Р.Гончигдорж: Пропорционал систем давуу байх нь парламентын төлөвшилд илүү үр дүнтэй

логоДараагийн нэг дэх буюу нэгдүгээр сарын 13-нд Ардчилсан шинэ Үндсэн хууль баталсны 22 жилийн ойн өдөр тохионо. Монголчууд тайван замаар ардчилсан хувьсгалыг ялалтад хүргэснээс хойно 1992 онд шинэ Үндсэн хуулиа батлан гаргахад тэр үеийн Улсын Бага хурлын дарга, өнөөдрийн УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийн оруулсан хувь нэмрийг цохон тэмдэглэх учиртай. Энэ ч үүднээс ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ойг тэмдэглэх ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржтой уулзаж ярилцсан юм.

-Танд айлчлан ирсэн 2014 оны мэнд хүргэе. УИХ-ын 2013 оны ажлыг дэд даргын хувиар товчхон дүгнэж, байр сууриа илэрхийлнэ үү?

-За баярлалаа. “Өглөөний сонин”-ы нийт уншигчдад шинэ оны мэнд дэвшүүлж, эрүүл энх, аз жаргалын дээ­дийг өргөн мэндчилье. Улиран одсон 2013 он эрх зүйн шинэчлэлийн хүрээнд, түүний дотор шүүх эрх мэдлийн шинэчлэлийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газраас санаачилсан хуулиудын багцыг хэ­лэлцэж батлах чиглэлд том ахиц гарсан жил болж өнгөрлөө.

Ингэснээр иргэдийнхээ эрх чөлөөг хамгаалах, тэдний хөндөгдсөн эрх чөлөөг сэргээхийн төлөө шударга, шуур­хай ажиллаж чадах шүүх эрх мэдлийн инс­титуцийг хөгжүүлэх талд чухал шинэчлэлт хийгдлээ гэж дүгнэж байна. Зөвхөн шүүх төдийгүй хэрэг бүртгэх, мөрдөн байцаах чиг­лэлийн бүх байгууллагууд, түүнчлэн ард түм­ний энх амгалан байдлыг сахин хамгаалах үүрэгтэй цагдаагийн байгууллага, ер нь хууль сахиулах байгуул­лагуудад томоохон өөрчлөлт шинэч­лэлтийн ажил цоо ши­нээр хэрэгжиж эхэлсэн маш чухал гарааны он байлаа. Энэ бүх шинэчлэл, өөрчлөлтийн эхлэлийг хууль тогтоох дээд байгууллагын дэд даргын хувьд онцлон тэмдэглэж байна.

-Удахгүй ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ой болно. Та энэ ойг тэмдэглэх ажлын хэсгийн ахлагчийн хувьд 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулийн ач холбогдлыг товчхон дүгнэхгүй юу?

-За баярлалаа. Нэгдүгээрт ардчилсан шинэ Үндсэн хууль гэдэг нэрэндээ агуулга, ач холбогдол нь багтаад хамгийн энгий­нээр тодорхойлогдож болно. Гэхдээ яг ингэж хайрцаглавал дэндүү товчхон ха­риулт болох талтай. 1989 оноос эхэлсэн ард­чилсан хувьсгал, түүний өрнөл, түүний гол үзэл санааг Үндсэн хуулийн түвшинд ба­тал­гаажуулснаараа Монгол Улс ардчилсан нийгэм рүү улстөр, эдийн засгийн хувьд нэгэн зэрэг шилжих шилжилтийг хууль эрх­зүйн хувьд зохицуулснаараа хамгийн гол ач холбогдол нь оршиж байгаа юм. Шинэ Үндсэн хууль маань хэд хэдэн шаттайгаар батлагдан гарсныг манай иргэд сайн мэдэж байх нь зүйтэй юм.

Өөрөөр хэлбэл Үндсэн хууль бүтсэн түүх гэж хэлье л дээ. 1989 онд ардчилсан хөдөл­гөөнүүд үүсэх үед БНМАУ-ын Үндсэн хуулиар ганцхан улстөрийн намыг хүлээн зөвшөөрдөг байсан. Хуучнаар МАХН нь удирдан чиглүүлэх чиг үүрэгтэй, бүх л олон нийтийн байгууллагууд тэр удирдан чиг­лүүлэх бодлогынх нь хүрээнд захирагдаж ажиллах ёстой, нэг намын дарангуйлал тогт­сон улстөрийн систем байлаа шүү дээ. Ардчилсан хувьсгалын үндсэн зорилго бол олон намын тогтолцоог бий болгох, нэг намын ноёрхлыг халж хүний эрх, эрх чөлөөг ханган баталгаажуулах л байсан.

Эдгээрийг хэрэгжүүлэхийн тулд олон намын оролцоо бүхий ардчилсан сонгуулиар сонгогчид өөрсдийнхөө эрх мэдлийг хэрэгжүүлдэг болъё гэсэн гол шаардлагыг тусгаж өгсөн нь хам­гийн томоохон амжилт мөн. Хуучин Үндсэн хуульд гурван сард оруулсан өөрч­лөлтөөр нэг намын удирдан чиглүүлэх үүргээс татгалзаж олон намыг зөвшөөрсөн бол олон намууд байгуулагдсаны дараа завсарын төрийн бүтцийг бий болгосон. Өөрөөр хэлбэл шинэ Үндсэн хууль бат­лагдтал Улсын Бага хурал гэсэн хууль тогтоох байгууллагыг байгуулж Монгол Улс Ерөн­хийлөгч, дэд Ерөнхийлөгчтэй байх нэ­мэлт өөрчлөлтийг Үндсэн хуульд оруул­сан. Ингэж чадсанаараа ч ардчилсан хувьсгал тайван замаар төгс ялалтад хүрэх нөхцөл бүрдсэн юм. Үүний дараа Улсын Бага хурал шинэ Үндсэн хуулийг Ардын их хурлаар батлуулж өөрийн үндсэн үүргээ гүйцэтгээд эрх мэдлээ Үндсэн хуулийн дагуу шилжүүлэн өгсөн түүхтэй.

-Та тэр үед Улсын Бага хурлын дарга байсны хувьд тухайн цаг үеийн түүхэн үйл явдлыг хамгийн сайн мэдэх хүний нэг л дээ?

-За тийм ээ. Үндсэн хуулийн хавсралтын тухай гэдэг их чухал хуулиар тэр бүх үйл явцыг зохицуулсан юм. Хуучин Үндсэн хуу­лиас шинэ Үндсэн хууль руу яаж шилжих вэ зэрэг маш чухал процедуруудыг чухам тэр хуулиар зохицуулж өгсөн. Энэ бүхнийг зохицуулсаны дараа 1992 оны нэгдүгээр сарын 13-нд ардчилсан шинэ Үндсэн хуу­лиа баталж байлаа. Шинэ Үндсэн хууль бат­лагдсаны дагуу 1992 онд анх удаа олон нам оролцсон ардчилсан сонгууль явагдаж анхны УИХ-ыг байгуулж байв. Энэ бүхний үндсэн дээр Монгол Улс нийгмийн байгууламжаа маш амжилттай өөрчилж чадсан түүхтэй.

Шинэ Үндсэн хуулийн хамгийн гол ач холбогдол нь Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг олон улсын түвшинд, хүний эрхийн фактын түвшинд баталгаажуулж чадсан. Хоёрдугаарт эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван эрх мэдэлд салган хуваарилж, харилцан тэнцвэржүүлсэн юм.

Нөгөөтэйгүүр нутгийн өөрөө удирдах институцийг ард түмний засаглалын нэг үндсэн бүтэц бүрэлдэхүүн болгон гар­гаж ирсэн нь шинэ Үндсэн хуулийн бас нэг том ач холбогдол мөн. Өнөөдөр төлөөл­лийн ардчиллаас шууд ардчилал буюу иргэд өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө мэдэн зохи­цуулах чиглэлд Монгол Улсын Ерөнхий­лөгчийн санаачилга ардчилсан Үндсэн хуулийг улам төгөлдөржүүлж, баяжуулах чиглэлд дорвитой шинэчлэл болох нь дамжиггүй. Хууль тог­тоох, гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд дараа дараагийн шинэч­лэлүүд хүлээгдэж байгаа.

Одоо бид Үндсэн хуулиа гоочлох, шүүмжлэх бус хэрэгжилтэнд нь анхаарал хан­дуулах цаг болсон. Бусад органик хуу­лиу­даар үүнийг улам илүү дэлгэрэнгүй болгож хэрэг­жүү­лэлтийг нь тууштай болговол манай Үндсэн хууль үнэхээр тогтвортой байж чадна.

-Ардчилсан шинэ Үндсэн хууль бат­лагд­саны 22 жилийн ойн хүрээнд ямар ажил зохион байгуулахаар төлөвлөж байгаа вэ?

-Хамгийн гол нь ардчилсан шинэ Үндсэн хууль Монголын ард түмэнд юу авч ирсэн бэ гэдгийг нийт иргэдэд ойлгуулах, таниулах талд түлхүү анхаарал хандуулна. Шинэ Үндсэн хууль хэрхэн төрөн гарсныг мэдрүүлэх зорилготой соён гэгээрүүлэх ажиллагааны хүрээнд ялангуяа сурагч, оюутнуудад сур­талч­лах ажлыг эн тэргүүнд тавьж байна. Сургуулиуд амарчихсан байгаа тул нэг цагийн сургалтын хичээлийг хэд хэдэн телевизээр явуулахаар бэлтгэж байгаа.

Түүнчлэн радио, телевизээр Үндсэн хууль батлагчдын яриа цувралаар явна. Үндсэн хууль маань “Мэдэгтүн, сахигтун” гэж төгс­дөг. Ийм ч учраас бид мэдэж байж сахин хэрэгжүүлнэ шүү дээ. Үндсэн хууль надад ийм боломж нээж, ийм эрх чөлөөг тунхагласан юм гэдгийг манай иргэд зайлшгүй мэдэж, мэдсэний үндсэн дээр сахиж хэрэгжүүлэх учиртай юм. Хоёр дахь жилдээ уламжлал болсон шатрын тэмцээн, 12-ны бүтэн сайнд үндэсний бөхийн барилдаан болно. Үндсэн хууль батлалцсан Ардын их хурлын де­па­татууд цугларч Үндсэн хуулийн талаар санаа бодлоо солилцоно.

-Та саяхан 60 насны босго алхсан. Ер нь парламентын гишүүдийн нас, удаа дараа сонгогдсон байдал нь мэргэшсэн пар­ла­ментач болоход ямархуу үүрэгтэй гэж та бодож явдаг вэ?

-За яах вэ, нас гэдэг зүгээр л тоо шүү дээ. Гол нь мэргэшсэн парламент байх гэдэг дээр хэд хэдэн хүчин зүйл байдаг л даа. Нэгдүгээрт сонгуулийн систем илүү пропорционал тал руугаа давамгайлаад ирэхээр улстөрийн на­мууд илүү турш­лага­тай, олон удаа пар­ла­мен­тад сон­гогд­сон гишүүдээ дэвшүүлэн гар­гаж ирэх бо­­­­ломж­той бол­дог. Энэ нь парламентын тө­лөв­­­­­шил, гишүүдийн мэргэших талд илүү үр дүн­тэй байх нь ойл­гомжтой.

Нөгөө талд шинээр сон­гогдсон гишүүдийг үгүйсгэж, басамжлахын оронд төрийн хар хайр­цагны залгамжлах шинж чанарыг орхигдуулалгүй авч явах ёстой юм. Тэгж байж Монголын парламент залуу халаагаа бэлт­гэж урт удаан оршин тогт­нох эрхзүйн чадамжтай болно. Хүн­нү, Чингис хааны үеэс эх­тэй Монголын төрд уламжлал, ши­нэчлэл хоёр зэрэгцэн оршсоор ирсэн нь төрт ёсны агуу их соёл, түүхийг өгүүлж байгаа хэрэг.

Д.Түвшин

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …