Дөнгөж 21 настай цэл залуухан бүсгүй Ц найз залуу болох н.Алтанхүү гэгчид 48 цагийн турш зодуулж, дотор эрхтэн нь няцарч, эмнэлэгт хүргэгдсэн ч гэмтлээ даалгүй харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарч олон нийтийг цочроогоод байгаа билээ.
Тэгвэл талийгаач бүсгүйн амиа алдсан учир шалтгааныг тогтоох шүүх эмнэлгийн дүгнэлт гарч түүнийг “гадна нөлөөгүй, цөс нь цоорсноос амиа алдсан” гэж дүгнэсэн тухай өнөөдөр талийгаачийн ар гэрийнхэн мэдэгдлээ. Тэд шүүх эмнэлгийн эл дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд талийгаачийн дүгнэлтийг үйлдсэн шүүх эмнэлгийн шинжээч эмч Н.Энхбаяр, Н.Ганбаяр, Н.Чулуунцэцэг нарыг АТГ-т шалгуулах гэж байгаа гэнэ. Учир нь эдгээр эмч нарыг сэжигтэн Алтанхүүгийн ар гэрийнхэнээс авилга авсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж.
Нээрэн ч сэжигтэн Алтанхүүгийн ар гэрийнхэн түүнийг гэм буруугүй болгох гэж “Алтанхүүг сэтгэцийн өөрчлөлттэй гэсэн дүгнэлт гаргуулсан” гэх яриа гараад байгаа юм. Мөн энэ хэрэгт Алтанхүүг өмгөөлөхөөр гурван өмгөөлөгч хөлслөн ажиллуулж байгаа бөгөөд мөнгийг хайрлахгүй цацаж байгаа талаар ч мэдээллүүд гараад байна.
Энэ хэрэгт стратегийн өмгөөлөл үзүүлж байгаа Хүний эрхийн хуульч, И.Ичинноров өөрийн цахим хуудсандаа “Энэ бол хохирогч бүсгүй Б. Цэдэн-Ишийн зураг. Тэр 21 нас ч хүрээгүй байсан. Ийм сайхан залуухан хөөрхөн бүсгүйг, хүний сайхан охин үрийг хүчирхийлэн алж, амь насыг нь авч одсонд үнэхээр гүнээ эмгэнэн гашуудаж байна. Нэгэнт амийг нь босгоод аваад ирж чадахгүйгээс хойш ядаж шударга үнэнийг хууль шүүхийн байгууллага тогтоож өгөөсэй билээ” хэмээн бичжээ.