Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын Нарийн Бичгийн дарга А.Ариунзаяа, Стратеги академийн захирал Д.Бумдарь, МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхий Нарийн Бичгийн дарга М.Мандхай нар Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхий Нарийн Бичгийн дарга Х.Буянжаргалыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр МҮЭХ-ноос Монгол Ардын Намд “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг өглөө.
УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулж буй энэ цаг хугацаанд МҮЭ-ийн холбооноос “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг нэгтгэн боловсруулжээ.
МҮЭХ нь иргэний нийгмийн томоохон байгууллага. Энэ ч утгаар нийгэм, эдийн засаг, иргэдийн хөдөлмөр эрхлэлт, аж байдлын өнөөгийн нөхцөлийг харгалзан 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүдэд хандаж улс орны тогтвортой хөгжил, зохистой хөдөлмөрийн чиглэлээр “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг боловсруулсан байна. Баримт бичигт МҮЭХ-ны 36 гишүүн байгууллага, 3.000 гаруй анхан шатны хороодоос ирүүлсэн санал нэгтгэгдсэн байна. Энэхүү баримт бичиг нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, цалин орлогыг сайжруулах, хүний хөдөлмөрлөх эрхийг хангах, нийгмийн хамгааллыг сайжруулах зэрэг олон асуудлыг тусгажээ.