“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдвийн дор хоёр өдөр үргэлжилсэн Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт өнөөдөр (2026.10.13) өндөрлөлөө.

Дэлхийн дөрвөн тивийн 32 улс, 20 гаруй парламентын болон олон улсын байгууллагын 150 шахам албан ёсны төлөөлөгч оролцсон тус чуулга уулзалтаар эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг бэхжүүлэх асуудлаар санал солилцлоо. Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн төлөөллийг бодит нөлөөлөлд хүргэх, эмэгтэй улс төрчдийн манлайллыг өсгөн нэмэгдүүлэх талаар харилцан туршлага солилцсон бүгд хурлын зэрэгцээ жендэрийн асуудлаарх эрх зүйн шинэчлэл, олон улсын хамтын ажиллагаа, тулгамдаж буй асуудлууд болон шийдвэрлэх арга замыг хөндсөн салбар хуралдаанууд боллоо. Мөн эмэгтэйчүүдийн нөлөөллийг бүх салбарт нэмэгдүүлэхэд иргэний нийгэм, хувийн хэвшил хэрхэн хамтран ажиллах, тэдний манлайллыг дэмжих дэмжлэгийн тогтолцоог хэрхэн бий болгох тухай салбар хуралдаанууд өнөөдөр үргэлжилсэн юм.

Чуулга уулзалт үр дүнтэй болж, дэлхийн парламентууд дахь эмэгтэй гишүүдийн нөлөөллийг нэмэгдүүлэх олон улсын хамтын ажиллагааны боломжийг өргөжүүлсэн чухал яриа хэлэлцээ өрнөснийг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг чуулга уулзалтыг хааж хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв. Тэрбээр, Эмэгтэй парламентчдын чуулга уулзалт энгийн нэгэн уулзалтаас хавьгүй өргөн хүрээтэй болж, хамтдаа суралцах, харилцан урам зориг авах, цаашдын үйл ажиллагаандаа шинэ эрч хүч, шийдэмгий байдлаар хандах хамтын талбар болж өргөжлөө. Бидэнд тулгарч буй зорилтууд олон талаар ижил төстэй бөгөөд биднийг урагш тэмүүлэхэд хөтөлж буй хүсэл эрмэлзэл ч мөн адил юм. Эмэгтэйчүүд парламентын үйл ажиллагааны бүх үе шатанд бүрэн дүүрэн оролцох, тухайлбал, тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, хууль тогтоомж боловсруулах, нөөц хөрөнгөө хуваарилах, хэрэгжилтэд хяналт тавих үйл явцад бодитой оролцож чадсан цагт л жинхэнэ нөлөө бий болно гэлээ. Чуулга уулзалтад оролцогчид энэ талаар санал нэгдэж, шийдвэр гаргах бүх түвшинд бодитой нөлөө үзүүлэх боломжийг бүрдүүлэх шаардлагатай гэсэн байр сууриа илэрхийлснийг тэрбээр онцлов.

Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас гаргарж буй төгсгөлийн баримт бичгийг танилцууллаа. Баримт бичигт эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд зөвхөн төлөөлөл хэрэгжүүлээд зогсохгүй хууль тогтоомж, бодлогын шийдвэрт тусгалаа олж байх ёстойг онцолж, энэ талаарх тогтвортой өөрчлөлт нь ганц байгууллага, эсвэл ганц улсын хүчин чармайлтаар бус, олон улсын хамтын ажиллагаа, харилцан дэмжлэгийн үр дүнд бий болно гэдэг дээр чуулга уулзалтад оролцогчид санал нэгдсэнийг дурджээ.

Чуулга уулзалтын хүрээнд оролцогчид хэд хэдэн гол асуудлыг тодорхойлсон байна. Үүнд,
- Төлөөлөл зайлшгүй шаардлагатай боловч дангаараа хангалтгүй.
- Манлайлах албан тушаалд хүрэх боломж нь бодит нөлөө үзүүлэхэд ач холбогдолтой.
- Аюулгүй, шударга, дэмжлэг үзүүлэхүйц орчин нь үр дүнтэй оролцооны урьдчилсан нөхцөл мөн.
- Олон улсын хамтын ажиллагаа нь үндэсний түвшний манлайллыг бэхжүүлсэн тохиолдолд үр дүнтэй.
- Тогтвортой, ахиц дэвшилд өргөн хүрээний түншлэл, тууштай, тасралтгүй, хүчин чармайлт шаардлагатай.

Мөн чуулга оролцогчдын өрнүүлсэн хэлэлцүүлэг, илэрхийлсэн байр суурьт тулгуурлан цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны зөвлөмж, чиглэлийг дөрвөн үндсэн хүрээнд тодорхойлжээ.
- Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх;
- Энэхүү төлөөллийг бодит нөлөөлөл болгон хувиргах;
- Эмэгтэйчүүдийн манлайлалд дэмжлэг үзүүлэхүйц, аюулгүй орчныг бүрдүүлэх;
- Эмэгтэй улс төрчдийн манлайлал, чадавхыг хөгжүүлэх олон улсын хамтын ажиллагааг ахиулах.

Мөн баримт бичигт эмэгтэй парламентчдын цаашдын хамтын ажиллагаа, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон гарсан ахиц дэвшлийн талаар дараа дараагийн уулзалтуудаар дүгнэж байхыг санал болгосон байна. Чуулга уулзалтаас гаргаж буй энэхүү баримт бичгийг Олон Улсын Парламентын холбоо болон НҮБ-ын холбогдох байгууллагуудад хүргэж, дэлхийн олон нийтийн анхааралд толилуулна гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулгадаа дурдлаа.

Дараа нь Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга А.Ундраа чуулга уулзалтын оролцогчид, төлөөлөгчид болон зохион байгуулагчдад талархал илэрхийлж үг хэлэв.
Тэрбээр, улс төрийн тогтолцоо, соёл уламжлал маань өөр өөр ч гэлээ чуулга уулзалтад оролцогчид хүйсийн тэгш байдлыг хангасан парламент илүү шударга, илүү хариуцлагатай шийдвэр гаргадаг болохыг хүлээн зөвшөөрч, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо бол хэн нэгний өгөх хишиг биш, ардчиллын салшгүй нөхцөл гэдэгт санал нэгдэж буйг олзуурхан дурдсан юм. Хүний эрхийг дээдэлсэн, иргэндээ ойр, нээлттэй, хариуцлагатай “сайн парламент”-ыг төлөвшүүлэх нь дэлхийн нийт парламентын үндсэн зорилго бөгөөд эмэгтэйчүүдийн дуу хоолойгүйгээр сайн парламент бүрдэх боломжгүй гэдгийг тэрбээр тэмдэглэлээ гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.






Эх сурвалж: parliament.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл