Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад дөрөвдүгээр сарын 24-26-ний өдрүүдэд төрийн айлчлал хийх гэж байна.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч А.Дуда нар албан ёсны хэлэлцээ хийж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлууд болон олон улсын харилцааны зарим асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан томоохон зорилтууд, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, дэд бүтэц, боловсрол, соёл зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцоно.

Айлчлалын хүрээнд Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, архив, геологи, мал эмнэлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөжээ.

Дуда Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгчөөр 2015 сонгогдсон бөгөөд 2020 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар дахин сонгогдсон.

1990 оноос хойш  БНПУ-аас хамгийн сүүлд буюу 2013 онд Ерөнхийлөгч Бронислав Коморовски Монгол Улсад айлчилж байжээ.  

Монгол Улс, БНПУ найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай

Монгол Улс, БНПУ 1950 оны 04 дүгээр сарын 14-нд дипломат харилцаа тогтоосон.  Найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай.

Харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд өндөр, дээд түвшний, яам болон бусад айлчлалыг харилцан зохион байгуулж иржээ.

Ерөнхийлөгчийн түвшинд гэхэд л Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 1999 онд, БНПУ-ын Ерөнхийлөгч Л.Качиньски 2008 онд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 онд, БНПУ-ын Ерөнхийлөгч Б.Коморовски 2013 онд айлчилсан түүхтэй.  

Хоёр улс Парламентын бүлэг, Монгол, Польшийн Эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан комисс, Улс төрийн зөвлөлдөх уулзалт гэсэн харилцааны механизмуудтай юм.

2020 оны 09 дүгээр сарын 16-нд Польшийн Парламентад Польш, Монголын парламентын  бүлэг байгуулагдсан бол мөн оны 08 дугаар сарын  31-нд Улсын Их Хурал дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ажиллаж байна.

Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хурал 2014 онд Улаанбаатар хотноо, хоёрдугаар хурлыг 2022 оны 03 дугаар сарын 31-нд цахим хэлбэрээр зохион байгуулсан.

Комиссын Монголын хэсгийн даргаар Барилга, хот байгуулалтын сайд, Польшийн хэсгийн даргаар Хөгжил, технологийн дэд сайд ажилладаг юм.

Монгол Улс, БНПУ-ын худалдааны эргэлт 98,3 сая ам доллар байна

Монгол Улс, БНПУ-ын худалдааны эргэлт 2022 оны байдлаар 98,3 сая ам доллар байна.

 “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн хэлэлцээр”-т (50сая евро) 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гарын үсэг зурсан.

Зээлийн хугацаа 33 жил, зээлийн хүү 0,15 хувь. Нөхцөлт зээлийн Ерөнхий хэлэлцээрийн хугацааг 2021 онд дахин сунгаад байна.

Зээлийн хөрөнгөөр аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн  шинэчлэх, шинээр барих, гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх хээрийн хөдөлгөөнт II шатлалын эмнэлэг барих, Эрдэнэт хотын хатуу хог боловсруулах үйлдвэр байгуулах, хог хаягдлыг татан зайлуулах менежментийг сайжруулах, орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон автомашин ханган нийлүүлэх зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлээд байна.

БНПУ-ын иргэд Монгол Улсад 30 хүртэл хоног визгүй зорчдог

 “Монголд зочлох жил 2023-2025” хөтөлбөрийн хүрээнд БНПУ-ын иргэд аялал жуулчлалын зорилгоор Монгол Улсад 30 хоног визгүй зорчиж байна.

Монгол Улсын дипломат болон албан паспорт эзэмшигчид БНПУ-д 90 хүртэл хоног визгүй зорчдог бөгөөд бусад иргэд виз авах шаардлагатай.

БНПУ-д 1,000 орчим монгол иргэн, манай улсад Польшийн 27 иргэн 90 хоногоос дээш хугацаагаар оршин сууж байна.

Монголын 100 гаруй эмч БНПУ-д ардын уламжлалт анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа гарчээ.   

БНПУ-д 58 монгол оюутан “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд  суралцаж байна

      Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилээс БНПУ-ын Радом хотод 46, Варшав хотод 12, нийт 58 Монгол оюутан суралцаж байна

Хоёр улсын “Дээд боловсролын салбарт хамтран ажиллах хөтөлбөр”-ийн хүрээнд польшийн тал жил бүр 22 оюутан, аспирант хүлээн авдаг

Хоёр улс 2021 оны 06 дугаар сард Боловсролын хөтөлбөрийг шинэчлэн байгуулсан. Өнөөдрийн байдлаар БНПУ-ын их, дээд сургуульд 75 монгол оюутан, аспирант суралцаж байна.

БНПУ-ын Дотоодыг хамгаалах, засаг захиргааны яамны харьяа Галын ерөнхий сургуульд 2017-2018 оны хичээлийн жилээс ОБЕГ-ын шугамаар жил бүр хоёр оюутан сургаж эхэлсэн.

2021, 2022 онд Батлан хамгаалах яам, Онцгой байдлын ерөнхий газрын дөрвөн сонсогч оператив-тактик, оператив-стратегийн чиглэлээр суралцаж төгсжээ.

Варшавын их сургуульд 1950 онд байгуулагдсан Монгол судлалын тэнхим монгол хэл, монгол судлал болон түвд, манж, түрэг судлал, шашин судлал зэрэг чиглэлээр өнөөг хүртэл сургалт явуулж байна.

      МУИС-ийн Бизнесийн сургууль, Лодьзийн Их сургуулийн эдийн засгийн сургууль хамтран 2+2 хөтөлбөрийг 2018-2019 оны хичээлийн жилээс хэрэгжүүлж байна.

БНПУ-д жил бүр соёл, урлагаа сурталчилж байна

Монгол Улс БНПУ-д соёл, урлагийн олон арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж иржээ.  

Тухайлбал хамгийн сүүлд гэхэд:

  • Чойжин ламын сүм музейн тухай үзэсгэлэн /2020 он/
  • Хадны сүг зургийн үзэсгэлэн /2021 он/
  • Хөх Монгол хамтлагийн тоглолт /7-8 удаа/ зэргийг дурдаж болно.

Талууд 2020 онд Легници Поле Санамж бичиг байгуулж “Монголын дугуйлан” ажиллуулсан бол 2022 онд “Ойр дотно Монгол-Польш”, “Монголын өдрүүд”, 2023 онд “Монголын цагаан сар”-ыг зохион байгуулаад байна.

Варшав дахь Палеонтологийн музей баялаг үзмэртэй бөгөөд Монгол Улсаас олдсон үзмэрүүд чухал байр суурь эзэлдэг юм.

XIX, XX зууны заагт БНПУ-д олон тооны /Аюуш бурхан/ бурхан цутгуулж авчирсан нь Монголын музей болон Гандантэгчэнлин хийдэд  хадгалагдаж байна.

БНПУ-ын Ю.Ковалевски, В.Котвич, А,Ф.Оссендовски зэрэг нэрт эрдэмтэн, зохиолчид Монголын талаар олон ном зохиол туурвисан юм.  

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …