Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.10.07/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.
Хуулийн төсөл нь 1 зүйлтэй бөгөөд энэхүү нэмэлт, өөрчлөлтийг Олон улсын гэрээний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлаар соёрхон батлуулах шаардлагатай гэдгийг Сангийн сайд тодотгож байлаа.

Төслийн хүрээнд нийт таван аймгийн цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд хугацааг нь сунгахаар тохирсон гэдгийг төсөл санаачлагчид онцолсон.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Сангийн яам цаашид цэвэрлэх байгууламжгүй аймгуудынхаа асуудлыг шийдвэрлэхэд анхаарах нь зүйтэй хэмээв.

Ташрамд дурдахад, хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан энэхүү “Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт” нь Олон улсын гэрээний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “Соёрхон баталсан олон улсын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэрийг Улсын Их Хурал, баталсан олон улсын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэрийг Засгийн газар гаргана.” гэж заасны дагуу Улсын Их Хурлаар соёрхон батлуулах олон улсын гэрээ юм байна хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Эх сурвалж: parliament.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл