С.Одонтуяа:УИХ, Засгийн газар хэмнэлтээс гадна орлого яаж олох бодлогоо маш тодорхой болгох хэрэгтэй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2022.04.11/ энэ 7 хоногт УИХ-аар хэлэлцэх “Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар мэдээлэл сонслоо. Мэдээллийг бүлгийн ажлын албаны зөвлөх, эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж бэлтгэн танилцуулсан юм.

Инфляц өнгөрсөн хоёрдугаар сард улсын хэмжээнд жилийн 14.2 хувь, Улаанбаатар хотод 15.5 хувь болж зорилтот түвшнээс 2-3 дахин өслөө. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөд логистикийн түгжрэл, Украин ОХУ хооронд өрнөсөн дайн, дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлт зэрэг гадаад шалтгаан тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа. Гэвч аливаа макро эдийн засгийн муу үзүүлэлт нь дунд, урт хугацаанд хэрэгжүүлсэн бодлогын алдааны урхаг байдаг. Ер нь сүүлийн жилүүдэд эдийн засгийг тогтворжуулах төсөв, мөнгөний бодлогын арга хэмжээ “бай”-гаа оноогүйн бодит жишээ нь одоо эдийн засагт нүүрлээд байгаа хямралт нөхцөл байдал юм гэдгийг зөвлөх Р.Даваадорж мэдээлэлдээ онцоллоо.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан хэвлэлийнхэнд зориулсан мэдээллийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Б.Пүрэвдорж нар хийж, үнэ тогтворжуулах асуудал дээр дараах байр суурийг илэрхийллээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат: Засгийн газар үнэ тогтворжуулах хуулийн төслийг өргөн барихдаа

-Хэдэн төгрөгийг ямар эх үүсвэрээс гаргахаа,

-Хөтөлбөрийн гүйцэтгэлийг хэрхэн хэмжиж, хэн хянах,

-Хариуцлагыг хэн хүлээхэв зэргийг тодорхой болгох шаардлагатай. 1990 оны үед дэлгүүрүүд бараагүй болж лангуу хоосон болсон. Тэр үед Ардчилсан нам иргэн бүрт гадаад паспорт олгож, өмч хувьчлалыг эхлүүлж, малыг малчдад өгөх зэргээр хүн бүрт адил тэгш боломжийг олгосноор эдийн засгаа тэлж байсан. Ингэхгүй бол хар зах гараад ирдэг. Одоо валютын арилжаа нь дээр хар зах үүсчихлээ. Албан ханш, хар захын зөрүү 200 төгрөгт хүрч ам.доллар “картын бараа” болчихлоо.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: Эдийн засаг хүнд, инфляц гэрлийн хурдаар өсч байна. Ардчилсан намын бүлэг өнгөрсөн онд төсөв батлах үед өнөөдрийн энэ хөтөлбөрт тусгагдаад байгаа хэмнэх, шаардлагагүй зардлыг танах талаар удаа дараа дүгнэлт, зөвлөмж өгч ажилласан. Эдийн засаг ийм байдалд хүрсэн нь цэвэр бодлогын алдаа. Ковид, дайн гэдэг бол шалтаг болохоос жинхэнэ шалтгаан нь биш. Одоо УИХ, Засгийн газар хэмнэлт хийнэ гэж байна. Энэ зөв. Гэхдээ зөвхөн хэмнэлт хийх гэдэг косметик засвар хийгээд эдийн засаг сайжрахгүйгээр барахгүй улам балчигт унасаар байх болно. Хэмнэлтээс гадна орлого яаж олох бодлогоо маш тодорхой болгох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Манай улс орлогоо нэмэгдүүлье гэвэл ложистикийн гацаанаас яаралтай гарах ёстой. Хил боомтын хариуцлагаа нэмэгдүүлж, нүүрсний үнийн супер циклийг ашиглах хэрэгтэй. Одоогийн байдлаар төмөр замаар 14 цуваа хилээр гарч байгаагийн 8 нь Оросын транзит тээвэр. Үүний дөрвөөр нь өөрсдөө уул уурхайн бүтээгдэхүүнээ тээвэрлэх юм бол экспортын орлого нэмэгдэнэ. Түүнчлэн нүүрс тээвэрлэх автомашины тоог 2000-д хүргэхэд ам.долларын урсгал сайжирна. Мөн хөгжлийн банкны өрийн эргэн төлөлт дээр онцгой анхаармаар байна. Төрийн өмчит компаниудад хугацаатай үүрэг өгч, шахаж шаардах ёстой гэх зэргээр байр сууриа илэрхийлж, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …