Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг эхлүүлж, Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулав.
Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы 2026 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороод болон Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүлсэн юм.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлд заасны дагуу Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд 2026 оны 9 дүгээр сарын 22, 23, 10 дугаар сарын 01, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд хийж санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт Төсвийн байнгын хороонд ирүүлснийг Н.Наранбаатар гишүүн танилцуулав. Улсын Их Хурлын даргын 2026 оны 330 дугаар захирамжаар төсвийн тодотголын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг 13 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна. Н.Наранбаатар гишүүний ахалсан тус ажлын хэсгээс гаргасан саналуудыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Тухайлбал, Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн төслийн зарлагын нийт дүнг нэмэгдүүлэхгүйгээр зардал хооронд зохицуулалт хийх хүрээнд тухайн байгууллагын хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагаанд доголдол үүсэх, зардал, санхүүжилт зайлшгүй дутагдах эрсдэл үүсэх магадлалтай зарим салбарын төсвийг нэмэгдүүлэх, тухайн санхүүжилтийн эх үүсвэрийг 2026 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлд үндэслэн хөрөнгө оруулалтын зардлаас бууруулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Улсын Их Хурлын гишүүдээс 2026 оны төсвийн жилд ашиглалтад оруулж дуусгах, гүйцэтгэл нь бүрэн гарах боломжтой хөрөнгө оруулалтын зарим төсөл, арга хэмжээний санхүүжилтийг нэмэгдүүлэх, мөн гүйцэтгэл удаашралтай, хуулиар батлагдсан санхүүжилтийг бүрэн зарцуулах боломжгүй нөхцөл үүссэн төсөл, арга хэмжээний санхүүжих дүнг бууруулах зохицуулалт хийх саналуудаар санал хураалт явуулан, шийдвэрлэжээ.
Төсвийн тодотголын төслийн талаар Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаарх санал хураалтыг 20.00 цагт явуулахаар товлоод дараагийн асуудлыг хэлэлцэж эхэлсэн.
Эх сурвалж: parliament.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл