70 дахь удаагийн “Eurovision” дууны тэмцээний албан ёсны нээлтийн ажиллагаа тавдугаар сарын 10-ны ням гаргийн орой Вена хотноо боллоо. “Eurovision-2026” тэмцээний оролцогчид 170 метр урт оюу өнгийн хивсэн дээгүүр алхаж ёслолын талбайд хүрэлцэн иржээ.
Уг хивсийг Вена хотын Бургтеатраас эхлэн Ратуша (хотын захиргааны ордон) хүртэл зассан бөгөөд тэнд Вена хотын дарга Михаэль Людвиг болон тэмцээний зохион байгуулагчид уран бүтээлчдийг угтан мэндчилжээ.
Энэ удаагийн “Eurovision”-ы бэлтгэл ажил тус уралдааны түүхэн дэх хамгийн хүнд сорилттой тулгарсан үед явагдлаа. Нидерланд, Ирланд, Исланд, Испани, Словени гэсэн таван улсын телевизийн компаниуд Израил улс оролцож байгааг эсэргүүцэн “Eurovision” тэмцээнийг “бойкотлож” буйгаа зарласан юм.
Гэсэн хэдий ч 15-аас 30 мянган хүний багтаамжтай хотын захиргааны ордны өмнөх талбайд Израилын төлөөлөгч Ноам Беттан хивсэн дээгүүр алхаж гарч ирэхэд ямар нэгэн эсэргүүцсэн хашхираан сонсогдоогүй юм. Цөөн тооны эсэргүүцлийн жагсаал тухайн өдөр болон өмнөх өдөр нь нээлтийн ёслол болсон газраас өөр талбайд болжээ.
Жагсагчид Газын зурвас дахь Израилын цэргийн ажиллагааны улмаас олон палестинчууд амиа алдсантай холбогдуулан тус улсыг “Eurovision”-ээс хасахыг шаарджээ. 2023 оны 10 дугаар сард ХАМАС бүлэглэл Израил руу довтолж, 1200 орчим хүний аминд хүрсний хариуд Израилын тал цэргийн ажиллагаа явуулсан юм.
Вена хотод Израилын төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангахын тулд онцгой арга хэмжээ авчээ. Австрийн эрх баригчдын мэдээлснээр, гарч болзошгүй кибер халдлагаас сэргийлэх зорилгоор тэд АНУ-ын Холбооны мөрдөх товчоотой хамтран ажиллаж байгаа аж.
Гэсэн хэдий ч нээлтийн ёслол тайван болж өнгөрчээ. Оролцогчид олны өмнө гарч ирэх бүрд хөгжөөн дэмжигчид “Eurovision”-ы хөгжмийн аянд ухаалаг утсаа зэрэг өргөн мэндчилж байсан байна.
Нээлтийн ёслол бол уралдааны явцад бүх оролцогч нэг дор цуглардаг цорын ганц үйл ажиллагаа юм. Оролцогчдын зарим нь тавдугаар сарын 12 болон 14-нд болох эхний хоёр хагас финалын дүнгээр “Eurovision”-ээс хасагдана. Харин тавдугаар сарын 16-ны бямба гарагт “Wiener Stadthalle” цэнгэлдэх хүрээлэнгийн тайзнаа болох финалын үзэгчид энэ удаагийн уралдаанд бүртгүүлсэн 35 оролцогчийн 25-ынх нь уран бүтээлийг үзэх юм.
Нээлтийн ажиллагаа нь “Eurovision”-ы хамгийн тансаг үйл явдалд тооцогддог бөгөөд уран бүтээлчид үүнд зориулан онцгой гоёл бэлддэг. Энэ удаагийн ёслолын гол тренд өнгө нь хар болон улаан өнгө байлаа.
Финалын шат болохоос долоо хоногийн өмнөх байдлаар Финландын хийлч Линда Лампениус болон дуучин Пете Паркконен нарын хослол түрүүлэх хамгийн өндөр магадлалтай байна. Тэдний гол өрсөлдөгчдөөр Грекийн оролцогч Akylos, Данийн Сёрен Торпегор Лунн, Францын төлөөлөгч Monroe болон Австралийн Дельта Гудрем нарыг нэрлэжээ.
Мөн эхний аравт орох өрсөлдөгчдийн тоонд Украиныг төлөөлөн оролцож буй LELÉKA хамтлаг багтаж байна. Тус хамтлагийн гишүүд болон гоцлол дуучин Виктория Корникова нар Берлин хотод амьдардаг аж. Харин Германы нэрийн өмнөөс Сара Энгельс оролцож байна.
Эх сурвалж: Montsame.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл


