Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2026.10.01) хуралдаан 11 цаг 37 минутад гишүүдийн 51.7 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ өдрийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар даргалж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу гишүүдийн ирцийг нэр дурдан танилцуулсан юм. Хуралдаанд оролцох ёстой Улсын Их Хурлын 29 гишүүнээс 15 нь хүрэлцэн ирснээр хуралдаан эхэллээ.

Эхлээд Засгийн газраас 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийг зөвшилцөх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Байнгын хорооны өмнөх хуралдаанаар (2026.09.23) холбогдох танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хийж, гишүүд асуулт асууж, мэдээлэл авсан байсан. Өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын 16 гишүүний 56.3 хувь нь дэмжлээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны талаарх холбогдох санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.


Засгийн газраас 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийг зөвшилцөх хэлэлцүүлгийг дараа нь үргэлжлүүлсэн. Мөн төслийг Байнгын хорооны өмнөх хуралдаанаар (2026.09.23) хэлэлцэж эхлээд, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир холбогдох танилцуулгыг хийн, гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн санал хураалт явуулахад Улсын Их Хурлын 16 гишүүний 62.5 хувь нь дэмжснээр нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхийг дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Энэ өдрийн хуралдааны төгсгөлд “Монгол Улсад Францын хөгжлийн агентлагийг үүсгэн байгуулах, үйл ажиллагааг нь зохицуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөв. Засгийн газраас энэ оны 6 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцууллаа.
Дэлхийн эдийн засаг, геополитикийн тодорхойгүй байдал жилээс жилд нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд олон улсын хамтын нийгэмлэгийн эв санааны нэгдэл, бүс нутгийн эдийн засгийн интеграц, түүнчлэн хоёр болон олон талт эдийн засгийн хамтын ажиллагааны ач холбогдол улам өсөн нэмэгдэж байгааг тэрбээр тодотгов. Монгол Улсын хувьд гадаад эдийн засгийн нөлөөллөөс үүдэх эрсдэлийг бууруулах, урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэх, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг сааруулах, ногоон эдийн засгийг хөгжүүлэх, хотжилт, дэд бүтцийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллагын санхүүгийн дэмжлэг, эдийн засгийн үр ашигтай хамтын ажиллагаа нэн чухал болохыг дурдав.

Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нарын төрийн дээд түвшний харилцан айлчлалуудын үр дүнд гуравдагч хөрш болох Францын хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр Францын хөгжлийн агентлагийн төлөөлөгчийн газрыг Монгол Улсад байгуулах талаар харилцан тохиролцсон байна.
Францын хөгжлийн агентлаг нь хөгжиж буй орнуудын тогтвортой хөгжил, нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжих уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Францын Засгийн газрын дэргэдэх хөгжлийн санхүүгийн байгууллага гэдгийг Тэргүүн шадар сайд онцлон танилцуулсан юм. Тус агентлагийн төлөөлөгчийн газар Монгол Улсад албан ёсоор байгуулагдсанаар Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас олгож буй хөгжлийн санхүүжилт нэмэгдэн, жил бүр 50 гаруй сая еврогийн санхүүжилтийг хөнгөлөлттэй зээл болон хувийн хэвшлийн эх үүсвэрээр татах, мөн Засгийн газрын тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд бодлогын болон техникийн туслалцаа авах, бусад хөгжлийн түнш байгууллагуудтай хамтарсан санхүүжилтийн механизмыг ашиглах боломж бүрдэх юм байна.


Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан, Б.Тулга, Б.Пүрэвдорж, Ч.Анар нар Засгийн газар хоорондын дээрх хэлэлцээрийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд энэ хүрээнд 2024 онд 156 сая ам.доллар, 2025 онд 134 сая ам.долларт хүрсэн нийт бараа эргэлтийг эрчимжүүлж, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарах шаардлагатайг хэлж байв. Мөн Засгийн газраас олон улсын байгууллагуудтай байгуулах гэрээ, хэлэлцээрт төсөл, хөтөлбөрийн санхүүжилт болон технологийн хүртээмжийг бүсчилсэн байдлаар хангах шаардлагыг анхаарах шаардлагыг хэлж байв. Тодруулбал, хөгжлийн агентлагийн үйл ажиллагааг орон нутгийн түвшинд өргөжүүлэх, улмаар Улаанбаатар хотоос гадна орон нутгийн иргэд, малчин, үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдэд шинэ технологи, мэдлэгийг хүргэх, хот, хөдөөгийн ялгааг бууруулахад олон улсын байгууллагын хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг чиглүүлэхэд холбогдох талууд анхаарах шаардлагатайг дурдсан.

Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Х.Тэмүүжин, П.Наранбаяр, Б.Пүрэвдорж, С.Эрдэнэболд, Ч.Анар нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Энэ байгууллага манай улсад ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах талаар ярилцаж, санал солилцох шаардлага бий гэдгийг, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарах шаардлагын талаар, хоёр улсын хамтран ажиллаж байгаа төсөл, арга хэмжээ үр ашигтай байгаа бөгөөд ил тод байдлыг нэмэгдүүлэх, Монгол Улсын талаас хариуцлагатай оролцож, үр ашиг, үр нөлөөг нь зөв тооцох шаардлагын талаар, батлан хамгаалах тэргүүтэй салбар, салбарын чиглэлээрх түүхт хамтын ажиллагааг идэвхжүүлэн, өргөжүүлэхэд анхаарах, Засгийн газрын түвшинд бусад улс орон болон олон улсын байгууллагатай хийх гэрээ, хэлэлцээрүүдийг олон улсын жишгээр, мэргэжлийн түвшинд гүйцэтгэж буй эсэхэд анхаарал хандуулах шаардлагатай болохыг хэлж байсан.


Ийнхүү гишүүд үг хэлсний дараа “Монгол Улсад Францын хөгжлийн агентлагийг үүсгэн байгуулах, үйл ажиллагааг нь зохицуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжсэн. Иймд Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны тэмдэглэл, санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэж, энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Эх сурвалж: parliament.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл