Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица-г хүлээн авч уулзаж, Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, болзошгүй эрсдэл, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Коронавируст халдварын цар тахлын үр нөлөөг бууруулах, үндэсний хариу арга хэмжээ, бэлэн байдлыг бэхжүүлэхэд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зүгээс мөнгөн болон мэргэжил арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлж байгаад талархал илэрхийлээд цар тахлын шинэ мутац болох Омикрон хувилбар эрчимтэй тархаж байгаа нь олон улсын санааг зовоож байна гэв.
ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд Омикрон хувилбарын хүчтэй давалгаанд өртөхгүй байхын тулд хил дээрх хяналтыг сайжруулах, Омикроны халдвартай орнуудаас ирж буй зорчигчдод 4 хоногийн дотор 3-4 удаа шинжилгээ хийх нь зүйтэй гэж бодож байна. Мөн бүүстэр буюу гурав дахь тун вакцины ажлыг үргэлжлүүлэн хийх нь энэ халдвараас сэргийлэхэд илүү үр дүнтэй байна гэв.
Талууд Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын ээлжит уулзалтын зохион байгуулалт, оролцооны талаар санал солилцов.