“Дэлхийн мисс-2021” тэмцээний эцсийн шатны шалгаруулалт маргааш АНУ-ын Пуэрто Рико арлын Сан Хуан хотын цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна.
Тэмцээнд нийт 130 гаруй орны мисс өрсөлдсөнөөс эцсийн шалгаруулалтад 40 орны гоо бүсгүйчүүд үлдээд байна.
Тус тэмцээнд Монгол Улсаас оролцож байгаа мисс А.Бөртэ-Үжин уран нугаралтын үзүүлбэрээрээ “Авьяас” үзүүлбэрийн ялагч болж “Дэлхийн мисс-2021” тэмцээний хагас шигшээд шалгараад байгаа билээ.
Финалын шатанд мисс, уран нугараач А.Бөртэ-Үжин 3 минут 30 секундийн хугацаанд Монголын уран нугаралтын гайхалтай үзүүлбэрийг үзүүлж, Монголын урлаг соёлыг дэлхийд сурталчлах юм.
Мисс А.Бөртэ-Үжин нь Соёл Урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийг Бүжгийн багш, найруулагч мэргэжлээр 2021 онд төгссөн. Англи, Япон хэлний мэдлэгтэй.
А.Бөртэ-Үжин нь 2017 онд Өмнөд Солонгос улсад зохиогдсон “Miss Supertalent of the World” тэмцээнд оролцон нэгдүгээр байр, 2018 онд Мьянмар улсад зохион байгуулагдсан “Miss Grand International ” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож байсан юм.
Харин уран нугаралтаар Герман, Япон, Арабын Нэгдсэн Эмират улс Дубай, Франц, Сингапур, Солонгос, Хятад, Хонгконг, Турк, Швед зэрэг орнуудаар аялан тоглолт хийж, эх орноо сурталчилж байжээ.
Монгол улсыг төлөөлөн Дэлхийн миссийн тэмцээнд өрсөлдөж буй А.Бөртэ-Үжиндээ өндөр амжилтыг хүсэн ерөөе.
“Дэлхийн Мисс”-ийн тэмцээний финалын шалгаруулалтыг MNC телевиз Улаанбаатарын цагаар 2022 оны 3 дугаар сарын 17-ны 8.00 цагт шууд дамжуулан хүргэнэ.