Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх уулзалт” арга хэмжээ боллоо.
Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Хот байгуулалт барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийн зохицуулагч А.Баяр, Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат болон Сангийн яам, Монгол Банк, ТОСК, НОСК-ийн удирдах албан тушаалтнууд оролцлоо.
Арга хэмжээний эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2030 он хүртэл хэрэгжүүлэх 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийн тухай товч мэдээлэл өгөхийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн газраас 2026-2028 он хүртэл авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийнхээ талаар сэтгүүлчидэд танилцууллаа.
Тэрбээр хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газраас бодлого үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй явуулах хүрээнд салбар бүрийн сайд нарыг оролцуулсан ийм танилцуулга уулзалтыг тодорхой хугацааны давтамжтайгаар хийхийг бид төлөвлөж байна. Иргэдэд мэдээлэл хүргэхээс өмнө сэтгүүлчиддээ танилцуулж, та бүхнээр дамжуулан олон нийтэд мэдээлэл хүргэх нь илүү үр дүнтэй гэж харж байна. Монгол Улсын эдийн засаг 7.2 хувиар өссөн хэдий ч иргэдийн өрхийн амьжиргаанд тэр бүр бодитой мэдэгдэхүйц хэмжээнд хүрч чадахгүй байна гэдгийг иргэд хэлдэг, бид ч ойлгож байгаа. Төр бодит зардлаа 1.4 их наяд төгрөгөөр танасан. Энэ мөнгөө бид багш, эмч нарын цалинг нэмсэн. Төрийн үйлчилгээний салбарын цалин нэмэгдэлгүй олон жил явж ирснийг бид сая 50 хувиар нэмж чадлаа. Нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт оруулах замаар ахмадуудын суурь тэтгэвэрийг нэмж, бага тэтгэвэртэй нь илүү, өндөр тэтгэвэртэй нь бага авдаг байдлаар шийдвэрлэлээ.Төрийн албан хаагчдын цалинг 2027 оны 4 сарын 01-ээс 20 хувь нэмэгдүүлэх тооцоо судалгааг хийлээ. “Хуримтлалтай Монгол” хөтөлбөрийн хүрээнд 6.9 их наяд төгрөгийг ирээдүйн өв сандаа хуримтлууллаа. Ерөнхий сайдын хувьд алс хэтийн 10-20 жилээр биш бодит нөөц бололцоо, сонгуулийн циклээ бодсон ч 3-4 жилээр ажлаа төлөвлөж, энэ хугацаанд төрийн ажлыг нэр төртэй хийгээд хэл амгүй өгч чаддаг байх зарчмыг эрхэмлэн ажиллаж байна” гэв.
Хот байгуулалт барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан сайд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн танилцуулгынхаа эхэнд “Намайг ажил авахад Барилгын яам, нийслэл хот, ТОСК гээд орон сууцны бодлого үйл ажиллагаа нь тархай бутархай, тус бүрдээ бие биенээсээ үл хамааралтай бодлого шийдвэр гаргадаг байсныг Ерөнхий сайдтай зөвлөлдөж, Орон сууцны бодлогыг салбарын яаман дээр төвлөрүүлэн ажиллаж байна” гэдгийг онцлов.
Монгол Улсын хэмжээнд 1.5 сая өрх гэр байдгаас 350 орчим мянга нь орон сууцанд амьдардаг, 250 мянган өрх мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг бол үлдсэн 410 орчим мянган өрх хот, хөдөө орон сууцгүй амьдардаг, үүнээс 263 мянган өрх нь Улаанбаатар хотод, 147 мянган өрх нь хөдөө орон нутагт амьдардаг байна.
“100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөр”-ийн танилцуулгын хүрээнд Хот байгуулалт барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан дараах мэдээллийг сэтгүүлчидэд өгөв.
Монгол Улсын Засгийн газар, Хот байгуулалт барилга, орон сууцжуулалтын яам, Нийслэл Улаанбаатар хотын зүгээс 2030 он гэхэд 50 мянган янданг бууруулж, 100 мянган орон сууцыг ашиглалтанд оруулж , 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна. Ингэхдээ 60.000 орон сууцыг хувийн хэвшлийнхэнийг дэмжих замаар буюу ипотекийн зээлийг дэмжих байдлаар иргэдийн худалдан авалтыг нэмэгдүүлэх хэлбэрээр зохион байгуулах бол 40.000 айлын орон сууцыг газар, дэд бүтцийг нь шийдвэрлэх замаар төр хувийн хэвшлийн түншлэл хийж орон сууцны үнийг бууруулах замаар хэрэгжүүлэхээр төлөвлөж, ингэснээр орон сууцны м2-ын үнэлгээг хөөрөгдүүлэлгүй барих бодлоготой байгаагаа ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан дурьдлаа.
Одоогийн давхардсан тоогоор 55.000 өрх орон сууцны зээлд хамрагдах хүсэлтээ холбогдох газруудад ирүүлсэн байдаг аж. Эдгээр хүсэлтийн давхардлыг арилгах, эхний ээлжинд яндан бууруулж, гэр хорооллоос газраа чөлөөлж орон сууцанд анх удаа орж буй иргэд илүү боломж олгох байдлаар эрэмблэх ажил хийгдэж байгааг дурьдав.
Түүнчлэн энэ жил “Солонго-I хороолол” болон Хятад улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан “1008 айлын орон сууц” дээр сонгон шалгаруулалт явагдах боловч “1008 айлын орон сууц”-ны хувьд 100 хувь зөвхөн газраа байраар солих иргэдтэй гэрээ байгуулж оруулна.
Харин “Солонго-I хороолол”-ын тухайд 2042 өрх орон сууцанд орохоос:
- 10 хувь буюу 204 өрхөд зөвхөн түрээс /сардаа ойролцоогоор 700 мянгөн төгрөг орчим/
- 30 хувь буюу 610 өрхөд түрээслээд өмчлөх /урьчилгаа 0 хувь+түрээс+ипотек 20 жил =1.6 сая төгрөг орчим/
- 10 хувь буюу 204 өрхөд хамтын өмчлөл /түрээслээд өмчлөх, гэхдээ иргэн урьдчилгаа төлөх+ ипотек/
- 50 хувь буюу 1020 айл зөвхөн газраар солих /гэр хорооллын айл өрхийн газрыг байраар солих хэлбэр/- ээр шийдвэрлэхээр болсон байна.
Орон сууцанд орохыг хүссэн иргэдийн хүсэлтийг дараах 9 бүлэгт хамруулан эрэмблэх аж. Үүнд:
- Төрийн үйлчилгээний ажилтан -20%
- Ахмад настан -18%
- Залуу гэр бүл -15%
- Төрийн бусад албан хаагчид – 15%
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд- 10%
- Хувиараа хөдөлмөр эрхлэгчид, хувийн хэвшлийнхэн -10%
- Өрх толгойосон эцэг, эх – 5%
- Олон хүүхэдтэй гэр бүл – 5%
- Гамшиг ослоос болж орон гэргүй болсон өрх айл- 2%
Монгол Улсын иргэн хэн ч гэсэн орон сууцанд орох хүсэлт гаргах эрхтэй хэдий ч таны хүсэлтийг тусгай программын дагуу эрэмбэлж, гэр хорооллын газраа чөлөөлж, “яндангаа буулгаж” анх удаа орон сууцанд орж байгаа, өөр дээрээ болон гэр бүлийн аль нэг гишүүн дээр орон сууцны үл хөдлөхийн бүртгэлгүй байх гэдэг дээр нэмэгдэн дээрх хувьчилсан шалгуур нөхцөлийг хангасан иргэдэд эхний ээлжинд орон сууцанд хамруулах бодлогыг барьж байгаа бөгөөд сонгон шалгаруулалтыг элдэв маргаан будлиангүй, үнэнч шударга, нээлттэй байдлаар явуулахыг зорьж байгаа гэдгийг ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан онцоллоо.
Энэ дагуу сонгон шалгаруулалтын бэлтгэл ажлыг 11 сард бүрэн хангаж дуусгаад, 12 сард арилжааны банкуудтай хамтарч сонгон шалгаруулалтыг явуулж, он гараад эхний айлууд орон сууцандаа орно гэдгийг Э.Бат-Амгалан сайд хэллээ.
Танилцуулгын төгсгөлд сэтгүүлчдийн зүгээс асуусан олон асуултад ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан, Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат болон Сангийн яам, Монгол Банк, ТОСК, НОСК-ийн удирдах албан тушаалтнууд хариулт өглөө.
Сэтгүүлчид “Солонго-I хороолол”, “1008 айлын орон сууц”-ны сонгон шалгаруулалт яагаад удаа дараа хойшилсон тухай, байрны үнэ зах зээлийн үнээс өндөр үнэлгээтэй байгаа тухай, сонгон шалгаруулалтыг нээлттэй шударга явуулах боломж зэрэг асуултуудад ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан болон албаны хүмүүс хариулт өглөө.
ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан “сонгон шалгаруулалт хойшилсон шалтгаан нь бид бэлтгэл ажлаа бүрэн хангаж байж явуулахыг зорьсонтой холбоотой, иргэдийн хүсэлтийг эрэмблэх программ хангамж, улсын бүртгэлээс татах мэдээлэл гээд олон шалтгааныг энд дурьдаж болно. Гэхдээ 12 сардаа багтаан явуулна, үнийн тухайд “Солонго-I хороолол” нь Солонгосын Экзим банкны урт хугацааны зээлийг барилга барьсан өртөгтэй уялдуулан бодод үзэхэд 1м2-ын үнэ 4.4 гаруй болж байгаа ч бид байж болох бусад зардлуудыг нь засаж, 1м2-ын үнийг 3.9 орчимд байхаар тооцсон гэж хариуллаа.
“100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөр”-ийн сэтгүүлчидэд хүргэсэн танилцуулга сонирхолтой, асуулт ихтэй амжилттай болж өндөрлөлөө.
Ц.Мөнх
Ugluu.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл

