгэж байгаа вэ?

-Оролцогчдыг бүтээлээ ирүүлэх байдлаас харахад гурван төрөлд хувиарлах нь зүйтэй гэж шийдсэн. Тодруулбал, дахин давтагдашгүй үнэт өв, уламжлалт буюу урлангийн, үйлдвэржилтийн гэж. Эхний төрөлд нь олон жилийн ур ухаан шингэсэн бүтээл байхаас гадна уран зураг, уламжлагдан ирсэн үнэт зүйлс, археологийн олдворууд багтана. Эдгээр зүйлс зарим судлаач, урлаач нарт хадгалагддаг юм билээ. Харин удаах хоёр төрлийг иргэд яг бодитоор харьцуулж харах боломжтой. Үнэндээ энэ хоёр тэс өөр харагддаг юм билээ.  

-Иргэдийн сонирхлыг хамгийн их татах гэвэл юу байх бол …

-“Эрийн гурван наадам” компанид хадгалагдаж буй Хүннүгийн үеийн булшнаас олдсон эвэр нум байна. Үүнийг Монгол Улсын хүндэт мэргэн Т.Батмөнх гуай эзэмшдэг юм билээ. Эртний гэхээсээ гадна Монголын хамгийн том нумд тооцогддог тул иргэд их сонирхох байх. Мөн XVII зууны үед БНХАУ-ын зураач Монголчуудын ахуй амьдралыг харуулсан зураг байршина. Үүнийг зураач Д.Чулуунбаатар хоёр жилийн өмнө БНХАУ-аас авч ирсэн гэсэн. Энэ мэтчилэн маш олон зүйл дэлгэгдэнэ ээ.

-Үзэсгэлэнгийн дараа тухайн үнээрээ дэлгүүрт тавигдана гэсэн байх аа …

-Тийм. Эхлээд бид “Монгол бахархал”-ын өдөр буюу энэ сарын 16-нд төв талбайдаа нээлтээ хийгээдхье. Дараа нь “Их наяд”-ын “Traple” event hall-д танхимын үзэсгэлэнгээ гурван өдөр гаргана. Ингээд 20-ноос нэгдүгээр хороололд байрлалтай “Grand plaza-2” худалдааны төв, “UBH” center, хотын зүүнд талд бас нэг томоохон дэлгүүрт “Монгол бахархал” нэртэй дэлгүүрээ нээнэ. Хамгийн гол нь бүх бараа бүтээгдэхүүн дээрх дэлгүүрт төв талбайд зарагдаж байсан үнээрээ худалдаалагдана. Үүнд лангуу болон арчилгааны гэх мэт төлбөр нэмэгдэхгүй. Бүтээгчийн гар дээрх үнээр л зарагдана гэсэн үг. Нөгөөтээгүүр бид маш өндөр харуул хамгаалалттайгаар, цэвэр орчинд, хэрэглэгчдийг ая тухай үйлчлүүлэхэд анхаарч ажиллана. Тэнд гэрэл зураг авах студи, хүүхэд тоглох орчин зэргийг бүрдүүлнэ. Тэгвэл иргэд хүүхдээ аюулгүй орчинд тоглуулж байх хугацаандаа худалдан авалтаа сэтгэл амар хийх юм. Манай улсад ирсэн зочид болон иргэд маань нийслэл хотод үзэх зүйлээр ховор байдаг. Тиймээс эдгээр дэлгүүрээ бид музейгээс дутахааргүй тохижуулж, хэрэглэгчдийн мэлмийг баясгавал сайхан биз дээ. Тэгээд ч үйлдвэрлэгчид маань бүтээгдэхүүнээ зарахдаа сайндаа л фэйсбүүкдээ оруулж байна. Харин бид үүнийг нь шинэчилж, худалдаалах маркетингаас эхлээд лангууг нь хүртэл бэлдэх юм. Тэгэхээр тэд өөрийн гэсэн байнгын худалдан авагчтай болоход нь дөт болно. Үүнээс гадна энэ удаагийн арга хэмжээний төгсгөлд байгаль орчиндоо ээлтэй буяны үйл санаачилсан байгаа.

-Тодруулбал …

-Оролцогч нараасаа хуримтлуулсан хураамжаасаа тодорхой хувийг байгаль хамгаалах чиглэлийн санд хандивлана. Энэ бол хүн бүр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийх ёстой ажлын нэг шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …