Өнөөдөр “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр буюу “Их засаг” Их сургуулийн баруун талд байрлах “Бриллиант апартмент-1” орон сууцны төсөл хамрагдаж, мөнгөө төлсөн ч орон сууцандаа орж чадалгүй 5-8 жил болж мөнгө төгрөг, эд хөрөнгө, сэтгэл санааны хохиролд орсон хохирогчдын төлөөлөл олон нийтэд хандаж мэдээлэл өглөө.
Хохирогчдын ярьж байгаагаар “Бриллиант партнер” ХХК нь иргэдээс анх захиалга авахдаа “ХЗДХЯ-ны харъяа Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн эзэмшлийн газар дээр хэрэгжүүлж байгаа төсөл бөгөөд орон сууцны захилгын 40%-д нь буюу 60-70 байр нь ХЗДХЯ, түүний харьяа байгууллагууд болох Хууль зүйн Үндэсний хүрээлэн, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүх шинжилгээний газар, Хил хамгаалахын Ерөнхий газар зэрэг төрийн тусгай байгууллагуудад олон жил үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажилласан алба хаагчдыг орон сууцаар хангах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх зорилгын хүрээнд хөнгөлөлттэй үнээр хэрэгжүүлж байгаа төсөл бөгөөд бид зардлаа нөхөх зорилгоор 60%-д хувьд нь энгийн иргэдийг хамруулж байгаа” гэж итгүүлсэн, түүнд нь итгэж захиалга өгсөн ч өнөөдөр хүртэл орон сууц нь ашиглалтанд ороогүй байгаад онцоллоо.
Хамгийн чухал нь “Бриллиант апартмент-1” орон сууцны төслийн багийнхан Монгол Улсын “Шударга ёсны яам” болох ХЗДХЯ-ны харъяа байгууллага ХЗҮХ-ийн нэрийг барьж, тус байгууллагын нэр дээрх газар дээр хэрэгжүүлж байгаа, төрийн тусгай албан хаагчдыг орон сууцаар хангах төсөл хэмээн реклам сурталчилгаа явуулж, иргэдийн итгэлийг олж, иргэд ч төрийн яам болох ХЗДХЯ, түүний харъяа байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа юм чинь баталгаатай байх гэж итгэсэн ч, тэдний итгэл талаар болж залилуулсандаа гомдолтой байгаагаа хэллээ.
“Бриллиант апартмент-1” орон сууцны төсөлд захиалга өгсөн хохирогчид арга барахдаа нэгдэж “Талст өргөө бидний гэр” ГҮТББ-ийг байгуулан, тус ТББ-ын зүгээс 80 орчим хувьтай баригдаад, үйл ажиллагаа нь царцчихаад байгаа 16 давхар, 2 блок төслийн үйл ажиллагааг “Бриллиант партнер” ХХК-ийн хөрөнгийг битүүмжлэх, захирал гэх С.Булган-Эрдэнийг шалгаж, нуусан хуримтлуулсан, зувчуулсан хөрөнгийг нь хууль хяналтын байгулулагаас олж илрүүлэх замаар дуусгаагүй байгаа орон сууцны төслийн ажлыг үргэлжлүүлэн дуусгаж, захиалга өгсөн төрийн албан хаагчид болон иргэдийг хохиролгүй болгож өгөхийг ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн болон ХЗҮХ-ийн удирдлагуудад албан бичгээр хандаж, биечлэн уулзаж, тодорхой саналаа хүргэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Мөн тэд хэлэхдээ хэрэв ХЗДХЯ яам болон түүний харьяа төрийн байгууллагын нэрийг бариагүй бол байр захиалагч иргэд “Бриллиант партнер” ХХК-д бүрэн итгэж, захиалгад хамрагдан, төлбөрөө бүрэн барагдуулахгүй байсан. Гэтэл ашиглалтанд орох хугацаанаасаа 4 жил хэтэрчихээд байхад ХЗХДЯ, ХЗҮХ зэрэг байгууллагуудын зүгээс ямар нэг тайлбар мэдээлэл өгөхгүй өнөөг хүрсний зэрэгцээ энэ талаар гомдол саналаа илэрхийлсэн, орон сууц захиалаад хохирсон харъяа байгууллагын төрийн алба хаагчидаа “дарамтлах, сүрдүүлэх” байдлаар “хэл ам” хийхгүй байхыг үүрэгдсэн нь цаагуураа “Бриллиант партгер” ХХК нь ХЗДХЯ, ХЗҮХ зэрэг байгууллагуудын зарим албан тушаалтнуудтай ашиг сонирхол нэгтэй байсан юм биш биз гэж хардахад хүргэж байна гэлээ.
Хохирогч Н.Чинбат “Би 7 хүүхдийн аав, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан хүн, олон жил гадаад дотоодод хөдөлмөрлөж, үр хүүхдүүдтэйгээ дулаан тохилог орон сууцанд орно гэж итгэж хурааж хуримтуулсан мөнгөө “7 хэмжиж 1 огтол” гэдэг шиг бусдад залилуулахвий гэж айж эмээж байсан ч, Хууль зүйн яамтай хамтарч хэрэгжүүлж байгаа, ХЗҮХ-ийн газар дээр нь барьж байгаа гэхэд нь ихээхэн олзуурхаж, хугацаандаа найдвартай орох төсөл байна гэдэгт гүн итгэж сонгосон ч залилуулчихаад сууж байна. Бид мөнгө өтөлчихсөн, орон сууцандаа оръё гэж л хүсч байна. Манай ТББ-ын зүгээс ХЗҮХ нь “Бриллиант партгер” ХХК-тай ямар тохироо хийж, нэр дээрх газраа орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр тус компанид шилжүүлсэн, тэдний хооронд ямар гэрээ байгуулсан гэрээг бидэнд үзүүлэхийг шаардаж байна. Бидний тэмцэл ингээд зогсохгүй. Байрандаа ортлоо тэмцэнэ. Шаардлагатай гэвэл өлсгөлөн суулт хийхэд ч бэлэн байна. “Бриллиант -1” төслийн хохирогчид байгаа бол бидэнд хандаарай, дуу хоолойгоо нэгтгэж тэмцлээ үргэлжлүүлцгээе” гэж ярив.
Хохирогч амгалан Б.Амгалан “Бидний энд ярьж буй “Бриллиант -1” төсөл болон “Бриллиант-2” төслийн ялгааг хэлэх нь зөв байх. Дээр дурьдсанчлан “Бриллиант -1” төсөл бол ХЗҮХ-ийн газар дээр төрийн албан хаагчид болон жирийн иргэд өөрсдийн хөрөнгө мөнгөө өгч байр захиалсан, одоо 2 блок 16 давхар баригдчихаад царцсан байдалтай байгаа. Харин “Бриллиант-2” төслийн хувьд 146 айл Нийслэлийн дахин төлөвлөлтөд хамрагдах байдлаар газраа чөлөөлж, орон сууцанд орох гэрээ байгуулсан ч одоо сууриа ч тавиагүй, барилгын ажлаа эхлүүлээгүй яваа төсөл. Гэхдээ нийслэлийн дахин төлөвлөлттэй гэрээ байгуулсан гэдгээрээ тэдний асуудлыг Нийслэлээс шийдвэрлэж байгаа гэж ойлгосон. Нийслэлийн хариуцлагатай албан тушаалтнууд ч энэ хоёр төслийн ялгааг ойлгоогүй, “Бриллиант” төслийн хохирогчдын хохирлыг шийдвэрлэж байгаа гэсэн мэдээллийг нийтэд өгч байна лээ. “Бриллиант -1” төслийн хохирогчид болох бид хэдийгээр нийслэлтэй гэрээ байгуулж, газраа чөлөөлж өгөөгүй ч, “Бриллиант -1” төсөлд хамрагдахын тулд гэр хорооллын газраа чөлөөлж, худалдаж, тэр мөнгөөрөө байр захиалсан иргэд цөөнгүй бий. Тэгэхлээр нийслэлээс иргэдээ ингэж ялгаварлаж болохгүй гэж бодож байна. Мөн энэ асуудалд Ерөнхий сайд Н.Учрал, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр, Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нарыг анхаарлаа хандуулж өгөөчээ” гэв.
Хохирогч Г.Гантулга “Миний хувьд 2018 онд “Хөхий хан” ХХК гэж байхад нь энэ “Бриллиант -1” төсөлд орон сууц захиалсан, одоо 8 жил болж байна. Энэ хугацаанд айлын хашаа, нийтийн байр, хажуу өрөө түрээслэх зэргээр 8 жил явж байна. Өнгөрсөн жил манай хүүхэд ясны хорт хавдар туссан. Үүний шалтгаан нь олон жил нийтийн байр, түрээсийн байранд амьдарсантай холбож ойлгож болно. Хэрвээ би байрандаа орчихсон байсан бол хүүхэд минь ингэж өвдөх байсан болов уу гэж боддог. Хүүхдээ эмчлүүлэхийн тулд хандивын аян зарлаж, бох, баль зарах зэргээр хүнээс гуйлга гуйхгүйг хичээж, хүүхдээ үргэлжлүүлэн эмчлүүлж амьдарч байна. Бидний энэ байдлыг ойлгож хүрэлцэн ирж мэдээлэл авч байгаа сэтгүүлчид та бүхэндээ баярлалаа” гэв.
Ц.Мөнх
Ugluu.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл



