Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.08) нэгдсэн хуралдаан 14.00 цагт Улсын Их Хурлын 89 гишүүн хүрэлцэн ирснээр 70.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт хуралдаанаар Дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудал болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр товолсныг гишүүдэд танилцуулсан.

Screenshot 2026-10-08 at 14.02.05.png

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32.1-т “Хууль санаачлагч хэлэлцүүлгийн аль ч шатанд санаачилсан хуулийн төслөө татан авч болно.”, 32.2-т “Хэд хэдэн гишүүн хамтарч төсөл санаачилсан бол олонхын саналаар төслөө татан авна.”, 32.3-т “Хуулийн төслөө татан авах тохиолдолд тухайн төсөл нь хэлэлцүүлгийн аль шатанд байгаагаас үл хамааран хууль санаачлагч хуулийн төслөө татан авах тухай албан бичгийг Улсын Их Хуралд ирүүлэх бөгөөд Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд энэ тухай танилцуулснаар хууль санаачлагч хуулийн төслөө татан авсанд тооцно” гэж тус тус заасан байдаг. Энэ дагуу хууль санаачлагчаас хуулийн төслийг татан авах тухай албан бичиг ирүүлснийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт уншиж, танилцуулав. Уг албан бичигт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.3-т заасныг үндэслэн хууль санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, П.Батчимэг, Л.Мөнхбаясгалан, С.Лүндэг нараас 2026 оны наймдугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг татан авч байгааг дурдсан байна. Иймд хуулийн төслүүдийг төсөл санаачлагчид нь татан авсанд тооцлоо.

2.jpg

Дараа нь Засгийн газраас 2026 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг явуулахаар болов. Гэвч төсөл санаачлагчийн илтгэлийг танилцуулах Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн орон нутагт албан томилолттой ажиллаж байгаа аж. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.9-т “Засгийн газраас санаачилсан хууль тогтоомжийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед уг асуудлыг хариуцсан Засгийн газрын гишүүн түр эзгүй бол түүнийг албан ёсоор орлож байгаа Засгийн газрын гишүүн асуудлыг хариуцан хэлэлцүүлнэ. Хэрэв тухайн асуудлыг хариуцан хэлэлцүүлэх Засгийн газрын гишүүн ирээгүй бол уг асуудлыг дараагийн хуралдаан хүртэл хойшлуулна.” гэж заасны дагуу хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг чуулганы маргаашийн нэгдсэн хуралдаан хүртэл хойшлуулсныг Улсын Их Хурлын дарга мэдэгдлээ.

3.jpg

Хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Хууль зүйн байнгын хороо 2026 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулжээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэнийг онцлон тэмдэглэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Х.Баасанжаргал, П.Сайнзориг, С.Зулпхар, С.Ганбаатар, Д.Ганмаа, С.Одонтуяа нар асуулт асууж, хариулт авсан. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, хуулийн 12.3-т 2020 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө гэж цагаатгагдсан хүний нөхөн олговор нэхэмжлэх эрхэд хугацааны хаалт тогтоосон бөгөөд төсөлд уг заалтыг хүчингүй болгохоор тусгасныг дэмжиж байна гээд, харин зардлын тайланд туссан 1 тэрбум 788 сая төгрөгийн хамрах хүрээ, нэрсийн давхардал, нөхөн олговрын төрөл тус бүрийн эрхийн шалгуур, баталгаажсан нотолгоо хангалттай биш байгаа тул санхүүгийн тооцоолол дахин хийх шаардлагатай гэв.

photo_2026-10-08_15-54-29.jpg

Төсөл санаачлагч гишүүн Б.Пүрэвдорж, Иргэдэд нэхэмжлэл гаргах эрхийг нээж өгснөөр 43 гомдлыг хүлээж авах боломжтой болно. Эдгээр хүмүүст нийтдээ 1 тэрбум 788 сая төгрөгийн зардал гарах юм. Энэ мөнгийг ирэх жилийн төсвийн төсөлд тусгахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, 2027 оны төсвийн төсөл хэлэлцэж буй энэ үед эхний ээлжид 1.0 тэрбум төгрөгийг суулгаж, үүнээсээ шүүхээр шийдэгдээд цагаатгагдсан иргэдийн ар гэрийн асуудлыг шийдвэрлэнэ хэмээн тайлбарлаж байлаа.

Харин Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал Монгол Улсын соёл, шашны салбарт улс төрийн хилс хэрэг ихээн хохирол учруулж, олон сүм хийд, эртний соёлын үнэт өв устаж үгүй болсон гээд, иймд асуудлыг өргөн цар хүрээтэй харж, хохирлын асуудлыг дахин судлах цаг болсныг тодотгов. Мөн тэрбээр шашин, сүм хийд, лам нарыг үзэн ядах, үзэл санааг нь мушгин гуйвуулсан урлагийн бүтээлүүдийг засаж, залруулах арга хэмжээг авах, хуулийнхаа хэрэгжилт, ажлынхаа цар хүрээг өргөжүүлэх нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн.

photo_2026-10-08_15-54-31.jpg

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Х.Баасанжаргал гишүүний саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, хуулийн төсөл батлагдсаны дараа ор сураггүй алга болсон 770 хүнийг цагаатгахтай холбоотой хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар өргөн мэдүүлэхээр ажиллаж байна гэв. Түүнчлэн тэрбээр, коммунизмын үзэл суртал агуулсан кинонуудыг бусад улс орнууд хориглосон байхад Монголд үүнийг баатарлаг үйл мэтээр үзүүлж, ялангуяа лам нарын эсрэг суртал, ухуулгатай киног өнөөдрийг хүртэл үзүүлж байгаа нь буруу хэмээлээ. Иймд тухайн уран бүтээл, кинонуудын коммунизмын үзэл сурталтай хэсгүүдийг нь хасах, засварлах арга хэмжээ авах шаардлагыг Соёлын яам болон тодорхой түвшинд асуудлыг тавьж, шийдвэрлэхээр ажиллаж байна гэж байлаа.

Харин Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг хэлмэгдэгсдийн талаарх баримт мэдээллийн нэгдсэн сан үүсгэн, сонирхсон хэн бүхэнд нээлттэй байх боломжийг бүрдүүлэх нь зүйтэй гээд, хуулийн хэрэгжилтийг дүгнэж, сайжруулах эсэхийг тодруулсан.

4.jpg

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын зардлыг 300 орчим сая төгрөгөөр нэмэгдүүлсэн. Энэ хүрээнд Тагнуулын ерөнхий газрын архивт буй хэлмэгдсэн хүмүүсийн талаарх баримт материалыг цахимжуулах, иргэд тэндээс хэрэгт хамаатай гомдол нэхэмжлэлээ гаргах, шууд татаж үзэх ажлыг хийхээр төлөвлөсан. Гэсэн хэдий ч ажил эхлээгүй байсан тул энэ мөнгө буцааж татагдсан. Сангийн яам баталсан дүнгээр нь буцаагаад 2027 оны төсвийн төсөлд тусгасан тул бид цахимжуулах ажлаа хийгнэ. Үргэлжлүүлэн цагдаагийн байгуулагуудад байгаа архивыг цахимжуулах ажлыг хийхээр төлөвлөсөн гэлээ.

6.jpg

Ингээд хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй гурван саналаар санал хураалт явуулсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн “төслийн 3 дугаар зүйлийн “3” гэснийг “12.3” гэж өөрчлөх, төслийн 2 дугаар зүйлийн “2” гэснийг “7.2” гэж, “холбогдох” гэснийг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” гэж тус тус өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 63 хувь нь тус тус дэмжив. Мөн Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатарын саналыг үндэслэн хуралдаан даргалагчаас нэг саналд гүйцээн боловсруулах чиглэлийг өглөө.

Ингээд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

8.jpg7.jpg

Хуралдааны төгсгөлд Дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлаар үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Улсын Их Хурлын 2026 оны10 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж Байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцсан. /дэлгэрэнгүйг эндээс/ Иймд хуралдаанаар “Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах, эсэх санал хураалтыг явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 71 хувь нь дэмжлээ.

Уг тогтоолын төсөлд Хууль сахиулах ажиллгааны тусгай хяналтын дэд хороог Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл, Б.Баярбаатар, Л.Соронзонболд, Х.Тэмүүжин, Д.Цогтбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгасан байв хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Эх сурвалж: parliament.mn

Санал болгох мэдээ

ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХДЭЭ АСАРЧ БАЙГАА ЭХ, ЭЦЭГ, АСРАН ХАМГААЛАГЧИД ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОХ, ЭСХҮЛ ЦАХИМААР АЖИЛЛУУЛНА

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны аравдугаар сарын 07-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Экспортын …