Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 36-р ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч А.Баярбат 2025 оны “Онцгой гавьяа байгуулсан алба хаагч”-аар тодорсон байна.
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч А.Баярбат тус шагналыг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуягаас гардан авсан байна.
Онцгой байдлын байгууллагад 14 дэх жилдээ үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа тэрээр энэ хугацаанд гамшиг, осол, гал түймэр, үер усны 190 гаруй удаагийн дуудлагаар ажиллажээ.
Ингэж ажиллахдаа 1000 гаруй иргэний амь нас, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
Зөвхөн 2025 онд 80 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 15 иргэний амь нас, 2.5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалсан байна. Үүнээс тодруулбал Сэлэнгэ аймгийн Хушаат, Зүүнбүрэн, Хүдэр суманд гарсан 92 удаагийн ой, хээрийн түймрийн голомтод 20 хоног ажиллажээ.
Монгол Улсын Шадар сайдын 118 дугаар тушаалаар баталсан “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу 2018 оноос эхлэн онцгой гавьяа байгуулсан алба хаагчдад энэхүү мөнгөн урамшууллыг олгож иржээ.
Эх сурвалж: монцамэ.мн
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл