“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Яргуйн дүрээр олонд танигдсан Соёлын тэргүүний ажилтан, Үндэсний урлагийн Их Театрын гоцлол бүжигчин М.Бямбаа анхны бие даасан “Queen” нэртэй клипээ гаргалаа.
Тэрээр Queen буюу “Хатан хаан” нэртэй дууны клипэндээ өөрөө дуулж, бүжиглэсэн байна. Уг клипний өнгө төрх, өвөрмөц, содон дүр төрхтэй, зоригтой, шийдэмгий өөр М.Бямбааг харуулж чадсан нь онцлог болжээ.
“Queen” нэртэй дууны үгийг Quiza буюу Б.Батцэнгэл, аяыг Oki буюу Б.Одбаяр бичсэн байна.
Сонирхуулахад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг Б.Баатарын найруулгаар, физиклдрам төрлөөр тавигдаж байгаа билээ.
Уг жүжигт Үндэсний Урлагийн Их Театрын бүжигчид оролцож байгаа бөгөөд СТА, жүжигчин М.Бямбаагийн хувьд энэхүү жүжигт үнэгний дүр бүтээн амжилттай ажиллаж байна.