Улсын Их Хурлын дэд дарга тэргүүтэй төлөөлөгчид Брюссель хотноо ажиллаж байна

Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан тэргүүтэй төлөөлөгчид Европын Парламент, Бельгийн Хаант Улсад айлчилж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны дарга Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн УИХ дахь Монгол, Европын Парламенттай харилцах бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд дарга Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нар ажиллаж байна.

Төлөөлөгчид Европын Парламент, Европын Холбоо, Европын Комисс, Олон улсын эрчим хүчний Хартийн байгууллага, Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн, Бельги Улсын Брюж хотын удирдлагатай тус тус уулзав.

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан Европын Парламентын тэргүүн дэд дарга ноён Отмар Карастай, Европын Парламент дахь Монгол Улстай харилцах бүлгийн дарга Фулвио Мартучилло нартай тус тус уулзаж, парламент хоорондын хамтын ажиллагаа, худалдаа, тээвэр, “GSP+” хөнгөлөлтийг системийг үр ашигтай ашиглах, иргэдийн зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, манай жолоодох эрхийн үнэмлэхийг Европын Холбооны улсуудад хүлээн зөвшөөрөх боломжийг судлах, визийн нөхцлийг хөнгөвчлөх зэрэг асуудлаар санал солилцов. Түүнчлэн манай төлөөлөгчид Европын Парламентын Иргэдэд үйлчлэх төв, тус парламентын судалгааны хүрээлэн, номын сангийн үйл ажиллагаатай танилцав.

Мөн Европын Холбооны Гадаад харилцааны алба, Европын Комиссын Худалдааны ерөнхий газар болон Олон улсын түншлэлийн ерөнхий газрын Монголыг хариуцсан нэгжийн удирдлагууд УИХ-ын дэд даргад Т.Аюурсайханд бараалхаж, ардчилал, хүний эрх, хуулийн засаглал зэрэг нийтлэг үнэт зүйлсээр холбогдсон түнш орнууд болохыг нотолж, хоёр талын худалдаа, эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагаа, байгаль орчин, эрчим хүчний хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.

Олон улсын эрчим хүчний Хартийн бага хурлыг Монгол Улс 2022-2023 онд даргалаж буй бөгөөд УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Лентзтэй 6 дугаар сарын 14-ний өдөр уулзав. Уулзалтын үеэр манай улс тус байгууллагын бага хурлын даргаар ажиллах хугацаандаа олон улсын эрчим хүчний Хартийн гэрээний шинэчлэлийг эцэслэхийг зорьж буйг тэмдэглэж, энэ оны 11 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулах Сайд нарын бага хурал, түүний бэлтгэл ажлын талаар санал солилцов. Ноён Г.Лентз Олон улсын эрчим хүчний Хартийн бага хурлын даргаар Монгол Улс амжилттай ажиллаж буйг онцолж, Уур амьгсалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаарх Парисийн хэлэлцээрийг хэрэгжилтийг хангах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр рүү шилжих, түүнд тулгарч буй бэрхшээлийг давах туулах зэрэг хүчин чармайлт гарган ажиллаж буй тэмдэглэв.

Айлчлалын хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Ц.Мөнхцэцэг нар Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн /АСТОУХ/-тэй хамтран зохион байгуулсан “Ардчилсан сонгуулийн тогтолцоо” сэдэвт семинарт оролцож, сонгуулийн тогтолцоо, Монгол Улс дахь улс төрийн намын болон сонгуулийн тогтолцооны шинэчлэл сэдвээр тус тус илтгэл тавив. Мөн уг семинарт АСТОУХ-ээс Канберра дахь төвийн Ази, Номхон далайн бүсийн төслийн удирдагч Ади Аман “Дэлхийн улс орнуудын сонгуулийн тогтолцоо”, тус хүрээлэнгийн Стокхольм дахь төвийн төслийн ахлах удирдагч Сид Алиходчик “Сонгуулийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” сэдвээр илтгэл тавьж, ярилцлага өрнүүлэв.

Манай төлөөлөгчид Бельгийн Хаант Улсын Брюж хотноо ажилласан бөгөөд энэ үеэрээ Бельгийн Харилцаа холбооны Телевик корпорацид зочилж, тус корпорацийн Ерөнхий захирал Лейвен Даннеелстай уулзав. Мөн Брюж хотын захирагч Дирк де Ваутай уулзсан бөгөөд Бельгийн түүх, дурсгалын арвин өвтэй, эртний хоттой хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцжээ.




Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …