Л.Оюун-Эрдэнэ: Тендерийг товлосон хугацаанд зохион байгуулж, бүтээн байгуулалт эхлүүлээгүй Засаг дарга нарт хариуцлага тооцно

“Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт  эрчимжүүлэх нь” нэгдсэн зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Зөвлөгөөнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн удирдлагууд оролцож, сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна.

            ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагуудын ажил үүрэг чухал нөлөөтэйг онцлов.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бодлого, шийдвэр болон “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийн талаар орон нутгийн удирдлагуудад дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Цар тахлын хүнд үед Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө хэрэгжүүлсний үр дүнд -5.3 хувьтай агшсан эдийн засаг өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар 3.6 хувийн өсөлттэй гарсан. Оюутолгойн гүний уурхайн олборлолтын эхний шат эхэлснээр эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдад итгэл өгснийг онцоллоо. “Шинэ сэргэлтийн бодлого’’-ын хүрээнд аймаг, орон нутагт хийгдэх бүтээн байгуулалтын төслүүдийг эхлүүлж, эрчимжүүлэхэд онцгой анхааран,  туйлын хариуцлагатай ажиллахыг захилаа.
2022 оны улсын төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг гуравдугаар сарын 1-ний дотор зохион байгуулж дуусгахыг үүрэг болгож, бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь эхлүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцно гэж Ерөнхий сайд хатуу анхаарууллаа. Төсвийн худалдан авах ажиллагаа, тендерийг хугацаанд нь амжилттай зохион байгуулж чадаагүй яам , орон нутгийн удирдлагуудын ирэх жилийн төсвөөс хасах арга хэмжээ авна гэлээ.
Улсын хэмжээнд хэрэгжих 716 төсөл, арга хэмжээнээс тендер зарласан нь 345 буюу 48 хувийн гүйцэтгэлтэй байна. Одоогийн байдлаар тендер шалгаруулалт эхлүүлсэн хувиар Орхон, Дорнод, Говь-Алтай, Булган, Завхан аймаг 100 хувь тэргүүлж байгаа бол Баян-Өлгий 48 хувь, Дархан-Уул аймаг 43, Увс 45 хувь, Сэлэнгэ 36 хувь, Архангай 19 хувь, Дундговь 17 хувиар сүүл мушгиж байна.

Тавдугаар сард орон даяар эхлэх хүн амыг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах бэлтгэл ажлыг эртнээс хангаж зохион байгуулах ёстойг Ерөнхий сайд анхаарууллаа.
Засаг дарга нартай байгуулж буй гэрээг хагас жил, жилийн хугацаанд дүгнэж, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сайтар хангаж ажиллахыг Ерөнхий сайд тэмдэглэн хэллээ.
Засаг дарга нар 50+1 зарчмаар олонхоороо асуудлыг шийдвэрлэх, өөрчлөх санал дэвшүүлбэл Засгийн газрын хуралдаанаар оруулж болно. Орон нутгийн түвшинд уул уурхайн лиценз олголтыг цэгцлэх чиглэлээр  хуульд өөрчлөлт оруулж, ямар арга хэмжээ авах талаар аймаг, орон нутгийн удирдлага саналаа хэлж, идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
“Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт  эрчимжүүлэх нь” нэгдсэн зөвлөгөөн хоёр өдөр үргэлжилж  Засгийн газрын гишүүд салбарын бодлого шийдвэрээ аймаг,  орон нутгийн удирдлагуудад танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …