“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын 20 гишүүнээс 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

Монгол Улсын Их Хурлын даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 20 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгээс Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах явцад тус банкны үйл ажиллагаанд хууль зөрчигдсөн, санхүүгийн чадавх доройтсон ноцтой нөхцөл байдлууд нь Монгол Улсын гадаад өрийн асуудлыг хүндрүүлэх, Монгол Улсын зээлжих зэрэглэл, олон улс дахь нэр хүнд зэрэгт муугаар нөлөөлж болзошгүй асуудлууд үүсэх магадлалтай гэж үзэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-1 заасны дагуу Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц байдлыг шалгах Хянан шалгах түр хороог байгуулах зорилгоор тогтоолын төслийг боловсруулсан байна.

“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороо 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна.

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу тогтоолын төслийн хэлэлцүүлгийг явуулсан хэмээн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцуулсан юм.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Упсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн байдалд Улсын Их Хурлаас хяналт шалгалт хийх түр хороо байгуулах нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй гэж үзэж, дээрх тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолыг баталлаа.


Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …