Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын даргын 2022 оны 190 дүгээр захирамж, Улсын Их Хурлын нэр бүхий 9 гишүүний хүсэлтийг үндэслэн боловсруулсан “Нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах товыг тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.
Улсын Их Хурлын гишүүдийн ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай хүсэлтийг Т.Доржханд гишүүн танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.12, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1.2, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.7, 6 дугаар зүйлийн 6.1.6, 25 дугаар зүйлийн 25.1.3, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2.2, Нийтийн сонсголын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3, 6 дугаар зүйлийн 6.2.2,8 дугаар зүйлийн 8.2.2-т тус тус заасныг үндэслэн Улсын Их Хурлын гишүүд ерөнхий хяналтын сонсголыг нээлттэй хэлбэрээр зохион байгуулах хүсэлт гаргажээ.
Ерөнхий хяналтын сонсголыг дөрвөн сэдвийн хүрээнд явуулахыг хүсэлтэд дурдсан байна. Үүнд, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн үйл ажиллагааны хүрээнд өнөөг хүртэл төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй оффтэйк болон төлбөрийг урьдчилан авсан, ашигласан гэрээнүүдийн талаар; 2020-2022 онд улсын хэмжээнд коксжих нүүрс олборлосон аж ахуйн нэгжүүд, олборлолтын хэмжээ, коксжих нүүрс тээвэрлэсэн аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн олсон орлого, Монгол Улсын боомт тус бүрээр экспортолсон коксжих нүүрсний дэлгэрэнгүй мэдээллийг сонсох шаардлагатай гэжээ. Түүнчлэн коксжих нүүрсний олон улсын зах зээл дээрх болон БНХАУ-ын үнэ болон Монгол Улсын экспортлох өртөг хоорондын хэт их зөрүүний учир шалтгааныг тодорхой сонсож, энэхүү зөрүү мөнгө нь хоёр улсын тодорхой этгээдүүдийн авлига, татвараас зайлсхийх нөхцөлийг бүрдүүлдэг эсэх; “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдэд ямар хэлбэрээр, хэр хэмжээний санхүүжилт гарган оролцсон, эдгээр төмөр замуудын 1 км тутмыг ямар хэмжээний өртгөөр барьж байгуулсан тухай зэрэг асуудлын хүрээнд 2022 оны арван хоёрдугаар сард багтаан ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах нь зүйтэй хэмээн Улсын Их Хурлын гишүүд хүсэлтдээ дурджээ.
Байнгын хорооны тогтоолын төслийг Ц.Цэрэнпунцаг гишүүн танилцуулсан. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1, 119 дүгээр зүйлийн 119.1, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2, Нийтийн сонсголын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг үндэслэн нүүрсний тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсгол явуулах өдрийг 2022 оны арван хоёрдугаар сарын 21-ний өдрийн 10 цаг, тус сонсголыг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг даргалан явуулахаар төсөлд тусгагджээ.
Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай Улсын Их Хурлын гишүүдийн хүсэлт болон Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Х.Ганхуяг, С.Чинзориг нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Дараа нь “Ерөнхий хяналтын сонсгол явуулах товыг тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолыг баталлаа.