Иргэн бүр Орон нутгийн сангийн санхүүжилтэд хяналт тавих боломжтой

 логоШинэ оны босгон дээр Сангийн яамнаас төслийн санхүүжилт, гүйцэтгэлийг удирдах, хянах, тайлагнахад ашиглах төсвийн мэдээллийн систем бий болгосон. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас санхүүжүүлэн хэрэгжүүлж буй бүх ажлыг иргэд энэ системийн ачаар хянах боломжтой болсон. Энэ талаар тус яамны Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн дарга М.Батгэрэлтэй ярилцлаа.

-Иргэд шилэн данс юу болсон бэ гэдгийг маш ихээр сонирхож байна. Үүгээр Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлж буй ажлуудыг хянах боломж бүрдлээ гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Орон нутгийн хөгж­лийн сангийн төлөвлөлт ху­ваа­рилалт нь иргэдийн оролцоотой хийгдэж байгаа. Харин татвар төлөгчид санхүүжилт, хэрэгжилтэд хэрхэн хяналт тавих вэ гэдэг асуу­дал бүрхэг байсан. Хуулиараа төс­вийг ерөнхийлөн захирагч иргэд олон нийтийг мэдээллээр хангах үүрэгтэй. Гэхдээ иргэд яаж хяналт тавих вэ гэдэг нь тодорхойгүй байсан. Энэ асуудлыг мэдээллийн нэгдсэн системийг бий болгосноор үндсэндээ шийдэж чадлаа.

Гол зорилго нь Орон нутгийн хөгжлийн сангийн хуваарилалтыг нийтэд ил тод болгох, хөрөнгийн зарцуулалт, хэрэгжүүлж буй хө­рөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, арга хэмжээний мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох явдал.

Сангийн яам бүх аймаг, нийс­лэл, сум, дүүргийн Орон нут­­­гийн хөгжлийн нэгдсэн сан­гийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй хө­рөнгө оруулалт, хөтөлбөр, тө­сөл арга хэмжээний мэдээлэл, гүй­цэтгэлийг тухай бүр авч байх ач холбогдолтой.

-Мэдээлэл яаж бүрдэх нь сонирхол татаж байна. Жи­шээл­бэл орон нутаг буруу мэдээлэл оруулах, эсвэл огт мэ­дээлэл оруу­лаагүй тохиолдолд ямар ха­риуцлага хүлээлгэх вэ?

-Сангийн яамнаас 21 аймаг, 330 гаруй сум, нийслэл, дүүргүүдийн төрийн сангийн мэргэжилтнүүдэд сургалт явуулсан. Хэрвээ мэ­дээллээ явуулахгүй, үнэн зөв мэ­дээ­лэл өгөхгүй бол иргэд аймаг, дүүр­гийнхээ хяналт шалгалтын бай­гууллагад хандаж болно. Тэ­гээд хариуцлага алдсан албан ту­шаалтан хуулийн хариуцлага хү­лээнэ гэсэн үг. Орон нутгийн нэгдсэн сангийн мэдээллийн систем нь төрийн бай­гууллагын мэдээлэл, иргэдийн гэсэн үндсэн хоёр хэсэгтэй. Өөрөөр хэлбэл тухайн орон нутгийн төс­вийг ерөнхийлөн захирагч нь төсөл хөтөлбөрөө эхлүүлэхийн тулд заа­вал мэдээллээ оруулсан байх шаард­лагатай. Тэр нь манай яамны Төрийн сангийн төлбөр тооцооны программтай холбогдсон учраас мэдээлэл оруулаагүй тохиолдолд мөнгийг нь шилжүүлэхгүй гэсэн зарчим үйлчилнэ.

Хоёрдугаарт аль аймаг, сум, дүүрэг оруулсан байна, худлаа байна уу, үгүй юу гэдгийг манайхаас хянах боломжтой. Жишээ нь Төрийн сангаас нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд нэг тэрбум төгрөг шилжүүллээ. Тэд Сүхбаатар дүүрэгт 700 сая төгрөгөөр нэг сургууль барилаа гэж бодоход үлдэгдэл нь Төрийн сангийн төлбөр тооцооны программ дээр байна гэсэн үг.

Ингээд орон нутгийнхны гаргасан тайлантай үлдэгдэл нь хэрхэн таарч байна вэ гэдгийг бид хянах боломжтой.

-Иргэд ямар хаягаар орж мэдээллээ авах боломжтой вэ?

www.tusuv-oronnutag.mn гэ­сэн хаягаар ороод хаана юуг хэдэн төгрөгөөр ямар аж ахуйн нэгж хийсэн тухай мэдээллийг авах боломжтой. Интернэтэд орох боломжгүй иргэдэд зориулж ту­хайн мэдээллийн санд байгаа цаг үеийн мэдээллээ ЗДТГ-ын мэ­­дээллийн самбарт байрлуулах ёстой. Одоогоор энэ онд хийх аж­лынхаа төлөвлөгөөг оруулсан аймаг байхгүй байна. Өнөөдрөөс оруу­лах байх. Харин дээрх хаягаар зочлоод сум, орон нутагт өнгөрсөн жил юу хийсэн байна вэ гэдгийг хянах боломжтой.

-Үүнийг дагаад орон нут­гийн төрийн сангийн мэр­гэ­жилт­нүү­дийн ажлын ачаа­лал тодорхой хэмжээгээр нэ­мэг­­­дэнэ. Үүнтэй зэ­­рэгцээд сум, дүү­рэгт ажиллаж бай­гаа мэргэ­жилтнүүдийн ца­лин, нийгмийн асуудалд анхаа­рал тавих шаард­лага гарч ирэх байх?

-Ер нь Төрийн захиргааны албан хаагчийн ажлын ачаалал их байдаг. Одоо Төсвийн мэдээллийн систем нэвтэрч байгаатай хол­богдуулан улам нэмэгдэж байгаа. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр баригдаж буй нэг объект дээр л гэхэд 10 гаруй өөр төрлийн мэдээлэл оруулах шаардлагатай болно. Гэвч төрийн сангийн ажилтнууд ТЗ-3 /Төр захиргаа/-ны гэдэг үнэлгээгээр цалинждаг.

Өөрөөр хэлбэл төрийн за­хир­гааны албан хаагчийн хам­гийн бага цалинг авч байна гэсэн үг. Хэлтсийн дарга нар ТЗ-10-аар, яам, агентлагийн зарим мэргэжилтнүүд ТЗ-8, 9-өөр цалинждаг. Гэтэл сум дүүргийн мэргэжилтнүүд ТЗ-3 гэхээр хэтэрхий доогуур байгаа нь харагдаж байгаа юм. Тиймээс үүрэг хариуц­лага, ажлын ачаалал нэмэгдэж бай­гаа­­тай холбогдуулан сум орон нут­гийн төрийн сангийн мэр­гэжилтнүүдийн цалинг нэмэх асуудлыг Засгийн газарт өргөн барьсан. Зарим аймгууд бат­лагд­сан төсөвтөө багтаагаад дээрх мэр­гэ­жилтнүүдийнхээ ца­линг нэмс­нийг хэлэх нь зүйтэй байх. -Яг аль аймгууд юм бол? -Өвөрхангай, Өмнөговь зэрэг аймгууд ТЗ-6, 7-гоор цалинжуулж байгаа юм билээ. Одоо бүх аймаг, нийслэлд энэ чиглэлээр нэмэх боломж олгох байх.

-Орон нутгийн хөгжлийн сан­гийн санхүүжилтийг хянах бүрэн боломжтой болчихлоо. Ха­рин төсвийн хөрөнгө оруу­лалтыг ийм байдлаар иргэдийн хяналтад шилжүүлэх боломж байна уу?

-Бий. Гэхдээ энэ асуудлыг шийдвэрлэхэд цаг хугацаа шаард­лагатай. Тухайлбал цахим гарын үсгийн тухай хууль батлагдсан байх шаардлагатай. Мөн аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн тай­лан балансын үнэн бодитойг хэр­хэн шалгаж нягтлах вэ гэдэг асууд­луудыг шийдчихвэл дээрх байдлаар ил тод болгож болно. Бид энэ чиглэлд ажиллаж бай­гаа. Шинэчлэлийн Засгийн газ­рын бүрэн эрхийн хугацаанд хэ­рэгжүүлэх төлөвлөгөөтэй байна.

Ирэх сард төслөө өргөн барина. Энэ их ажлын ард гарсны дараа төсвийн хөрөнгө оруулалт гацдаг, авлига, хээл хахуулийн асуудал ч цэгцрэх боломж бүрдэнэ.

Д.Баяржаргал

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …