Завхан аймагт энэ онд дотоод, гадаадын нийт 92168 жуулчин ирж аялсан байна.
Эдгээр жуулчид нь Отгонтэнгэр уул, Улаагчийн Хар нуур, Мухартын гол, Сэнжит хад, Баяннуур, Борхярын элс, Дааган дэлийн буган хөшөө, Хомын тал, Ямаан усны хүннүгийн үеийн язгууртны дурсгалт газар, Улаанхаалга, Отгонтэнгэрийн рашаан сувиллуудад зочилж, аялсан байна.
Дотоодын 89205, гадаадын 2963 жуулчин аймгийн нутгаар аялсан нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 1.26 хувиар өссөн байна.
Завхан аймаг нь 1220 гаруй түүх соёлын үл хөдлөх дурсгалтай. Булаг шанд 800 гаруй, 40 гаруй рашаан, 340 гаруй гол горхи, 230 гаруй нуур тойромтой. Ховор болон нэн ховор ан амьтан, жигүүртэн шувуудаар баялаг. Байгалийн унаган төрхийг хадгалах зорилгоор Улсын тусгай хамгаалалттай гурван газар ажиллаж байна.
Эдгээр тусгай хамгаалалттай газрууд нь Завхан аймгийн аяллын гол чиглэл, маршрутад багтдаг бөгөөд аялал жуулчлалын чиглэлээр нийт 81 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Аймгийн хэмжээнд олон улсын болон дотоодын стандартад нийцсэн 4 зочид буудал, 33 дэн буудал, 21 жуулчны бааз, 6 рашаан сувилал ажиллаж байна хэмээн Завхан аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын аялал жуулчлал, гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн А.Будсүрэн мэдээлэв.

Эх сурвалж: Монцамэ.мн
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл